Бондын бодлогын зөвлөл УИХ-ын бүрэн эрхэд халдаж байна

УИХ-ын нэгдсэн хуралдаанд /2013.05.17/ Монгол Улсын Ерөнхий сайдын 1.5 тэрбум ам.долларын Засгийн газрын үнэт цаасны зарцуулалтын талаар мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцууллаа.   УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрын Олон улсын санхүүгийн зах зээл дээр гаргасан “Чингис” бонд /өрийн бичиг/-ын үйл ажиллагаатай холбоотойгоор одоо үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, бондын хөрөнгийг хэрхэн байршуулсан, ингэхдээ Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн эсэх асуудлыг холбогдох баримт материалд үндэслэн судлан үзэхэд:
а/ “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газар 1.5 тэрбум америк долларын Засгийн газрын үнэт цаасыг 2012 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр арилжиж, үнэт цаас борлуулсны орлого нь 2012 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Монголбанк дахь Засгийн газрын дансанд орсон байна.
б/ Засгийн газар “Чингис” бондыг дараах нөхцөлтэй гаргажээ:
•    500.0 сая ам.долларын нэрлэсэн үнэ бүхий, 5 жилийн хугацаатай бондыг жилийн 4,125 хувийн хүүтэй,
•    1.0 тэрбум ам.долларын нэрлэсэн үнэ бүхий, 10 жилийн хугацаатай бондыг 5,125 хувийн хүүтэй,
•    Хүүг хагас жил тутамд 1 удаа төлөх бөгөөд эцсийн төлөлт 500.0 сая ам.долларын үнэт цаасны хувьд 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр, 1.0 тэрбум ам.долларын үнэт цаасны хувьд 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдөр тус тус хийгдэхээр байна.
•    Эхний 5 жилд төлөх жилийн хүүгийн хэмжээ 71.9 сая ам.доллар,
•    2013 оны 6 дугаар сард бондын эхний хагас жилийн хүүгийн төлбөрт 35.85 сая ам.долларыг төлөхөөр байна.  Засгийн газрын “Чингис” бонд, түүний байршуулалт, төлбөр тооцоотой холбоотой асуудлыг холбогдох хууль тогтоомжийн зүйл, заалт, МАН-ын бүлэгт гаргаж өгсөн баримт материалын хүрээнд нягтлан үзээд дараах ДҮГНЭЛТЭД хүрч байна.
1. Засгийн газар бонд гаргах цаг хугацаа, бондын өрийн дарамтыг буруу тооцоолжээ. Хөрөнгө оруулах томоохон төсөл хөтөлбөр нь боловсруулагдаагүй, тооцоо судалгаа, зураг төсөл нь бэлэн болоогүй, түүнчлэн, барилга, зам зэрэг бүтээн байгуулалтын ажил явуулах боломжгүй өвлийн улиралд Засгийн газрын бондыг арилжаалсан нь алдаатай шийдвэр болсон гэж үзэж байна. Үүний улмаас өнөөг хүртэл хугацаанд бондын эх үүсвэрийг огт ашиглаагүй байхад бондын хүүгийн төлбөрт 50.0 орчим тэрбум төгрөгийг төлөхөөр болж байгаа нь өрийн дарамтыг нэмэгдүүлж байна. Засгийн газар эдийн засгийн тооцоо судалгаа, ТЭЗҮ, зураг төсөл нь бэлэн болсон төсөл хөтөлбөртөө тохирсон хэмжээний бондыг үе шаттайгаар олон улсын санхүүгийн зах зээл дээр арилжаалах боломжтой байсныг анхаарч үзээгүй байна.
2. “Чингис” бонд мөнгө хүүлэх үйл ажиллагааны хэрэгсэл болж байна. Монгол Улсын Засгийн газар “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолын 2 дахь заалтын “…эдийн засгийн үр ашиг бүхий томоохон төслүүдэд хөрөнгө оруулахад зарцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай” гэснийг зөрчиж, Монголбанктай гэрээ байгуулан гадаадад бага хүүтэй байршуулах, дотоодын арилжааны банкуудад ямар нэгэн тодорхой шалгуур тавилгүйгээр, сонгон шалгаруулалтгүйгээр бондын хөрөнгийг дамжуулан зээлдүүлсэн нь бондын үндсэн зорилго, зориулалт, зарцуулалттай илт зөрчилдөж байна. Арилжааны банкууд Бондын эх үүсвэрийг Төв банкны үнэт цаас болон Засгийн газрын долоо хоног бүр арилжаалагддаг үнэт цаасыг худалдан авах болон валютын арилжаа хийхэд зарцуулж, эдийн засгийн бодит салбарыг дэмжих бус, харин мөнгө хүүлэх үйл ажиллагааг болон арилжааны банкуудыг дэмжих, өөрөөр хэлбэл, банкны эздийг дэмжих хэрэгсэл болж ирлээ.
3. Бондын эх үүсвэрээр төсвийн урсгал зардлыг нөхөж байна. Бондын хөрөнгийн менежментийг хийж байгаа Монголбанк бондын 850.0 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад 12 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй хадгаламж хэлбэрээр байршуулсан байна. Банкууд бондын уг эх үүсвэрээр Засгийн газрын үнэт цаас худалдан авч, арилжааны банкуудад худалдан борлуулсан Засгийн газрын үнэт цаасны эх үүсвэр төсвийн урсгал зардлыг санхүүжүүлэхэд зарцуулагдаж “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолын “…Энэхүү хөрөнгийг нийгмийн халамжийн аливаа үйлчилгээ болон улсын төсвийн орлогын дутагдлыг нөхөхөөс бусад … эдийн засгийн үр ашиг бүхий томоохон төслүүдэд хөрөнгө оруулахад зарцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай.” гэсэн 2 дахь заалт зөрчигдөж байна. Засгийн газар хууль, тогтоомжийг дур мэдэн зөрчиж буйн бас нэг жишээ болж байна.
4. Монгол Улсын төсвөөс гадуурх “Чингис” бонд. Дэлхийн банк 2013 оны 4 дүгээр сард гаргасан “Монгол Улсын эдийн засгийн тойм”-доо “… Монгол Улсын Засгийн газар шууд зээллэгийн үр дүнд бондын эх үүсвэрийг босгосон бөгөөд бондын хөрөнгийн зарцуулалтыг төсвийн гадуур бус төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгож тусгах нь зүйтэй…” гэж дүгнэсэн байна. Үнэндээ Монгол Улсын одоогийн Засгийн газар Улсын төсөв,  “Чингис” бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэсэн гурван төсөвтэй болжээ. Төсвийн тухай хуулийн 6.3.3-т зааснаар бүх төрлийн санхүүгийн үүрэгтэй холбогдсон гэрээ, хэлцэл, үйл ажиллагааг төсөвт тусгах хуулийн зохицуулалттай бөгөөд мөн хуулийн 6.3.4-т зааснаар төсвийн жилийн явцад шинээр бий болсон аливаа орлого, эх үүсвэр, зээл, хандив, тусламж, тэдгээрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны зарлага нь төсвийн бүрэлдэхүүн байх ёстой. Түүнчлэн Төсвийн тухай хуулийн 42.7-д төсөвт тусгагдаагүй шинэ хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглоно гэсэн хуулийн зохицуулалт байсаар атал түүнийг бас л шууд зөрчиж байна.
Хэрэв “Чингис” бондын эх үүсвэрийг төсвийн бүрэлдэхүүн болгож Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3 дахь хэсгийн “… улсын нийт өрийн  өнөөгийн цэвэр үнэ цэнээр илэрхийлсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг … 2013 оны төсвийн жилд 50 хувиас, 2014 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна.” гэсэн заалт зөрчигдөж байна.
5. Бондын бодлогын зөвлөл УИХ-ын бүрэн эрхэд халдаж байна. Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягаар ахлуулсан Бодлогын зөвлөл байгуулагдсан. Бондын хөрөнгийн зарцуулалтын асуудлыг Бодлогын зөвлөл шийдвэрлэн баталж байгааг  УИХ-д хуулиар олгосон бүрэн эрхэд халдаж байна гэж үзэхээс өөр аргагүй байна. Жишээ нь, суманд сургууль барихад шаардагдах төсвийн санхүүжилтийн саналыг Засгийн газар холбогдох төсөв захирагчийн төсвийн багцад тусган УИХ-аар хэлэлцүүлэн батлуулдаг хууль зүйн зохицуулалттай байхад “Чингис” бондын зарцуулалтыг Бондын бодлогын зөвлөл шийдвэрлэж, баталж байгаа нь Төсвийн хууль тогтоомжтой зөрчилдөж байна. Бондын хөрөнгөөр санхүүжүүлэх бүх төсөл, хөтөлбөрүүдийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах шаардлагатай гэж үзэж байна.
6. Бонд арилжаалахад гарсан 5.4 сая ам.долларын зардлыг хууль зөрчиж санхүүжүүлсэн. “Чингис” бондыг арилжаалахтай холбогдон гарсан зардал 5.4 сая ам.доллар буюу 7.7 тэрбум гаруй төгрөг болжээ. Дээрх зардлыг Засгийн газар 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 213 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын 2012 оны төсвийн Засгийн газрын үнэт цаасны хүүгийн зардлын зарцуулагдаагүй үлдэгдлээс санхүүжүүлж Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
7. “Чингис” бондын хүүгийн хэмжээний талаар. Чингис бондыг Олон улсын зах зээл дээр арилжаалсан 2012 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Монголбанкны албан ханш 1397.51 төгрөг байсан бол 2013 оны 05 дугаар сарын 15-ны  өдрийн албан ханш 1437.47 төгрөг болж 2.8 хувиар өссөн байна. Энэ нь Чингис бондын хүүг төгрөгт шилжүүлбэл өнөөдрийн байдлаар дунджаар 7.425  /Чингис бондын дундаж хүү 4.625 + ханшийн өөрчлөлт 2,8 хувь/ хувийн хүүтэй болохоор байна. Өөрөөр хэлбэл, Чингис бондыг бага хүүтэйгээр босгосон гэсэн ойлголт буруу гэдгийг хэлэх нь зүйтэй.
8. Бондын эх үүсвэрээр  тооцоо судалгаа хийгдээгүй төслүүдийг санхүүжүүлэх гэж байна.  Засгийн газраас бондын эх үүсвэрээс санхүүжүүлэх Тавантолгойн цахилгаан станц, “Гудамж” төсөл, “Монгол ноосон даавуу” төсөл, “Оёмол бүтээгдүхүүн үйлдвэрлэл” төсөл, “Сүү, сүүн үйлдвэрлэл” төсөл, “Өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулах” төсөл, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр, “Шинэ төмөр зам” төсөл гэх мэт төслүүдийн зураг төсөл, тооцоо судалгаа, ТЭЗҮ нь бэлэн болоогүй байгаагаас харахад бондын хөрөнгө дахин хэдэн сар жилээр зарцуулагдахгүй хойшлогдохоор байна. Түүнчлэн “Бодлогын зөвлөл байгуулах тухай” Засгийн газрын 2012 оны 179 дүгээр тогтоолын 2.2-т зааснаар үүсч болох эрсдэлийг урьдчилан тооцож үнэлгээ гаргах үүрэг бүхий дэд ажлын хэсэг, дотоод, гадаадын шинжээчдийн багийг байгуулж ажиллуулах зэрэг ажил нь хийгдэж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа юм.
9. Чөлөөт зах зээлийн шударга өрсөлдөөнийг боомилж байна. Бондын эх үүсвэрээс санхүүжигдэх төслийн танилцуулгаас үзэхэд зарим аж ахуйн нэгжүүдэд давуу байдал үүсгэж, улмаар чөлөөт зах зээлийн шударга өрсөлдөөнийг хязгаарлан, ирээдүйд манай улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг бууруулах нөхцөл байдлыг бий болгож  байна.
10. “Чингис” бондыг хэнд арилжаалсан, бондыг цааш нь дамжуулан арилжаалж болох эсэх, арилжаалвал Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах ямар хязгаарлалт, нөхцөл тавьсан зэргийг тодруулах зорилгоор МАН-ын бүлгээс Ерөнхий сайд Н.Алтанхуягт 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр албан тоот явуулж, бондыг арилжаалсан албан ёсны гэрээ, хэлцлүүдийн хувийг МАН-ын бүлэгт ирүүлэх хүсэлт тавьсан. 2 сар өнгөрөөд байхад энэ баримт бичгийг одоо болтол бидэнд ирүүлсэнгүй. Үүний цаана уг гэрээ, хэлцлүүдэд сөрөг хүчнээс, ард түмнээс нуух ямар нэгэн учир шалтгаан байна гэж үзэхээс өөр аргагүй нөхцөл, байдал бий болоод байна.

Өнөөдөр

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »