Монголчууд “Бороо Гоулд” ХХК гэх нэрийг мэддэг болоод нэлээд хэдэн жилийг ардаа үдлээ. Тэр дундаа нийгэмд цацагдаж байгаа сайн, муу мэдээллээр жирийн иргэдийн мэдлэг үнэлэмж, үнэлгээ хязгаарлагддаг байх. Тиймээс тус компанийн талаархи мэдээллийг товчоор хүргэхийг хичээе. Канад улсын Торонто хотод төвтэй, Хойд Америкийн алт олборлогч тэргүүлэх компаниудын нэг нь.
Төв Азийн бүс нутагт алтны олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа Барууны хамгийн том компани гэхээр дэлхийд тэднийг андахгүй. Түүнчлэн Киргиз Улсад Кумторын уурхай, Монгол Улсад Бороогийн уурхай гэсэн алтны хоёр уурхайг ажиллуулдаг.
Мөн Бороогийн уурхай нь Монголын хамгийн том, алтны үндсэн орд. Улмаар Ашигт малтмалын ордуудыг эзэмших, ашиглалтад бэлтгэх, ашиглах, хайгуулын ажил явуулах туршлагатай, чадварлаг удирдлагын багтайн дээр алтны томоохон үйлдвэрлэгч болох тэргүүлэх зорилготойгоор тэнцвэртэй өсөлтийн стратеги баримтлан ажилладагаараа тэд бусдаас ялгардаг. Тийм ч учраас уурхайн үйл ажиллагааныхаа талаар ил тод байж, компанийн нийгмийн хариуцлагыг ихэд ухамсарласан хамт олон хэмээн тодотгох.
Иймээс бүхий л оролцогч талын ялангуяа ажилчид, гэрээт гүйцэтгэгчид болон орон нутгийн иргэдийн эрхийг хүндлэх, байгаль орчныг хамгаалах байдлаар олборлолт явуулах, манай улсад үйлчилж буй хууль тогтоомжийг даган мөрдөх, үйл ажиллагаа явуулж буй улс орондоо тогтвортой үр өгөөжийг бий болгох, үйлдвэрлэлийн менежментээ тасралтгүй сайжруулж оролцогч талуудынхаа эдийн засаг, байгаль орчин, нийгмийн хүлээлтүүдийг биелүүлэх, байгаль орчин, нийгэм, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны талаар удирдлагын хүлээх үүргийг тодорхой тогтоох, компанийн нийгмийн хариуцлагын менежментэд зориулан үйл ажиллагаа явуулж буй бүх салбар нэгжээ зохих ажилтан албан хаагчид, хүний нөөцөөр хангадаг зэргээр маш олон боломжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байдаг. Тэд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тэр цагаасаа эхлээд хариуцлагатай уул уурхайг амьдралд хэрэгжүүлэхийн төлөө хичээсээр ирсэн.
Тэдний хичээл зүтгэл ч талаар болоогүй нь харваас илт анзаарагддаг. Тиймээс Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба энэ сарын 25-ны өдөр “Бороо гоулд” ХХК-ийн хамт олонд гурван сая хүн цаг хөдөлмөрийн осол эндэлгүй ажилласанд баяр хүргэж, батламж гардуулав. Тэрбээр “Өнөөдөр нэн чухлаар тавигдаж буй хөдөлмөрийн эрүүл аюулгүй байдлыг хангах чиглэлээр та бүхний үзүүлсэн энэхүү амжилт, хуримтлуулсан баялаг туршлага бусад аж ахуйн нэгжүүдэд маш том үлгэр дуурайлал болно гэдэгт итгэж байна.
Монголын уул уурхайн салбарын түүхэнд гурван сая хүн цаг хөдөлмөрийн аваар осолгүй ажиллаж байсан түүх бараг байхгүй. Том, жижиг олон уурхай Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тиймээс “Бороо гоулд” компанийнхан томоохон амжилт тогтоолоо хэмээн үзэж, үнэлж байна. Цаашид тэдний үйл ажиллагааг төр үнэлэх биз ээ. Бидний тухайд та бүгдэд маш их баярлаж, талархаж буйгаа илэрхийлье.
Энэ эрч хүчээ алдахгүй ажиллаарай” гэлээ. Дараа нь Тогтвортой хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Л.Жаргалсайханыг “Шилдэг удирдах ажилтан”, Үйлдвэрийн дарга Т.Оргодолыг “Шилдэг удирдагч”, Уурхайн орлогч дарга Д.Пүрэврашийг “Шилдэг залуу удирдагч” цол тэмдгээр шагнаж урамшуулав. Мөн энэ үеэр “Бороо гоулд” ХХК-ийн ерөнхийлөгч Жон Казаков “Та бүхний гардуулсан сайхан шагналыг гүн хүндэтгэлтэйгээр хүлээн авч байна.
“Сентерра гоулд” болон “Бороо гоулд” компанийн нэрийн өмнөөс баярлаж, талархаж байгаагаа илэр-хийлье. Түүнчлэн ажил эхлэхийн өмнө ажилтнуудын уулзалт болдог. Уулзалтад өмнөх өдөр нь аюулгүй ажиллагааны талаар хүн бүхэн юу хийснээ ярьж тайлагнадаг. Аюул осолгүй ажиллахад ажилчид маань сонор сэрэмжтэй байж, аюул ослоос урьдчилан сэргийлдэг. Тиймээс бид энэ амжилтад хүрсэн” хэмээн хэлсэн үгэндээ онцлов.
Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж болох юм гэсэн итгэл найдварыг өглөө
Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамбаас цөөн асуултад хариулт авлаа.
-Манай улсын хөгжил уул уурхайгаас шууд хамааралтай. Тэр хэрээр аюулгүй ажиллагааны асуудал хурцаар тавигдана. Тэгэхээр уул уурхайд аюулгүй ажиллагааны дүрмийг хэрхэн нэвтрүүлэх ёстой юм бэ?
-“Бороо гоулд” компанийн гурван сая хүн цаг аваар осолгүй ажилласан гэдэг үзүүлэлт рекорд тогтоолоо. Монголд урьд өмнө ч, одоо ч байгаагүй үзүүлэлт. Яагаад гэвэл замууд дээр аль ч уурхайд байдаггүй осол аюулгүйн тэмдэг тавьсан байна. Бас дотроо ажиллагсад болон шинээр ирж байгаа бүх хүмүүст аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байх жишээтэй.
Тийм учраас энэ компанийн ажлын дүрэм, журам системийг уул уурхайн бусад үйлдвэрүүд хэрэгжүүлээсэй гэж бодож байна. Биднийг ажиллаж байх үе, өнөөгийн “Бороо Гоулд” компанийн үйл ажиллагаа өдөр шөнө шиг ялгаатай харагдаж байна.
Техник тоног төхөөрөмж, зохион байгуулалт, нөхөн сэргээлтийн ажил маш сайн хийгдсэн байна. Аюулгүй ажиллагааны нарийн дүрэм журмаа ягштал мөрддөгт энэ амжилтын утга учир оршиж байгаа юм. Бүтээл гаргахаас өмнө өөрөө аюулгүй байх ёстой гэсэн дүрэм горимыг хүн болгонд хэвшүүлж чадсан байна.
-Цаашид хэрхэх вэ. Уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын талаар таагүй мэдээлэл олон байдаг. Хүний амь нас эрсдэх гэдэг асуудал сүүлдээ байдаг л зүйл мэт чихэнд дасал болоод байх шиг байна?
-Дүрэм журмыг маш боловсронгуй болгоод, аюулгүй ажиллагааны менежментийг авч явч чадахуйц багийг сайн бүрдүүлэх хэрэгтэй. Дээр нь инженер техникийн ажилтнуудаа сургаж дадлагажуулах шаардлагатай. Өнөөдөр энэ компанийн аюулгүй ажиллагааны цехэд ажиллаж байсан хүмүүс бусад олон том төслүүд дээр ажиллаж, удирдаад явж байна.
Бас гадаадад ажиллаж, Монголдоо уул уурхайн хувийн компани байгуулсан тохиолдолд ч байна. Энэ бүхнээс үзэхэд “Бороо Гоулд” энэ тал дээр Монголдоо тэргүүн компани гэдэг нь харагдаж байна. “Бороо Гоулд” компанийн үйл ажиллагаа явуулж байгаа Их тайширын жалгыг танигдахгүй болтол нь нөхөн сэргээсэн байна.
Учир нь энд үйл ажиллагаагаа явуулж байсан уул уурхайн компаниуд Их тайширын жалгыг аймаар болгосон шүү дээ. Өөрөөр хэлбэл, 1993 онд Монгол Улс анх удаа уурхай байгуулж, гарч ирж байсан тэр жалга буцаад өмнөх хэвэндээ орсонд их баяртай байна. Хэрвээ ийм байдлаар ажиллах юм бол манай улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж болох юм гэсэн итгэл найдварыг өгч байна.
Улам хариуцлагатай ажиллаж, амжилтаа бататгахыг зорьж байна
“Бороо Гоулд” компанийн Ерөнхийлөгч Жон Казаков:
-Юуны өмнө танд болон танай компанийн хамт олонд гурван сая хүн цаг аваар осолгүй ажил¬ласанд баяр хүргэе. Танай компанийн гаргасан амжилт дэлхийн хэмжээнд хэр том үзүүлэлт вэ?
-Баярлалаа. Гурван сая хүн цаг гэдэг нь гурван сая цагт нэг ч хүн ажлаас чөлөөлөгдөх хэмжээний гэмтэл, осол гаргаагүй гэсэн үг. Дээр нь энэ амжилт уурхайн том, жижгээс хамаарна. Бидний хувьд гурван жил осолгүй ажиллаж байж гурван сая хүн цаг гэдэг амжилтад хүрсэн. Харин 10-20 мянган ажилчинтай уурхайн хувьд 1-2 сарын дотор гурван сая хүн цаг осолгүй ажиллах боломжтой. Ер нь дэлхийн уурхайнууд сая хүн цаг тутамд осолгүй ажилласнаа томоохон амжилт гэж үзэж, тэмдэглэдэг.
Иймд энэ олон сая цаг осолгүй ажиллахад компанийн удирдлагаас гадна ахлах ажилтнууд, энгийн ажилчдын хүч хөдөлмөр маш их шингэсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Осолгүй үйлдвэрлэлийн гол зарчим нь ажлын байран дээрх цахилгаан, хүнээс гарсан, эсвэл химийн, галын зэрэг аюулыг тодорхойлж, засч залруулах явдал юм. Энэхүү том амжилтыг гаргасан бүх ажилтандаа талархлаа илэрхийлье.
-Цаашдын төлөвлөгөө юу байна вэ?
-Улам хариуцлагатай ажиллаж, амжилтаа бататгахыг зорьж байна. Бидний үйл ажиллагаанд хүний эрүүл мэнд, машин механизм, тоног төхөөрөмж, байгаль орчин, химийн бодисуудтай харьцах энэ бүх ажилтай холбоотой эрсдэлүүд байнга дагаж явдаг. Гэвч энэ бүхнийг манай ажилчид сонор соргогоор таньж мэдэж илрүүлж, засч залруулах ажлыг байнга хийдгийн үр дүнд өнөөдрийн амжилтад хүрлээ. Ер нь бид энэ чиглэлийн ажилд ажилчдаа аль болох сургаж бэлтгэж, урамшуулах ажлыг байнга хийж явдаг.
Манай талбарт ажиллаж байгаа бүх хүмүүсийн хувьд осол эндэгдлүүдийг хүнтэй холбохгүйгээр цаад суурь шалтгаантай нь холбож шалгах ажил байнга хийгддэг. Энэ ч утгаар осол аюулыг илрүүлж, засч залруулж байгаа бүх хүмүүс тодорхой урамшуулалд хамрагддаг. Тухайлбал тэднийг нэг удаагийн улирлын сугалаанд оролцуулж гадаадад аялах болон бусад урамшуулалд хамруулж байгаа.
Аюулгүй ажиллагаа өөрөө маш чухал асуудал Тогтвортой хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Л.Жаргалсайхан:
-Уул уурхайн салбарт осол авааргүй ажиллана гэдэг мэдээж амаргүй. Та бүхний баримталдаг ажлын гол зарчим юу вэ?
-Уул уурхайн салбарт гурван сая хүн цаг ажиллахад нэлээд хугацаа орно. Нэг сая хүн цаг гэдэг Өрнөдөд зуун ажилчин тутамд ногдох хөдөлмөрийн чадвар алдалт буюу ноцтой гэмтэл авах, байгаль орчин гэсэн үзүүлэлтээр хэмжигдэж явдаг юм. Хойд Америкийн улсуудад маш том ажлууд хийгддэг.
Тухайлбал, нэг сая гаруй ажлын байранд зургаан сая гаруй хүн ажиллаж өдөртөө л тав арван хүний амь эрсдэж байдаг юм билээ. Гэтэл манайх сүүлийн хоёр гурван жил тэг яваад байгаа. Манай компани ес дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хугацаанд зургаан жил осол эндэлгүй ажилласан байна.
-Бусад уул уурхайн компаниудтай хэр туршлага солилцдог вэ?
-Оюутолгой, Тавантолгой компаниудын ажил дөнгөж эхэлж байна. Эхний үед аюулгүй ажиллагааг тогтмолжуулах, хүмүүсээ сургах, журам горимоо хэвшүүлэх гээд бэрхшээлүүд байдаг л даа. Гэсэн хэдий ч эдгээр компаниуд аюулгүй ажиллагааны удирдлагын тогтлолцоог хэрэгжүүлээд явж байгаа юм билээ. Өөр өөрийн гэсэн ажлын дүрэм журамтай. Бусад компаниудтайгаа жилийн жилд аюулгүй ажиллагааны талаархи сургалт явуулж, туршлага солилцдог.
-Осол авааргүй ажиллаж байгааг тань танай байгууллагаас гадна өөр ямар байгууллага хөндлөнгөөс хянадаг вэ?
-Мэргэжлийн хяналтын байгууллагууд, орон нутгийн байгууллагууд, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын захиргаа энэ асуудалд анхаарал, хяналт тавьж байдаг. Гэхдээ нэгдсэн тогтлолцоонд оруулсан хяналт гаднаас арай өөр аргаар ирдэг байх. Энэ оны эхээр манайд хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа байгаль орчин, удирдлагын тогтолцоо гэсэн нэгдсэн стандарт бий болсон. Энэ стандартаа бариад хяналт шалгалтаа хийгээд явах юм бол осол авааргүй ажиллах бүрэн боломж бий.
-Ажилтан мэргэжилтнүүдээ яаж хурдан мэргэшүүлж байна вэ. Гадаадаас сургагч багш нарыг авчирдаг уу?
-Арав гаруй жилийн өмнө үйлдвэрлэлийн болоод аюулгүй ажиллагааны сургалтыг гадны мэргэжилтнүүд явуулдаг байсан. Аюулгүй ажиллагаа өөрөө маш чухал асуудал.
Эхний хоёр, гурван жил маш идэвхтэй сургалтууд явагдаж байсан. Манайх нэг үе Австралиас зориуд мэргэжилтнүүдийг урьж авчраад сайн чанартай сургалтуудыг явуулдаг байлаа. Харин сүүлийн долоон жил манай сургалтын хэлтсээс явуулж байна. Шинээр орж байгаа хүмүүст сургалт хийгээд дараа нь ажил дээр нь дадлагажуулаад явж байна.
Тийм учраас сургалт хяналт энэ бүгд харилцан уялдаатай явж байх ёстой. Одоо л гэхэд уулын хэсгийн ажилчид хаягдлын ба¬рилга байгууламжийн ажлыг хийнэ. Энэ ажилд хүмүүсийг шинээр авч ажиллуулна. Ангийн сургалтаас гадна хуучин турш¬ла¬гатай ажилчид сургагч нар шинэ хүмүүсээ аваад явдаг. Энэ явцад хүмүүс дадлагажаад явдаг.
Б.Пүрэвжав