О.Эрдэнэбулган: Уул уурхайн салбарын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй танилцуулна

erdnebulganУул уурхайн яамнаас энэ сарын 17-ны өдөр “Нээлттэй өдөрлөг”-ийг Чингисийн  талбайд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээний талаар Дэд сайд О.Эрдэнэбулганаас тодрууллаа.

– Уул уурхайн яамнаас зохион байгуулах гэж буй “Нээлттэй өдөрлөг”-ийн талаар  та эхлээд тодруулна уу? 

– Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг олон нийтэд сурталчлах, таниулах чиглэлээр яамдууд тодорхой нэг амралтын өдрүүдээр ард иргэдэд мэдээллээ хүргэдэг байгаа. Үүний дагуу Уул уурхайн сайд Д.Ганхуягийн тушаал гарч, салбарын сайдын эрхлэх ажлын хүрээнд бодлого, үйл ажиллагаа, харъяа агентлаг, байгууллага, аж ахуйн нэгжийн зүгээс иргэдэд үзүүлж байгаа ажил үйлчилгээний нэр төрлийн талаар мэдээлэл хүргэх зорилгоор  уг арга хэмжээг  зохион байгуулах гэж байна. Өөрөөр хэлбэл салбарын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй танилцуулах юм.

Монгол улсын эдийн засгийг хөдөлгөх гол салбар бол уул уурхай. Тиймээс Уул уурхайн яам байгуулагдсан цагаасаа салбарын ил тод байлгах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Уул уурхайн салбарын үйлдвэрлэл улс орны хөгжилд ямар ач холбогдолтой, ард иргэдийн амьдралд ямар хэрэгтэй болохыг таниулах өндөр ач холбогдолтой арга хэмжээ болох юм.

– Тус арга хэмжээнд ямар компаниуд оролцох вэ?

– Уул уурхайн салбарт янз бүрийн чиглэлийн олон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг. Уул уурхайн яамны “Нээлттэй өдөрлөг” арга хэмжээнд төрийн болоод төрийн бус байгууллагууд, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниуд, гадаад дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүд, салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг сургууль, мэргэжил сургалтын төвүүд, нөхөн сэргээлт, уул уурхайн аврах ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгуулагууд оролцох юм.

Уул уурхай яам, Ашигт малтмалын газар, Газрын тосны газар, ШУТИС, Уул уурхайн аврах алба, Геологийн төв лаборатори болон “Эрдэнэт”, “Оюутолгой”,“Тавантолгой”, Багануур, “Петровис” зэрэг 20 гаруй компани энэ арга хэмжээний үеэр  өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулна.

Тэд  улс орны эдийн засаг, нийгэмд ямар нөлөө үзүүлж байгаа, хүний нөөцөө хэрхэн бэлтгэдэг, нөхөн сэргэлтээ яаж хийдэг, ямар техник технологи ашигладаг талаараа ард иргэдэд нээлттэй мэдээлэхээр бэлтгэж байна.

– Хуулийн шинэчлэл УИХ-аар хэлэлцэгдэж байгаа онцлог үед уул уурхайн салбарт ямар хүлээлт байна вэ?

– Уул уурхайн салбарын хувьд сүүлийн хоёр  жил тодорхой бэрхшээлийг туулж байна. Гэсэн ч 2013 онд аж үйлдвэрийн нийт өсөлтийн 20 хувьд уул уурхайн салбарын өсөлт ажиглагдаж байгаа. Ерөнхий өсөлт байгаа боловч дэлхийн зах зээл дээр гол нэрийн бүтээгдэхүүний үнэ унах, зарим хуульд өөрчлөлт орсноор хөрөнгө оруулалт буурсан зэрэг саад бэрхшээл бий. Хөрөнгө оруулалтыг сэргээх чиглэлээр Засгийн газар тодорхой ажлуудыг хийж байна.

Хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байна. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хайгуулын үйл ажиллагааг сэргээх боломж бий болж байна.

Гэхдээ төрөөс тогтоосон газар нутагт хайгуул хийх боломжийг олгоно.  Хууль эрх зүйн ийм эерэг үйл ажиллагаа хөрөнгө оруулагчдын талархалыг хүлээж байгаа. Хуулийг дахин дахин өөрчилдөг гэхээсээ илүүтэй урт хугацааны тогтвортой  байдлыг хангахад чиглэгдэж байгаа ажил гэж ойлгож болно.

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »