Л.УРАНЦЭЦЭГ: Манайх тогтолцоондоо ISO стандарт нэвтрүүлэх шаардлага бий

Баяжуулах үйлдвэрт хэрэгжиж буй “Супер 5 сайн үйлс”  хөтөлбөрийн хүрээнд инженер техникийн 23 ажилтан Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотын компаниудаас туршлага судлаад иржээ. Энэ талаар тус цехийн бүтээмжийн менежер Л.Уранцэцэгтэй ярилцлаа.

– “Супер 5 сайн үйлс”  хөтөлбөрийн зорилго, энэ хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа  тухай та эхлээд ярина уу?
– Энэ нь Баяжуулах үйлдвэрийн бүтээмжийн үйл ажиллагааны үр дүнг ахиулах, инженер техникийн ажилтнуудын оролцоонд тулгуурлан 5 сайн үйлсийг хэвшүүлэхэд чиглэсэн хөтөлбөр юм. Тавдугаар сард эхэлсэн энэ хөтөлбөр зургаан сар үргэлжлэх юм. Хөтөлбөрийн хүрээнд ИТА-дад 5С-ийн анхан, ахисан түвшний сургалт явуулна. Мөн бусад байгууллага, цех хэсгээс туршлага судлуулна, зөвлөгөө өгч чиглүүлнэ. Түүнчлэн хэсэг бүр дээр 3-5 инженер техникийн ажилтан оролцуулан баг бүрдүүлж, ажлын байранд үнэлгээ хийж, сайжруулах ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлнэ.

   – Баяжуулах үйлдвэрт ажлын байрны сайжруулалт хамгийн сайн түвшинд хүрсэн гэж ойлгодог?
– Тодорхой түвшинд хүрээд зогсонги байдалтай болсон. 5С гэдэг бол ажлын байрны сайжруулалтын дээд түвшин. Тэгвэл манайд 2С, 3С түвшний ажлын байрууд ч бий. Үүнийг бид 5С түвшинд хүргэх зорилготой.

– Хөтөлбөрийн хүрээн дэх ажлаа юунаас эхлэв?
– Хамгийн эхэнд бүх инженер техникийн ажилтныг 5С-ийн анхан шатны сургалтад хамруулж байна. Хичээлийг ЗМЗ-ын бүтээмжийн менежер  зааж байгаа. Саяхан манай хэсгүүдийн удирдлагууд болох 23 хүн Дархан, Улаанбаатар хотын компаниудад туршлага судлаад ирлээ.

– Тухайлбал…?
– Дарханы ДЦС, Улаанбаатар хотын ДЦС-4, Хасу мегаватт, Мөнхийн үсэг компанид туршлага судалж, Монголын бүтээмжийн төвд сургалтад хамрагдсан. Туршлага судалсан компаниуд нь Эрдэнэт үйлдвэрээс туршлага судлан нэвтрүүлж байсан бол одоо бүгд олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO стандартуудыг бүрэн нэвтрүүлж, Монголдоо төдийгүй Ази Номхон далайн бүс нутагт “Загвар” байгууллага болсон байна.

– Компаниудын  ажлын байрнаас  ямар зүйлийг онцолж харав?
– Дарханы ДЦС-д ажлын байр, тоноглол, өрөө тасалгааны хаягжилтыг стандарт шаардлагын дагуу бүрэн хийжээ. Ажилчдаа ил тод үнэлж урамшуулах юм. Сар бүр ХАБ, бүтээмжийн шилдэг ажилчдын зургийг коридорын самбарт байршуулж, зураг нь хамгийн олон тавигдсан ажилтан гадаадад туршлага судлах эрхээр шагнуулдаг юм байна. Бүх ажлын байр /233/-ны жагсаалт гарган 5С-ийн хэрэгжилтийг оноогоор дүгнэж, өнгөөр ялган үүдэнд байрлуулсан нь содон санагдсан. Мөн коридор галерейг үзэмжтэй цэцэгжүүлсэн, алдрын булан байгуулсан нь тав тухыг мэдрүүлж байлаа. Түүнчлэн ээлжийн дарга, оператор, ажил хүлээлцэх өрөө  шилэн   хаалга,  ханатай  байгаа нь гаднаас хянах боломж бүрдүүлжээ. Бидэнд үйл ажиллагаагаа танилцуулсан инженерийн ярианаас эднийхэн бүтээмжийн үр өгөөж, ач холбогдол, мөн чанарын тухай маш сайн ойлголттой болох нь ажиглагдсан. Тэрээр ХАБ, бүтээмж  нь нэгдмэл үйл ажиллагаа гэдгийг онцолсон. ISO стандарт нэвтрүүлснээр байгууллагын бүхий л үйл ажиллагаа стандартын шаардлагад нийцсэн байх хэрэгцээг хангаж, журмуудыг нэгтгэсэн нь ихээхэн үр дүнтэй талаар ярьсан.
Улаанбаатар хотын ДЦС-4-д ISO стандарт нэвтрүүлснээр байгууллагын дотоод журмыг хялбар болгосон тухай станцын мэргэжилтэн тайлбарласан. Үүнтэй холбоотой удирдах ажилтнуудын сургалт ихээхэн үр дүнтэй болохыг онцлон ярьсан. Цайны цагаар ажилладаг аялгуут усан оргилуур нь ажилчдын алжаал ядаргааг тайлахад чухал нөлөөтэй санагдсан. Бүх дүрэм журам, зааврыг нэгдсэн сантай болгон цэгцэлсэн нь нэвтрүүлэхүйц туршлага байсан. “Хасу мегаватт” компани цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмж угсарч, суурилуулдаг, Оюу толгой төслийн төмөр хийц бэлтгэдэг юм байна. Эдний  харьяа Герман, Монголын хамтарсан сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж буй  гагнуурчид  ган төмрөөр  маш сайхан урлаж  байна. Тэнд суралцсан хүмүүсээс дэлхийн ур чадварын тэмцээнд  томоохон амжилтуудыг үзүүлсэн бөгөөд гадныхан ч ажиллаач гэж урьдаг  гэсэн.

– Бүтээмжийн үйл ажиллагаатай  ISO стандарт яагаад холбогдож байгаа вэ?
– Чанарын удирдлагын тогтолцоо ISO стандарт 10 үндсэн бүлэгтэй  бөгөөд түүний нэг нь  “Сайжруулалт” юм. Энэ бүлэг нь тэр чигтээ бүтээмжийн үйл ажиллагааг харуулна.  Манай үйлдвэр дээр ХАБ, Хүний нөөц, Бүтээмжийн журам  тусдаа явдаг. Энэ олон журмыг нэгтгээд уг стандартын шаардлагад нийцүүлэх боломжтой. Тэгэхлээр манай Баяжуулах үйлдвэр тогтолцоондоо энэ стандартыг нэвтрүүлэх  хэрэгцээ шаардлага байна.

– Та бүхэн “ганзага дүүрэн”  ирсэн байх. Хэрэгжүүлж болохуйц санаанаасаа хуваалцана уу?
– Бүтээмжийн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулан, олон улсын ISO стандартуудыг нэвтрүүлэх, сургалт зохион байгуулах хэрэгтэй байна. Байгууллагын үүх түүх, түүхэн үзмэр, алдартнуудын булан, музей, цахим сантай танилцах, дурсгалын зураг татуулах танхимтай болох хэрэгтэй байна. Үүнийг Мэдээлэл хөгжлийн танхимын 2-р давхрыг өргөтгөх эсвэл галерейн зай талбайг ашиглан тохижуулж болох юм. “Хасу мегаватт”-ын сургалтын төвд гагнуурчдыг Германы дэвшилтэт технологитой танилцуулж  дадлагажуулах сургалтад хамруулах хэрэгтэй байна. Бид эдгээр компанид, өмнө нь “Оюутолгой”-д топ менежерийн хувцастай очсон. Бидний ихэнх нь ийм хувцасгүй  болохоор хүний хувцас өмсөж явсан. Биднийг хаана ч маш хүндэтгэлтэй хүлээж авсан. Тийм болохоор ИТА-ыг  Эрдэнэт үйлдвэрийнх гэдгийг илтгэх топ менежерийн цамцтай болговол зүгээр санагдсан.

Я.ЭНХТУЯА

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »