Дэлхийд олборлож буй нийт газрын тосны 84 хувийг эрчим хүчний түүхий эд, үлдсэнийг нь химийн үйлдвэрийн түүхий эд болгон хэрэглэдэг байна. Газрын тосны аж үйлдвэрийн үйл ажиллагаа нь дээд, доод урсгалтай. Энэ хоёр шат тус бүрдээ гурван үетэй билээ. Дээд урсгал гэж хайгуул, олборлолт, хадгалалтыг хэлдэг бол доод урсгал гэж тээвэрлэлт, боловсруулалт, борлуулалтын үеийг хэлэх аж. Эндээс манай улс шууд л доод урсгалыг хэрэгжүүлэх гэж яриад байдгийг уншигч та төвөггүйхэн ойлгох байх.
Монгол бага хэмжээний газрын тостой хэдий ч олборлож, ашиглаж, хэрэглэж чадахгүйгээсээ болоод өнөөдөр шатахууны үнэ огцом нэмэгдэж хойд хөршийнхөн хийгээд дотоодын нефть ипортлогч компаниудын аманд багтаж хоорондоо хэрүүлийн алим шидэлцэж залхлаа. Монгол улсад газрын тосны илэрц байгаа, харин хайгуул хийгээд ядаж дотоодын хэрэгцээг хангачих хэмжээгээр олдоогүй ч, олборлолт явагдаж, бүр экспортлож ч байгаа гэж еconet.mn-д бичжээ.
Манай улсын хувьд Дорнодын талд Орос ах нартай дотно харилцаатай байсан үеэс эхлэн газрын тосыг тодорхой хэмжээгээр илрүүлэхээр хайгуул, судалгаа хийж байсан мөр бий. Бага хэмжээгээр боловруулалт хийж байсан ч түүх бий. Харин 2000 он гарангуут л Хятадын хөрөнгө оруулалттай “ПетроЧайна Дачин Тамсаг” компани Дорнодын талд газрын тосны хайгуул хийж, Засгийн газартай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 2005 оноос олборлолт явуулж байгаа билээ. Аль эрт, тодруулбал IV зуунд Хятадад 243 метр гүнтэй анхны газрын тосны цооногийг өрөмдөж байсан түүхтэй болохоор энэ ажилд тэд бусдаас туршлагатай байлгүй яахав.
Хятадууд Дорнодоос олборлох газрын тосны хэмжээ нэмэгдэхийн хэрээр манай улсын Засгийн газарт төлөх мөнгө нэмэгддэг тул үе үеийн засгийнханд зүгээр суугаад орж ирэх мөнгийн хүлээх нь ашигтай байсан болов уу. Тэрнээс биш газрын тосны салбарыг хөгжүүлэх гэж 20 жил аман PR-дсанаас биш Матадад ганц донке хэрхэн “хатгах” билээ гэж тэд зүтгээгүй нь үнэн. Дарга ангийнхан биенээ буруутгаад л өнгөрдөг жишгээс цааш энэ салбарт амжилт олсонгүй.
Энэ хэдэн жил монголчууд өөрсдөө газрын тос олборлох, газрын тосны үйлдвэр барих талаар баахан мэдэмхийрч дэмий маргасан. Үүний эцэст муу нэртэй УИХ-ынхан жаахан ч гэсэн ажил хийсэн болж “Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах тухай ажлыг эрчимжүүлэх” тогтоолыг батлав. Одоо бид энэ тогтоол нэр шигээ хурдхан эрчимжиж, газрын тосны боловсруулах үйлдвэр баригдахыг хүлээх л үлдлээ. Тэр цагт монголчууд шатахууны хараат байдлаас бага багаар ч гэсэн гарах байлгүй гэж өөдрөгөөр төсөөлөн найдаж сууя. Биднийг ингэж маргаж, нэгнийхээ санааг чамлаж, олзоо “булаалдах” зуурт “ПетроЧайна Дачин Тамсаг” компани ямар ажил амжуулав.
Талаар нэг адуун сүрэг бэлчиж байгаа аятай донке буюу морин толгойн тоог Дорнодын талд нэмж даруй 110 болгов. Үүнийг гадны улсуудтай харьцуулахад нэг их сүйд болохоор ч тоо биш л дээ. Яагаад гэвэл хятадын газрын тосны хотуудад, хот газар мал идээшилж байгаа аятай тос нэрэх төмөр сүрэг арав алхаад л таардаг учраас тэр. Зөвхөн Дачин хотод л гэхэд 110 мянган ширхэг морин толгой ажиллаж улс орныхоо хэрэгцээг хангахаар бензин, дизель түлш, тийрэлтэт хөдөлгүүрийн түлш, шингэрүүлсэн хий тос болон тослох материал гаргахаар зүтгэж буйг харж байлаа. Гэлээ гээд Дачингийн орд хоосорсонгүй. Хагас зуун жилийн тэртээх зэлүүд газарт өнөөдөр томоохон хот суурин үүсч, улсынхаа тосны хэрэгцээг хангахын зэрэгцээ хоёр сая гаруй хүн амыг тэжээх эдийн засагтай болжээ. Монголчууд бид хоосон чалчиж, цэцэрхэхийн оронд тэднээс суралцмаар л байгаа юм.
Газрын тосны олборлолтын ачаар Тамсагийн тал өнөөдөр тэнгэрт түгсэн одод мэт гэрэлтэй болсон. Чойбалсангийн цахилгаан станцаас Тамсагийн газрын тосны орд газар хүртэл 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам татсаныг нүдээр үзлээ. Үүний нийт урт нь 188.6 км гэж байв. Зураг төслийн ажлыг “Баясалтөгс” компани, барилгын ажлыг “Илч Хангай”, “Дорнод бүсийн цахилгаан түгээх сүлжээ” компани гүйцэтгэжээ. Эндхийн байгууламжийн ачаар Матад сум цахилгаантай болсон тухай дарга нар тууз хайчилж буй мэдээг шинэ оны өмнөхөн зурагтаар үзлээ. Эндээс нэг дүгнэлт хиймээр санагдав. Бид шоудах ажилдаа гарамгай юм байна гэж. Бусдын хийсэн ажлын сонин нь манай улсад өмнө нь ашиглаж байгаагүй цахилгаан дамжуулах хоёр тулгуурт шонг татсанд байв. Эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлсэн болохоор манай дарга нар магтах үгээ олохгүй байгаа бололтой. Тэр битгий мэргэжлийн хяналтынхан зэрэг олон байгууллага манай улсад байгаагүй энэ хүчин чадал сайтай станц, хоёр тулгуурт баганыг хэрхэн дүгнэж хүлээж авахаа мэдэхгүй байгаа дуулдсан. Урд хөршид явж байхад бүхий л хот, тосгонд ийм шон татсан байдаг юм билээ. Ядаж л хүчтэй салхинд гулзайж унадаггүй гэх мэтээр байгалийн элдэв үзэгдэлд тэсвэртэйгээрээ шалгарсан гэдэг юм билээ.
Д.Мягмар