ЗАСВАР МЕХАНИКИЙН ЗАВОДЫН 2020 ОНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БҮРЭН БИЕЛНЭ

Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын хамт олон оны эхний 11 сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 100-аас дээш хувиар биелүүлсэн байна. Энэ үзүүлэлтээс харахад, 2020 онд дэвшүүлсэн үндсэн зорилтоо бүрэн хэрэгжүүлэх боломжтой гэж тус заводын дарга Б.Баасансүрэн мэдээлэлдээ дурьдав. 

      Ковид-19 цар тахал дэлхий нийтэд тархаж, хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн ч ЗМЗ-ынхан Цутгуурын цехийн үйлдвэрлэлийн технологийг шинэчлэн ашиглалт оруулж, өргөтгөл хийх хугацааны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө нөхөж чадсан байна. Одоогоор энэ онд тус цехэд хийхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралтай цаг үед нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импорт орлох бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, өртөг зардал бууруулах цогц арга хэмжээний төлөвлөгөө гаргаж, 90 хувийг нь хэрэгжүүлжээ. Ингэснээр 3.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэсэн байна. 

     Түүнчлэн хаягдалгүй үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд хоёрдогч түүхий эд болох металлуудын зоргодсыг дахин ашиглах технологи нэвтрүүлж, улмаар ган зоргодос хийх техникийн шийдлээ боловсруулж байгаа аж. Энэ онд тус заводын хамт олны хийсэн нэг томоохон ажил нь хүнд үйлдвэрийн салбарт машин үйлдвэрлэлийн суурь бааз болон хөгжих үндсэн чиглэл, үүрэг оролцоогоо тодорхойлж, техник эдийн засгийн нарийвчилсан үндэслэл, техникийн даалгавар зэргийг боловсруулж гаргасан явдал юм. Эрдэнэт үйлдвэрийн ЗМЗ-д өргөтгөл, шинэчлэл хийж, хөгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан төлөвлөгөөний дагуу уг ажил хийгдсэн байна.

М.Балжинням
Фото: Б.Баттөгс

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »