Нүүрэнтэйн хөндийд учирсан уурхайчид

nuurentei

Багануурын уурхай хоёр хөдөлмөрийн баатартай. Тэдний нэг болох Н.Мөнхбаяр дотнын найз Г.Отгонпүрэвтэйгээ миний өөдөөс хараад сууж байсан тэр л өдрийн дүр зураг өдгөө ч миний сэтгэлд өчигдөр мэт тодхон байна.  Нэгэн довноос төрсөн гавьяатуудын угсаа гарвалыг хөөх аваас Дундговийнх авч Багануурынхан “манайх” хэмээн өмчлөх юм билээ.

Тэдний их уурхайтай хөл тавьсан түүхийг сонсч суусан буурал сэтгүүлч “Би үзсэн киногоо зүүдлээд байна уу даа. Намайг сэрээгээрэй. Ийм сонин ерөөл билэгтэй учрал гэж байдаг л юм байна” хэмээн дуу алдсан. Танд ч бас сонирхолтой санагдах нь дамжиггүй.

nuurentei1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хөвгүүдийг ЕБС-ийн аравдугаар анги төгссөн тэр жил буюу 1981 оны хавар Дундговь аймгийн төвийн арван жилийн сургууль дээр УАЗ 469 машин хөлөглөсөн албаны бололтой хэдэн хүн хүрч ирэн Нацагдоржийн төрсөн нутаг Гүнгалуутайд нүүрсний шинэ орд нээгдээд зогсохгүй уурхайчдын шинэ хот байгуулагдаж байгаа талаар сэтгэл гэгэлзтэл яриад МХЗЭ-ийн илгээлт өвөртлөх чин хүсэлтэй эвлэлийн гишүүдийг хийж бүтээхийн их үйлсэд уриалан дуудах нь тэр.  Ирээдүйн уурхайн гавьяатууд ч бусдаас дутсангүй бүртгүүлж орхив. Гэхдээ тус тусын явдал үйлээр. Гавьяат уурхайчин Г.Отгонпүрэвийн хувьд мань хүн дэргэдээсээ алхам ч холдуулах дургүй настай буурал ижийгээ уйлуулан байж хангайг зорих зөвшөөрлөө авч.  Зил-130 машины задгай тэвшин дээр хангинатал дуулж явсан залуус үдшийн бүрий тасрахын өмнөхөн Туул голын  орчимд хоноглох болж.  Хангайн мод ямар байдгийг үзэх нь бүү хэл дуулж ч яваагүй Отгонпүрэвийн нүдэнд тэнгэрийн хаяа бүрхтэл  цэргүүд жагссан  байж харагдав гэнэ. Гайхаж алмайрсан говийн хүү дэргэд суух нутгийн охиноос “Цэргүүд биднийг хамгаалахаар жагссан хэрэг үү” гэж асуугаад нөхдийнхөө инээдийг барж орхив. Чухамдаа тэр нь цэрэг биш Туул голын бургаас  бүрэнхийд цэрэг шиг харагдсан хэрэг л дээ. Ийн будилж, тэрүүхэндээ манаргаж явсан түүний дэргэд Хөдөлбөрийн баатар Н.Мөнхбаяр нь өнөөдрийнх шиг тэрүүхэндээ мушийсан шигээ сууж байсан таарч байгаа юм.  Залуус уурхайн шинэ хотхонд ирж дөрөв дөрвөөрөө нэг өрөөнд орцгооход  Н.Мөнхбаяр, Г.Отгонпүрэв хоёр таарсан  аж. Энэ л  мөчөөс эрчүүд  дотно үерхэж, жаргал зовлонгоо хуваалцах хүмүүний амьдралын  хаалгыг татсан гэлтэй.

Эрчүүд жил хэртэй барилга дээр ажиллаж байтал цэргийн зарлан ирэх нь тэр. Н.Мөнхбаяр нутгийн хүнээр хэл дуулган ааваасаа  цэрэгт явах эсэхээ асуулгатал “Насны залууд хаах ёстой албыг хаасан нь дээр” гэх зөвлөгөөг өгсөн байлаа. Тавантолгойн цэргийн ангид иртэл Эрдэнэт дэх ЗХ-ний дугаар ангид алба хаах нэрсийг дуудахад мань хоёрын нэр байв. Ангидаа ирсэн хойно нь хөгжмийн салаанд  шинэ цэргүүдээс сонгоход хоёул тэнцэж, нэгэн ротод алба хаах болов. Дашрамд сонирхуулахад, цэргийн гурван жилд л Г.Отгонпүрэв нь Мөнхбаяраасаа тушаал дээгүүр байсан бол амьдрал дээр Мөнхбаяр нь командалж яваа аж. Тодруулбал, бригадынх нь даргаар ажиллаж буй. Энэ юу  ч биш. Цэргээс ирсэний хойтон жил сайн ажилласан залуучуудыг Украйн явуулж цахилгаан тоног төхөөрөмжийн курст сургах болоход мань хоёр мөн л хоёул тэнцсэн байна. Курсээ төгсч ирээд  цахилгаан ЭШ-15/90 экскаватор дээр хуваарилахад дахиад л нэг дор ажиллах болов. Харин тэд өдгөө жаахан салчихаад  байгаа аж. Тодруулбал ээлж нь зөрөөд байгаа юм билээ. Бид Мөнхбаяр баатрыг ажлаа тараад ирсэн хойно  гэрт нь тухтай гэгч хуучлахдаа энэ бүх түүхийг сонссон хэрэг. Харин тэд зан араншингийн хувьд тэс ондоо байж мэднэ. Н.Мөнхбаяр баатар тэрүүхэндээ мушийчихаад чимээгүйхэн суухыг эрхэмлэдэг бол Г.Отгонпүрэв гавьяатын тухайд яриа хөөрөө нийлсэн хэнбугайтай ч хэдэн цагаар хуучлахаас буцахгүй нэгэн байхыг үгүйсгэхгүй.  Хамрынхаа үзүүрт бөнжигнөх хөлсөө гарынхаа араар шудрахдаа дух руугаа унжих үстэй заавал ноцолдож  таардаг гэмтэй Отгонбаяр гавьяат Мөнхбаяр баатрын ижийд найзыгаа эзгүйчлэн гүйж ирээд үнсүүлж гэмээнэ тэрүүхэндээ маадгар алхдаг юм байх. Энэ эрхэмд ганцаардаж, амьдралд туниж явсан өдрүүд бий гэнэ. Ингэж хэлснээр шилтэй цэнхэртэй нөхөрлөж дээ гэж ойлговол эндүүрэл болно шүү. Залуу сайхан ханиа алдчихаад хүүхдүүдтэйгээ яах ч учраа олохгүй мунгинаж явсан өдрүүдийг нь хэлсэн хэрэг. Тийм хүнд хэцүү цаг үед уурхайн хамт олон өнчин хэдэн “амьтанд” хайр энэрлийн гараа харамгүй сунгасны хүчинд тэрбээр өдий зэрэгтэй яваа гэнэ. Өөрийнх нь өгсөн тайлбараар шүү дээ. Харин одоо сайхан ханьтай учирч, ханьдаа эрхэлсэн шигээ жаргаж суугаа юм билээ.

Н.Мөнхбаяр баатрын тухайд мөн л ханьдаа, ээждээ эрхэлсэн нэгэн. Ажлаасаа бууж орж ирээд л ижийгээ харцаараа хайх түүнд эх шиг нь бурхан хорвоод  үгүй байлгүй яахав. Тавь шахаж яваа эр ижийгээрээ гоёно гэдэг их хувь заяа юм. Ирэх намар уурхай ч 35 жилийнхээ ойг тэмдэглэнэ, манай хоёр гавьяат ч 35 жил салалгүй үерхсэн   ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэх бизээ.

Уулуурхай.мн Mining and Money сэтгүүл

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »