Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд 2020.09.22-ны өдөр “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. Одоогоор тус чиглэлийн бүтээн байгуулалтын ажлын газар шорооны ажил 99.6 хувь, хоолойн ажил 98 хувьтай үргэлжилж байгаа бол дээд бүтцийн 100 км төмөр замыг угсраад байна. Энэ төслийн нэг онцлог нь цар тахалтай холбоотой хил орчмын дэглэм барьж гүүрийн ажлыг дотоодын компаниуд гүйцэтгэж байгаа юм. Эхний гүүрнүүдийн дам нурууг амжилттай угсраад байна. Энэ талаар “Улаанбаатар төмөр зам” ХХК-ийн төслийн удирдагч З.Отгонтөрөөс тодруулахад, “Энэ төслийн газар шороо болон хоолойн ажил дуусах шатандаа орж гол нь гүүрийн ажлууд үлдсэн. Үүнд бид чанар, техникийн шаардлагыг сайн тавих хэрэгтэй. Төслийн хэмжээнд нийт 27 гүүр байгаагаас 13 гүүрийн дам нуруунуудыг бүрэн тавьсан. Бусад гүүрэнд дээд бүтэц тавихад бэлтгэх ажлууд хийгдэж байгаа” гэв.
Гүүрийн ажлын гүйцэтгэл 09 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 83.5 хувьтай явагдаж байгаа бөгөөд дотоодын компаниуд амжилттай гүйцэтгэж байна. Бүтээн байгуулалтад дотоодын 94 аж ахуйн нэгж, 6000 гаруй инженер, техникийн ажилчин, 2900 техник оролцож байна. Доод бүтцийн газар шорооны ажил 99 хувь, хоолойн ажил 97, зөрлөгийн барилга 73, өртөөний барилга 41 хувийн явцтайү үргэлжилж байна. Дээд бүтцийн 54 км-ын ажлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН, 15.8 км-ыг Зэвсэгт хүчний жанжин штаб гүйцэтгэж байгаа аж. Төмөр замын 27 байршилд тавих 2500 орчим метр урт гүүрийн ажлын явц 73 хувь, эрчим хүчний шугамын ажил 60 хувь хүрчээ. “Улаанбаатар төмөр зам” ХНН 11 дүгээр сарын 30-ны дотор дээд бүтцийн барилга, угсралтаа дуусгахаар төлөвлөжээ.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын доод бүтцийн ажил дуусч дээд бүтэц буюу 221 км замын угсралтын ажил өрнөж байгааг албаныхан мэдээлэв.