Чингис бондын зарцуулалтын талаар парламент нэлээд маргаан өрнүүлж байгаа ч, бодит мэдээлэл ард иргэдэд хүрээгүй, хэдий хугацаанд ямар ажлууд хийж, ямар үр дүн гарах талаар нэгдсэн ойлголтгүй байгаа. Тэгвэл маргаашийн УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар Чингис бондын зарцуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийхээр болсон байна. Харин сөрөг хүчин МАН-ынхан Чингис бондтой холбоотой асуудлаар багагүй судалгаа хийж, Засгийн газрынхны амыг таглах гэж байгаа бололтой.
Уг нь өнгөрсөн лхагва гаригт Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр мэдээлэл хийх ёстой байсан ч баасан гаригийн УИХ-ын чуулганаар дэлгэрэнгүй мэдээлэл хийх шалтгаанаа хойшлуулсан. Энэ үеэр холбогдох албаныхан нь дэлгэрэнгүй мэдээлэл бэлдчихсэн, байнгын хорооны гишүүдэд танилцуулах пресантаци хүртэл хийгээд, хэвлэлийнхэнд өгөх материалаа хүртэл хэвлээд аваад ирсэн байсан юм. Харин үл мэдэгдэх шалтгаанаар Н.Батбаяр сайд мэдээллээ хойшлуулаад, бэлдсэн материалаа хав дарсан. Магадгүй лхагва гаригт хийх мэдээлэл нь дутуу дулимаг эсвэл зөрүүтэй байсан байж болох. МАН-ынхны аманд багтчихгүйн тулд хоёр өдрөөр хойшлуулж дахин сайн бэлдсэн нь ч зөв болсон байх. Учир нь МАН-ынхан Чингис бондтой холбоотой бүхий л зүйлийг судалж, данс тооцоо, хүүгийн өр гээд бүх зүйлийг нь бэлдчихээд шүүмжлэхэд бэлэн зэхээд сууж байгаа. Энэ нь ч зөв. Хэрэв Чингис бондтой холбоотой болохгүй, бүтэхгүй зүйл байгаа бол сөрөг хүчнээс өөр хэн санаа тавих билээ.
Чингис бондтой холбоотой маргаантай асуудлууд байгаагийн хамгийн том нь эдийн засгийн үр ашиггүй төсөлд зарцуулах гэж байна гэх шүүмжлэл. 1.5 тэрбум ам.долларын бондоос ихээхэн хөрөнгө зарцуулж авто зам барьж байгаа нь эдийн засгийн үр өгөөжөө ойрын хугацаанд өгч чадахгүй, Чингис бондын эргэн төлөлтийн хувьд хүндрэл үүсгэнэ гэж сөрөг хүчнийхэн үзсэн байна. Харин Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг “1.5 тэрбум доллараас 400 орчим сая долларыг авто зам барихад ашиглана. Ихэнхийг нь аймгийн төвүүдийг нийслэлтэй холбох ажилд зарцуулна байх. Энэ нь дам дамаа эдийн засгийн үр өгөөж өндөр. Шатахууны зарцуулалт багасна, тээврийн өртөг зардал хямдарна, цаг хугацааны хэмнэлт гээд гээд улсын нийт эдийн засагт үр өгөөжөө олон салбарт өгнө” гэж байсан.
Үүнээс гадна гадаа жавар тачигнасан арванхоёрдугаар сард яах гэж бондоо гаргав гэсэн асуудлыг МАН-ынхан хурцаар тавьсаар ирсэн. Өдөрт 270 сая төгрөгийн хүү зүгээр л үр дүнгүй төлж байна гэж маргаашийн чуулган дээр ч хэлнэ байх. Энэ асуудал дээр Засгийн газар үнэндээ хэлэх үггүй шахам байгаа нь нууц биш. Өдөрт 270 сая төгрөгийн хүү төлж байгаа нь үнэн ч түүнээс илүү их ашиг олж байгаа гэх болчимгүй үг Сангийн сайд Ч.Улааны амнаас унасан. Тэрбээр “270 сая төгрөг хүүнд зүгээр өгч байна гэх шүүмжлэл байна. Өдөрт 270 сая төгрөг хүүнд нь өгч байгаа нь үнэн. Энэ бол их мөнгө. Гэхдээ Чингис бондын 1.5 тэрбум долларын мөнгийг Монголбанкнаас арилжааны банкуудад байршуулж 270 сая төгрөгөөс хавьгүй илүү мөнгө олж байгаа.
Учир нь Чингис бондын хүү 4.125 хувь бол Монгол банкаас арилжааны банкуудад өгч байгаа хүү нь үүнээс өндөр. Хоёр дахин өндөр гээд бодоход л бид өдөрт 270 сая төгрөг алдах биш олж байгаа” гэх зүйл ярьсан. Түүний хэлж байгаагар Чингис бондын мөнгө арилжааны банкуудад зээл болоод гарч, эдийн засгийн эргэлтэнд орчихсон байгаа юм бол одоо энэ зун эхлэх бүтээн байгуулалтын ажилд зарцуулах мөнгө нь бэлэн байгаа юм болов уу.
Энэ мэт олон асуудлаар МАН-ынхан ам асууж, Засгийн газрыг барьц алдуулах, Н.Алтанхуяг өөрийн хийж буй ажлаа тайлагнаж, байр сууриа хамгаалах халуун яриа маргааш өрнөх нь.
Б.Баатар