Засгийн газраас Тавантолгойн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод дөнгөж сая өргөн барилаа.
“Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өргөн барьсан юм. Удтал хүлээлгэсэн Тавантолгойн төслийн хувь заяа ийнхүү УИХ-ын мэдэлд шилжлээ.
Төслийн талаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт:
-“Өнгөрсөн хугацаанд үл ойлголцох байдал гарсан байж магадгүй. Хуулиараа хуулийн төслийг өргөн барихаас урьтаж, УИХ-ын Тамгын газар хянадаг, 72 цагийн дотор. Энэ процедураар явахад УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга “Зургаан төрлийн асуудал байна, таван төрлийн материал нэмж өгч, нэг төрлийн асуудлыг ойлгомжтой болгож өгөх” хүсэлтийг Засгийн газарт гаргасан. Энэ дагуу Засгийн газар ээлжит хуралдаанаараа хоёр асуудлыг хэлэлцээд, Засгийн газрын 50, 151 дүгээр тогтоол гаргасан. Улмаар хуулийн төсөл иж бүрдэл хангасан учраас өнөөдөр УИХ-ын дарга өргөн мэдүүллээ. Хуулийн төслийг иж бүрдэл болгохын тулд Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Дээрээс нь Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл, Хөрөнгө оруулалтын гэрээний хавсралт материал болох Ашиглалтын тусгай зөвшөөрөл, хамтын ажиллагааны гэрээ, Хамтын ажиллагааны төлбөрийн тооцоолол, Газартай холбоотой тооцооллын томъёолол, Ухаа худаг Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын суурь бүтцийн концессийн гэрээ, Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэхтэй холбоотой гарах төсөв санхүүгийн зардлын тооцоо, Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэхтэй холбоотой төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн санал, Засгийн газрын 150, 151 дүгээр тогтоолыг нэмж өргөн мэдүүллээ. Ирэх долоо хоногоос УИХ-ын холбогдох байнгын хороогоор Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцэж эхэлнэ” гэх мэдээллийг өглөө.
ТАВАНТОЛГОЙН ТӨСӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛҮҮДИЙГ ХАРАХ
Улсын Их Хурлаас 2014 онд 34 дүгээр тогтоол баталж “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний чиглэл”-ийг Засгийн газарт өгсөн бөгөөд уг чиглэлийн 1.4-т “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Тавантолгойн ордын талаар Улсын Их Хурлаас баталсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах хүрээнд Тавантолгойн орд газраас олборлож байгаа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулан, нэмүү өртөг шингээж, экспортын нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд борлуулах, уг зорилгоор орд газрыг иж бүрэн хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн асуудлыг эдийн засгийн үр ашигтай, улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байх хувилбараар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар цогцоор нь шийдвэрлэх”-ээр тусгажээ.
Мөн чиглэлийн 1.6-д “Тавантолгой–Гашуунсухайтын төмөр зам болон тээврийн бусад дэд бүтцийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барьж байгуулах”-аар, Улсын Их Хурлын 2014 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 53 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 8.1-д “Ухаа худаг-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын суурь бүтцийг төсвийн бус эх үүсвэр, концессоор байгуулахаар тус тус заасан байна.
Тогтоолын төсөлд Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар Хөрөнгө оруулалтын гэрээг хавсралт гэрээнүүд болох Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ болон Хамтран ажиллах гэрээний хамт байгуулах зөвшөөрлийг Засгийн газар өгөх тухай тусгах, мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баруун, зүүн Цанхийн уул уурхайн үйл ажиллагаатай холбогдох аж ахуйн гэрээнүүдийн эрх, үүргийг хөрөнгө оруулагч талд хариуцуулан хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газар даалгах, Улсын Их Хурлаас өмнө Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбоотой баталсан тогтоолуудын уялдааг хангахтай холбоотой зэрэг 5 заалтыг тусгасан байна.