“Хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааг бичил уурхайн хэлбэрт оруулах нь” сэдэвт үндэсний форум боллоо

2013-02-27bichil

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор Уул уурхайн газар, Ашигт малтмалын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааг бичил уурхайн хэлбэрт оруулах нь” сэдэвт үндэсний форум зохион байгууллаа.

Форумд УИХ, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл, яам, агентлагийн ажилтнууд, Хүний эрхийн үндэсний комисс, бичил уурхай бүхий аймаг, сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, иргэний нийгмийн байгууллага, бичил уурхайчдын төлөөлөл оролцов.

Монгол Улс ашигт малтмалаа эргэлтэд оруулснаас үүссэн нэг шинэ үзэгдэл нь хувиараа ашигт малтмал олборлогчид буюу нинжа нар. Тэднийг хэрхэн хууль эрх зүйн орчноор хангах, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын зүгээс хувиараа ашигт малтмал эрхлэгчидтэй ямар зарчмаар хамтран ажиллах, ямар тохиолдолд тэдний үйл ажиллагааг хязгаарлах зэрэг асуудлаар форумд оролцогчид санал бодлоо солилцов.

Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага өөрийн нутаг дэвсгэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт уул уурхайн үйл ажиллагааг бүрэн болон хэсэгчлэн хориглох эрхтэй. Мөн ашигт малтмал эрж хайх, олборлох эрхийг өгөх, өгөхгүй нь тухай орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх гэдгийг форумд илтгэл тавьсан албаны хүмүүс онцолж байсан юм. Гэрээний үүргээ биелүүлээгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх, тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй гэдгийг ч хэллээ.

Бичил уурхай хөгжсөн газруудад нөхөн сэргээх стандарт тогтоох шаардлагатай. Тайрсан нэг модны оронд 10 мод тарих, бохирдуулсан гол, усыг цэвэршүүлэх стандарт тогтоох, түүнд хяналт тавихад иргэдийн оролцоог сайжруулах талаар форумд оролцогчид санал бодлоо илэрхийллээ.

Хувиараа ашигт малтмал эрхлэгчид байгаль орчныг хайр гамгүй сүйтгэсний улмаас гол ус ширгэх, бохирдох, мөнх цэвдэг хайлах, мал бэлчээрлэх газаргүй болох, ой мод сүйдэх зэрэг байдал Төв, Баянхонгор, Сэлэнгэ зэрэг аймагт илүү их байгааг аймгуудын төлөөлөгчид хэлж байв. Иймээс хууль, эрх зүйн орчныг яаралтай шинэчилж хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааг бичил уурхайн хэлбэрт оруулах шаардлагатай болсныг оролцогчид онцлов.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж илтгэлдээ орон нутгийн засаг захиргаа, гар аргаар ашигт малтмал эрхлэгчдийн хооронд үл ойлголцол үүссэний улмаас бичил уурхай эрхлэгчдийг хөөх, хүний эрхэнд нь халдах зэрэг үйлдэл гардгийг хэлж байв. Уул уурхайн бизнесийн орчин хангалтгүйн улмаас хүний эрх зөрчигддөг, бичил уурхай эрхлэгчид, орон нутгийн засаг захиргааны хооронд үл ойлголцол үүсдэг тул хууль эрх зүйн орчин сайн байх ёстой гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр форумыг хааж хэлсэн үгэндээ “Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг нэн түрүүнд батлах ёстой. Геологи, уул уурхай, эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогоо эхлээд гаргая. Иргэний нийгмийн оролцоог яаж хангах талаар тусгая. Бодлого боловсруулах ажлын хэсэг гаргая. Холбогдох яамтайгаа хамтарч ажиллая. Үүний дараа Ашигт малтмалын тухай хуулиа шинэчилж гаргая. Бичил уурхай тойрсон асуудлаар нэг удаа цугларч ярилцаад бухимдлаа тайлаад өнгөрөх ёсгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгч ашигт малтмалын эргэн тойрны асуудалд анх удаа анхаарлаа хандуулж байна. Энэ сэдвээр Иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлэг хийлгэлээ. Энэ ажил цааш үргэлжлэх ёстой. Шинэчлэлийн Засгийн газар эрх зүйн орчныг сайжруулах тал дээр анхаарч ажилах ёстой” гэлээ.

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

One comment

  1. Celeste! Thanks! We did a Meleste episode! Haha. So much fun filming with you. Thanks for stepping up and for sharing such an interesting case. I’m thinking if everyone had one of those buttons &#2a#0;inst2lled&88221;, the world would be a happier, more peaceful place. Hope we can do it again sometime!Meredith

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »