Ашигт малтмалын газрын Региональ судалгааны тасгийн дарга Д.Оюунцэцэгтэй ярилцлаа.
-Монгол Улсын ашигт малтмалын региональ судалгаа өнөөгийн төвшинд ямар байна вэ. Түүнчлэн региональ судалгааны талаар танилцуулахгүй юу?
-Ашигт малтмалын газрын Региональ судалгааны тасаг улсын төсвийн хөрөнгөөр хйиж байгаа региональ судалгааны асуудлыг хариуцаж ажиллада. Одоогоор улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа судалгаа нь үндсэндээ дөрвөн чиглэлээр явагдаж байна. Үүнд, “1.1:200000-ны масштабтай геологийн зураглал буюу улсын геологийн зураг 200” төсөл. Хоёрдугаарт, “1:50000-ны масштабтай геологийн зураглал ерөнхий эрлийн ажил”. Гуравдугаарт, сэдэвчилсэн судалгааны ажлууд , тэгээд хамтын ажиллагааны олон улсын төслүүд хамаарагдаж байна.
Монгол Улсын нутаг дэвсгэр нь 1:200000-ны масштабтай геологийн зураглалаар бүрэн бүрхэгдчихсэн. Гэхдээ энэ нь социализмын үед янз бүрийн цаг хугацаанд, янз бүрийн төвшинд хийгдсэн. Зах зээл хөгжөөд олон улсын хэмжээнд энэ зургуудыг тоон мэдээлэд оруулах шаардлага гараад, 2001 оноос дахиад хэрэгжиж байгаа юм. 1:200000-ны масштабтай геологийн зураглал манай улсад өнөөдрийн байдлаар дөрвөн төсөл хэрэгжиж байгаа, өнгөрсөн онд хэрэгжиж дууссан дөрвөн төслийн үр дүнгийн тайлан хэлцэгдэх гэж байна. 2013 онд дөрвөн төсөл шинээр хэрэгжинэ. 2014 он дуусахад УГЗ-200 төсөл газар нутгийнхаа 78 хувийг тоон мэдээлэлд оруулж дууссан, иж бүрдэл зураг зохиосон байна. Шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсанаар 2016 он дуусахад 1:200000-ны масштабтай геологийн иж бүрдэл зураг зохиох ажил 100 хувь хэрэгжиж, Монгол орны нутаг дэвсгэр бүрэн бүрхэгдэнэ.
-Тэгвэл 1:50000-ны геологийн зураглал нь ямар ялгаатай юм бэ. Дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?
-1:50000-ны масштабтай геологийн зураглал ерөнхйи эрлийн ажил нь УГЗ-200 төслөөс масштабын нарийвчлалаар ялгагдана. Энгийн үгээр илэрхийлбэл 500м тутамд геологийн судалгаа хийгдэж, геологийн мөр гарч байгаа юм. Монгол нутгийн 29,7 хувь нь 1:50000-ны масштабтай геологийн зураглал ерөнхий эрлийн ажлаар бүрхэгдчихлээ. Үлдсэн талбайд төслийн ажил эрчимтэй явагдаж байгаа. Одоогоор хэрэгжиж байгаа 26 төсөл бий. 2013 онд шинээр эхлэх 10 төсөл тендер шалгаруулалтын үе шатанд явж байна. Энэ оноос Чех улсын хөрөнгө оруулалтаар Монгол Алтайн нутагт 1:50000-ны масштабтай геологийн зураглал ерөнхий эрлийн ажил хэрэгжиж эхэлнэ.
-Ер нь региональ судалгаа гэдэг маань ямар ямар сэдвийг хамарч байна вэ. Лицензийн судалгаанаас юугаараа ялгаатай юм бэ . Мэргэжлийн энэ мэдээллийг иргэдэд тайлбарлаж өгөхгүй юу?
-Региональ судалгаа маань Монгол Улсын нутгийн хэмжээнд эрдэс түүхий эдийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх , бүс нутгийн геологийн тогтоц, ашигт малтмалын төрөл ангилал , шинж чанар,тархацын зүй тогтол , хэтийн төлөвийг тодорхойлох геологийн судалгааны ажил юм. Лицензийн талбай гэдэг нь региональ судалгаа хийгдсэн талбайн нэг хэсэг, жижиг хэмжээний талбайд тодорхой ашигт малтмалын төрлөөр эрэл хайгуулын ажил хийж байгаа. Ер нь геологийн судалгааны үе шат нь региональ судалгаа, дараа нь эрлийн, хайгуулын гээд үндсэн гурван хэсэгтэй.
-Тэгвэл сэдэвчилсэн судалгаанд юу юу хамаарч байна вэ?
-Аж үйлдвэр хөгжиж байгаа болон ашигт малтмал ихээр олборлолт явуулж байгаа бүс нутагт геологийн судалгаа, газар доорх усны болон геоэкологийн судалгаа хийх чиглэлээр сэдэвчилсэн судалгааг хэрэгжүүлж байна. 2012 онд Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор орчмын талбайг судлах үнэлгээ өгөх зорилгоор 1:25000-ны масштабын агаарын геофизикийн судалгааны ажил , Өмнийн говийн районд гидрогеологи экологийн судалгааны “Өмнийн говь” төсөл хэрэгжсэн. Энэ онд Өмнийн говийн районд гидрогеологи экологийн судалгааны “Өмнөд говь” төсөл үргэлжлэн хэрэгжиж байна. Энэ онд шинээр сансрын зураг ашиглан боловсруулалт хийж, гурван хэмжээст геологийн зураг зохиох төсөл, Монгол орны газрын ховор шороон элементийн металлогени , түүний хэтийн төлөвийн судалгааны төсөл шинээр хэрэгжинэ.
-Тэгвэл хамтын ажиллагааны хувьд ямар ямар төсөл дээр ажиллаж байна вэ?
-Хамтын ажиллагааны хувьд 2012 онд Монгол улс, БНХАУ-тай хамтарсан хилийн бүсийн 1:1000000-ын масштабтай геологийн иж бүрдэл зураг зохиох төсөл , Монгол улс, БНХАУ-тай хамтарсан хилийн бүсийн 1:1000000 масштабтай геохимийн зураг зохиох төсөл амжилттай хэрэгжсэн. 2013 онд ОХУ, БНХАУ, БНСУ, Казакстан улстай хамтарсан Хойд-Төв-Зүүн Азийн гурван хэмжээст геологийн структурууд ба металлогений төсөл үргэлжлэн хэрэгжиж байна. Энэ төслийн хүрээнд Азийн хэмжээнд 1:2500000-ны масштабтай геологи, тектоник, энергийн түүхий эдийн зургууд гарчихаад байна. Мөн Монгол Улс , БНСУ-тай хамтран Төв Монголын хүдрийн бүсийн геологийн судалгааны төсөл үргэлжлэн хэрэгжинэ. Цаашдаа Франц, Польш, Япон улсуудтай хамтран ажиллахаар яригдаж байна.
-Ховор элементийн зураглалын хувьд ямар онцлог ажиглагдаж байна вэ. Сүүлийн үед газрын ховор элементийн талаар ихээхэн ярих боллоо?
-Энэ талаар манай геологичдын хийсэн судалгааны ажлууд их бий. Газрын ховор шороон элемент гэж нэрлэж байгаа. Энэ талаар энэ жилээс сэдэвчилсэн судалгааны ажил эхлэх гэж байгааг би дээр хэлсэн.
-Региональ судалгаа Монгол Улсад илүү сайн хөгжихөд гарч буй хүндрэл нь юу байна вэ?
-Шинэчлэлийн Засгийн газраас геологийн судалгааны ажилд зарцуулах санхүүжилтийг жил бүр нэмэхээр төлөвлөж байгаа нь сайн хэрэг юм. Энэ мөнгөний ихэнх нь региональ судалгаанд зарцуулагдана гэж харагдаж байгаан. Энд гарч байгаа нэг хүндрэл бол геологийн судалгааны ажлын норм, нормчлолыг шинээр тогтоохгүй бол судалгааны ажлын чанарт нөлөөлөх байдал гараад байгаа. Түүнээс гадна орон нутагт региональ судалгаа хийхэд нутгийн удирдлага, ард иргэд нилээн хүндрэл учруулж байна. Региональ судалгааг лицензийн талбайд хийж байгаа эрэл , хайгуулын ажлын хэмжээнд ойлгоод байгаа нь хүндрэлтэй байна. Энэ талаар төрөөс зохицуулалт хиймээр санагддаг.