Монгол Улсад гуравдах удаагаа зохион байгуулагдаж байгаа “Coal Mongolia-2013” олон улсын чуулга эхлэж 10 гаран орны 7400 гаран төлөөлөгчид оролцож байгаа. Уулзалтанд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болоод монголын уул уурхайн компанийн төлөөлөл оролцож байна.
Энэхүү олон улсын чуулга уулзалтад Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Монгол Улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавьсан.
Уул уурхайн сайд илтгэлдээ “Нүүрс нь эрчим хүч, төмөрлөгийн үйлдвэрлэл болон шингэрүүлсэн хийн түлшний түүхий эд төдийгүй, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал нөлөөтэй үнэт баялаг юм. Монгол орны хэмжээнд нийт 15 сав газрын хүрээнд 300 гаруй орд, илрэл байгаа бөгөөд манай орон нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний 10-т, нэг хүнд ногдох хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэх байранд орж байгаа. Энэ утгаараа нүүрсний салбар нь Монгол Улсын өрсөлдөх чадвартай салбарын тоонд зүй ёсоор орох нь нийтлэг ойлголт” гэсэн байна.
Нүүрсний салбарт баримтлах бодлогын хүрээнд Дэлхийн зах зээлийн нүүрсний үнэтэй тэнцэхүйц үнээр нүүрсээ борлуулахын тулд, олон улсын жишигт нийцсэн боловсруулалт хийх, худалдан авалтанд өрсөлдөөн бий болгоход чиглэсэн төмөр зам зэрэг шинэ тээвэр, ложистикын бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа гэнэ. Үүний зэрэгцээ нүүрсний салбарт экспортын нэгдсэн нэг цонхны бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Нүүрсний бирж” хөтөлбөр боловсруулж, холбогдох эрх зүйн орчинг бүрдүүлэх юм байна.
Шинэчлэлийн Засгийн газар, Уул уурхайн яам нь кокс-хими, нүүрс-химийн үйлдвэрлэл хөгжүүлэх, гадаад зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх байгаль орчинд хор нөлөө багатай технолог бүхнийг дэмжинэ гэдгээ онцлов.
Уул уурхайн сайд илтгэлийнхээ төгсгөлд Нүүрсний салбар нь Монгол улсын олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай салбар бөгөөд, энэ агуулгаараа улсын эдийн хөгжилд стратегийн маш чухал ач холбогдолтой салбар болж байна. Иймээс энэ салбарыг хөгжүүлэхэд Шинэ шийдэл бүхнийг, тухайлбал шинэ техник, технологи, менежмент, маркетинг,хөрөнгө оруулалт зэргийг дэмжиж ажиллах болно гэлээ.