Рио Тинто группийн буцалтгүй тусламжаар байгуулсан PCR/ПГУ шинжилгээний цогц лабораториудын эхнийх нь нээлтээ хийлээ

ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ПГУ лабораторийн үйл ажиллагааны био аюулгүй байдлын шаардлага хангахад ашигладаг 19 тоног төхөөрөмжөөс бүрдэх олон улсын жишигт нийцсэн ДӨРВӨН лабораторийн ЭХНИЙХ нь ийнхүү иргэдэд үйлчлэхэд бэлэн боллоо.

Рио Тинто группийн 1.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд олон улсын жишигт нийцүүлэн байгуулж буй 19 төрлийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдээс бүрдсэн дөрвөн PCR/ПГУ шинжилгээний цогц лабораторийн эхнийх нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд байгуулагдаж, өнөөдөр нээлтээ хийлээ. Үлдсэн гурван лабораторийн тоног төхөөрөмжүүдийн дийлэнх нь ирсэн бөгөөд тэдгээрийг Улаанбаатар хотод Улсын хоёрдугаар төв эмнэлэг болон Монгол улсын эдийн засагт чухал нөлөөтэй хил орчмын бүс нутагт буюу Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгүүдэд байгуулах юм. Мөн төслийн хүрээнд тоног төхөөрөмжүүд дээр ажиллах мэргэжилтэн, боловсон хүчинг амжилттай сургалтад хамруулаад байна.

10 / 10

КОВИД-19-ын тархалт эрчимжиж буй энэ үед эмнэлэгийн байгууллагаар очиж үйлчлүүлэхгүй зайнаас эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийг төслийн хоёр дахь хэсэг телемедицин буюу эмнэлгийн зайн тусламж үйлчилгээгээр олгож байгаа. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нийт 14 өрхийн эмнэлэгт зайнаас тусламж үзүүлэхэд шаардлагатай таблет болон эрүүл мэндийн үзлэгийн багц хэрэгслүүдийг мөн лабораторийн нээлтийн үеэр гардууллаа.

“Засгийн газрын зүгээс эдгээр лабораторийн үйл ажиллагааг цаашид тогтвортой үргэлжлүүлэх тал дээр анхаарч байгаад бид баяртай байна. Улсын болон орон нутгийн удирдлагууд шинээр байгуулж буй лабораториудын мэргэжилтнүүдийг бэлтгэх, эмнэлгийн байгууламжийг лабораторид зориулан засварлахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэсэн. Энэ төсөл бол Нэгдсэн Үндэстний Байгууллага олон нийт ба хувийн хэвшлийн хамтын ажиллагааг холбож өгсөн гайхалтай жишээ юм.” хэмээн Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава хэллээ.

ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу олон улсын шаардлагад нийцсэн эдгээр лабораторийг ашиглалтад оруулснаар Монгол улс нийт 38 PCR/ПГУшинжилгээний лабораторитой болж, өдөрт 42 мянган сорьц шинжлэх хүчин чадалтай болж байгааг Эрүүл Мэндийн Яамнаас тэмдэглэсэн.

Рио Тинто групп үйл ажиллагаа явуулдаг улс орнууддаа цар тахлын эсрэг ба урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн арга хэмжээнд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Энэ хүрээнд Монгол улсад коронавирус төдийгүй бусад бүх төрлийн халдварт өвчний вирусыг шинжлэх хүчин чадал бүхий эдгээр лабораториудыг хандивласан бөгөөд ийнхүү эхнээсээ ашиглалтад орж байгаад бид баяртай байна. Цаашид ч КОВИД-19 цар тахлын хор уршгийг даван туулахад бид дэмжлэг үзүүлэн ажиллах болно” гэж Рио Тинто группийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Х.Амаржаргал мэдээллээ. Мөн Рио Тинто группийн Монгол дахь салбараас Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгтэй хамтран хөл хорионы үед санхүүгийн нөхцөл байдал нь хүндэрсэн 3420 өрхөд хүнсний болон түлшний буцалтгүй тусламж үзүүлээд байгаа юм.

Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Ковид-19 цар тахал бид бүхний тэсвэр хатуужил, бэлэн байдлыг сорьж байна. Үүний зэрэгцээ өөрийн ажиллагсдын эрүүл мэнд, болон бусад бүх талаар анхаарч, уурхайн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэхэд онцгойлон анхаарч байна. Ингэснээр бид Монгол Улсын эдийн засагт хувь нэмрээ үргэлжлүүлэн оруулж, нийгмийн сайн сайхан байдалд дэм болно. Бид бүгд хамтдаа энэ цар тахлыг даван туулж, сорилт бэрхшээл бүхний ард хамтдаа гарах болно” гэв.PCR/ПГУ шинжилгээний лабораторийн нээлт 2021 оны хоёрдугаар сарын 05 өдөр Улаанбаатар хотын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд боллоо. Лабораторийн нээлтийн үйл ажиллагааны зураг болон бичлэгийг ЭНД дарж татаж авна уу.

Төслийн тухай

2020 оны 10 сард Рио Тинто групп 602,000 ам.доллар буюу 1.7 тэрбум төгрөгтэй тэнцэх буцалтгүй тусламжийг Монгол Улсад КОВИД-19-ийн эсрэг хариу арга хэмжээнд зарцуулахаар болсоноо зарласан юм. Энэ хүрээнд “Урьдчилж мэдье, хүрч үйлчилье” уриатай “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийг Оюу толгой ХХК болон НҮБ-ын Хүн амын сангийн хамт хэрэгжүүлж,PCR/ПГУ шинжилгээний лабораторийн үйл ажиллагааг био аюулгүйн байдлын шаардлагын дагуу зохион байгуулахад ашигладаг 19 нэр төрлийн төхөөрөмж, дагалдах хэрэгслүүд бүхий цогц лабораторийг Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг, Улаанбаатар хотод Улсын хоёрдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ гэсэн 4 газар байгуулахаар ажиллаж байна.

ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу, КОВИД-19 цар тахал болон халдварт өвчний оношилгоонд тавигддаг олон улсын стандарттай нийцсэн цогц лабораторитой болоод зогсохгүй эдгээр тоног төхөөрөмж дээр ажиллах эмч, мэргэжилтнүүдийг сургаж, дан ганц коронавирусын оношилгоо шинжилгээ гэлтгүй томуу, антибиотик тэсвэртэй сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчин зэргийг илрүүлэхэд тустай юм.

Төслийн хүрээнд Монгол Улсын PCR / ПГУ лабораторийн оношилгооны чадавхыг нэмэгдүүлж буйгаас гадна анхан шатны эрүүл мэндийн төвүүдэд телемедицин буюу зайн тусламж үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм. Бид баг, хороодын анхан шатны эрүүл мэндийн ажилчдыг зайн харилцаа холбооны технологиор дамжуулан иргэдэд хүрч үйлчлэхэд шаардлагатай нийт 86 таблет, 14 зөөврийн компьютер болон бусад шаардлагатай эмнэлгийн хэрэгслүүдээр хангаж байна.

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »