Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн хуралдаан хоёрдугаар сарын 6-нд хуралдсан ч монголын талаас тавьж байгаа хэд хэдэн шаардлагыг дахин ярилцаж шийднэ гээд түр завсарласан юм. Харин хоёрдугаар сарын 27-ноос буюу лхагва гаригт хуралдаан, хэлэлцээр дахин эхэлсэн ч тодорхой шийдэлд хүрээгүй тарсан гэх. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар гурав хоног хуралдахдаа “Оюутолгой” компанийн нэг сарын төсвийг л баталсан аж. Өнгөрсөн нэгдүгээр сард Оюу толгойн ТУЗ-ын хурал болоход монголын талыг төлөөлөн суугаа гурван гишүүний хүсэлт гаргасны дагуу тус компанийн бүтэн жилийн төсвийг батлахаас татгалзаж, эхний хоёр сарын төсвийг баталж байсан билээ. Тодруулж хэлбэл, Монгол Улсын ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар Оюу толгойн хөрөнгө оруулалтын зардлыг 34 хувь эзэмшигчид танилцуулалгүй, асуулгүй шууд шийдэн нэмсээр байгааг хүлээн зөвшөөрөхгүй, учир шалтгааныг тодруулах шаардлагатай гэсэн нэгдсэн байр суурьтай байсан хэрэг. Тиймээс ч Оюу толгой ХХК-ийн 34 хувийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн ТУЗ-д сонгогдсон гурван гишүүн нэгдмэл байх нь зүйн хэрэг.
Монголын талаас хөрөнгө оруулагчдад доорхи зургаан асуудлыг тавьж байгаа.Үүний дотор “Антре гоулд” компанийн эзэмшилд буй, ордын нөөцийн 30 хувийг хамарч буй тусгай зөвшөөрлийг хөрөнгө оруулагчид шилжүүлэн шийдвэрлэх гэж тусгасан байгаа.
Энэ нь хамгийн их анхаарал татаж байгаа нэг асуудлын нэг. “Антре гоулд” компанийн эзэмшилд буй, ордын нөөцийн 30 хувийг хамарч буй тусгай зөвшөөрлийг хөрөнгө оруулагчид шилжүүлэн шийдвэрлэх гэж Монголын талаас Оюу толгой ХХК-ийн хувь нийлүүлэгчдэд тулгаад буй.
Үүнийг бодиттой ажил хэрэг болгохоор хувь нийлүүлэгчдийн хуралдаан болохын өмнөх өдөр “бөмбөг” ч тэсэлсэн. Хэлэлцээрт Монголын талын ажлын хэсгийн ахлан орж байгаа Уул уурхайн сайд Д.Ганхуяг өмнөх сайд Д.Зоригтын гаргасан шийдвэрийг цуцласан юм. Ингэснээр “Антре гоулд”компани 3148X, 3150X гэсэн ашиглалтын лицензийг зарах, барьцаалах, бусдад шилжүүлэх эрхгүй болоод байгаа. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт 2009 оны аравдугаар сарын 27-ны өдөр Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурчихаад ердөө 21 хоногийн дараа л өөрөө тушаал гарган 3148X, 3150X хэмээх хайгуулын лицензийг ашиглалтынх болгон “Антре гоулд” компанид шилжүүлсэн байсан байгаа юм. Энэ нь хууль зөрчсөн ноцтой үйлдэл аж.
Энэ цоорхойг нь ашиглан Д.Зоригтын гаргасан тушаалыг нь хүчингүй болгосон хэрэг. Түүнээс хууль ёсны бол тийм ч амархан шийдвэрийг нь цуцлаад, хайгуулын лицензийг түтгэлзүүлэхэд амаргүй. Ямар одоо хэлснээсээ буцна гээд булаагаад авчихвал ардчилсан засагтай, чөлөөт эдийн засагт орон биш болж хувирна. Хэрвээ хууль зөрчөөгүй байсан бол ийм шийдвэр гаргавал “Антре гоулд”-ийнхан дуугүй суухгүй, сүржин мэдэгдэл хийгээд бөөн асуудал босгож байгаа. Тэд албан ёсныхоо www.entreegold.com хэмээх вэб сайтдаа “Лицензийг бүрэн цуцлаагүй, түр хугацаагаар түтгэлзүүлсэн” хэмээн тайлбар бичиж оруулсан байна.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатарын тайлбарласнаар өмнөх Эрдэс баялаг, уул уурхайн сайд тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгохдоо “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 48-ын дөрөвдүгээр заалт, 25-ын нэгдүгээр заалтуудыг зөрчжээ.
Аливаа орд газрын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл /ЭБМЗ/ хэлэлцээд, АМГ-ын дарга нөөцийг бүртгэдэг хуультай аж. Гэтэл энэ заалтыг зөрчин “Айвенхоу майнз” компанийн нөөцийг хэлэлцсэн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд өөрөө нөөцийг бүртгэсэн гэдгийг Ашигт малтмалын газрынхан нотолж байна.
Энэ хоёр хайгуулын лицензийг нь сугалан ашиглалтынх болгохын төлөө Д.Зоригт хууль зөрчив гээд учгийг хөөвөл асуудлын зангилаа тайлагдах нь лавтай. Энэ шийдвэр нь яаж ч бодсон Монголын талд ашиггүй, харин ч хор хохиролтой. “Антре гоулд”-д ашиглалтын болгож шилжүүлсэн тусгай зөвшөөрлийн талбай Оюу толгой ХХК-ийн талбайтай давхцаж байгаа юм. Тиймээс л яарсан хэрэг. Оюу толгойн гэрээ байгуулахдаа “Оюутолгойн бүлэг ордыг” ашиглахаар тусгасан байдаг. Гэрээ хийсэн бүлэг ордод “Антре Гоулд”-ын дээрх хоёр хайгуулын талбай орсон байв. Тэгэхээр дээрх хоёр хайгуулын лицензт талбай нь шууд л Оюу толгой ХХК-д шилжигдэх ёстой атал сайд асан Д.Зоригт тушаал гаргаад “Антре гоулд” компанид ашиглалтынх болгоод өгчихсөн хэрэг.
Хууль зөрчин байж, эрсдэлтэй алхам хийж, улс орондоо хохиролтой шийдвэр гаргахыг зориглохыг бодоход авлигын асуудал байхыг үгүйсгэхгүй.
Монголын талд 1.5 тэрбум орчим ам.долларын алдагдалтай
“Антре гоулд”-ын ашиглалтын лицензийн талбайд Оюутолгойн бүлэг ордын нийт нөөцийн багагүй хувь нь хамааралтай байгаа юм. Тухайлбал зэсийн нөөцийн 18 хувь, алтны 32.6 хувь, мөнгөний 23.5 хувь, молибедений 87.9 хувь байдаг аж. Хэрвээ “Антре гоулд” компанийн эзэмшиж буй ашиглалтын лиценз Д.Зоригтын гаргасан шийдвэрээр хэрэгжих тохиолдолд энэ лицензт талбайн доорхи баялгийг ашиглаад олох ашиг, орлогын 34 хувь Монгол Улсад ирэх биш, 26 орчим хувь нь оногдохоор байгаа юм байна. Ойролцоо үнээр тооцоход хэрэв эдгээр лицензийн асуудлыг Оюутолгойн бүлэг ордын хүрээнд шийдвэрлээгүй тохиолдолд Монголын талын ногдол ашиг 1.5 тэрбум орчим доллараар буурахаар тооцоог Уул уурхайн яамнаас гаргажээ.
“Антре гоулд” хэний эзэмшлийн компани вэ
Антре Гоулд Инк. (Антре) нь Монгол улс дахь өөрийн охин компани болох “Антре” ХХК– ийн нэр дээр “Оюу Толгой” ХХК–ийн 6709А тусгай зөвшөөрлийн талбайг тойрсон Шивээ Толгой (15225А) болон Жавхлант (15226А) эсэн тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг. “Антре ” ХХК нь Жавхлант болон Шивээ Толгойн тусгай зөвшөөрлийн талбайн зүүн хэсгийн талаар хамтран ажиллах хэлцэлтэй. Тодруулж хэлбэл, Оюу толгойн бүлэг ордтой залгаа Хойд Хюгогийн Хойд үргэлжлэл орд, Херуга /Жавхлант ашиглалтын лиценз/ эзэмшдэг. Хойд Хюгогийн хойд үргэлжлэл хэмээх орд нь 3,490,000 тонн зэс, 108 тонн алт, 882 тонн мөнгөний нөөцтэй.
Херуга (Жавхлант ашиглалтын лиценз) ордын далд аргаар ашиглах геологийн нийт нөөц хүдрээр 5,290,000 тонн зэс, 568 тонн алт, 157,000 тонн молебдин, 1,959 тонн мөн¬гөний нөөцтэй гэсэн урьдчилсан тооцоо бий.
Хорт Боб хочит Роберт Фрийдландын хувь эзэмшдэг Канадын “Айвенхоу Майнз лимитед” “Антре гоулд”-той холбоотой.
“Айвенхоу Майнз Лимитед” “Антре Гоулд”-ын /одоо түр түтгэлзүүлээд байгаа/3148Х, 3150Х тоот тусгай зөвшөөрлийн талбайд хийх өрөмдлөгийн ажилд 35 сая ам.доллараас илүү хөрөнгө зарцуулсан тохиолдолд, Газрын гадаргуугаас доош 560 м хүртэлх гүнд орших ашигт малтмалын 70% (АГ: 30%) -ийг Газрын гадаргуугаас доош 560м-с гүнд буй ашигт малтмалын 80% (АГ: 20%)–ийг тус тус эзэмшинэ. Айвенхоу Майнз Лимитед тийнхүү 35 сая ам. доллар зарцуулсан тухайгаа 2008 оны 06 дугаар сард “Антре Гоулд”-д мэдэгдсэн байдаг юм байна лээ. Тэгэхээр дээрх хоёр лиценз нь өөр эзэнтэй ч нэдэр дээр Роберт Фрийдландын эзэмшлийн компанийнх болж тааарч байгаа юм. Айвенхоу Майнз лимитед уул уурхайн акул Рио Тинтотой гэрээ байгуулж, хөрөнгө оруулалт авсаар Оюу толгойн хувь эзэмшлийн дийлэнх хувийг өгч, удирдлагаа ч шилжүүлсэн. Тэгэхээр сэргэлэн, зальтайгаараа алдартай Роберт Фрийдланд Оюу толгойн бүлэг ордоос хоёр лицензт талбайг сугалж авч үлдээд, түүнийгээ ашиглалтынх болгоод, шинээр уурхай байгуулах гэж давхар санаалсан байхыг үгүйсгэх аргагүй.
“Антре гоулд” нь Канадын уул уурхайн компани. Монгол болон Невадад уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийгээд байгаа. “Антре гоулд –ын гол хувьцаа эзэмшигч нь Рио Тинто болон Айвенхоу Майнз лимитед компаниуд. Эдгээр гол хувьцаа эзэмшигч нар “Антре гоулд”-ын гаргасан болон эргэлтэд орсон хувьцааны тус бүрнээ 12,9 ба 10,7-ийг эзэмшдэг.
Тэгэхээр Оюу толгой ХХК-ийн гол хөрөнгө оруулагч Рио Тинто групп ч гэсэн дээрх хоёр лицензэт талбайг Оюу толгойн бүлэг ордод хамааруулаад байх сонирхолгүй байгаа дүр зураг ажиглагдаж байна. Эдгээр хоёр лицензэт талбайг Оюу толгойн бүлэг ордод оруулаад Оюу толгой ХХК руу шилжүүлбэл Монголын Засгийн газар 34 хувийг эзэмшинэ. Хэрвээ “Антре гоулд”-ын эзэмшилд байгаад өөрсөдөө хувьцаа эзэмшээд явбал илүү ашигтай гэж үзэж байгаа биз ээ.
Хэрвээ энэ хоёр лицензэт талбайг Оюу толгой ХХК-д шилжүүлэхгүй бол Монгол Улсын Засгийн газар нийт нөөцийн 80 хувийн 34 хувийг эзэмших нөхцөл байдал үүсээд байгаа юм.
Х.Тэргэл www.times.mn