Эдийн засгийн хөгжлийн сайд Н. Батбаяр өчигдөр буюу 5 дугаар сарын 20-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооны дарга Б. Гарамгайбаатар, УИХ-ын гишүүд Д. Зоригт болон С. Бямбацогт нарын хамт Өмнөговь аймагт томилолтоор ажиллаж байна. Аялалын хүрээнд Тавантолгойн коксжих нүүрсний сав газарт үйл ажиллагаа явуулж буй Тавантолгой ХК, Эрдэнэс Тавантолгой ТӨК, мөн Энержи Ресурс ХХК-ийн уурхай, бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцлаа.
Орон нутгийн буюу “жижиг” Тавантолгой гэгддэг Тавантолгой ХК-ийн уурхай дээр өглөө 10 цагийн үед очиход нүүрс олборлолт, ачилтын ажил ид явагдаж байв. Тус компанийн гүйцэтгэх удирдлагын ажилтнуудын хэлсэнээр, хэдийгээр нүүрсний зах зээл уналттай, бүтээгдэхүүний үнэ бага байгаа ч, тус уурхай нь ашиглалтын зардлаа харьцангуй бага байлгаж чадсанаар борлуулалтаа үргэлжлүүлсээр байгаа аж. Уурхайн аман дээрээс гэрээт худалдан авагчиддаа нэг тонн коксжих нүүрсийг 44 мянган зарж байгаа бөгөөд үүнд тээврийн зардал ороогүй гэнэ. Харин нүүрс олборлолтын зардал татвар ба элэгдэл тооцолгүйгээр тонн тутамд 36 мянган төгрөг гарч байгаа юм байна.
Н. Батбаяр сайд болон албаны хүмүүс мөн Эрдэнэс Тавантолгой төрийн өмчит компанийн эзэмшилд байдаг Зүүн болон Баруун Цанхийн уурхайн ажилтай танилцлаа. Зүүн Цанхийн уурхай нь 2011 оноос бүтээгдэхүүнээ урд хөршид экспортлож эхэлсэн ба одоогоор нийт 3,5 сая орчим тонн коксжих нүүрсийг БНХАУ-ын Чалко компанитай байгуулсан гэрээний дагуу нийлүүлээд байгаа юм байна. Тус компанийн ерөнхий захирал Я. Батсуурь уг гэрээ нь ашиггүй, үнийг маш доогуур тогтоосон учир зөвхөн зардлаа ихээхэн танаж байж экспортолсон нүүрсний тонн тутамд алдагдал хүлээлгүйгээр ажиллаж байгаагаа дурьдаж байв. Харин гадаадын хэд хэдэн компанид хуваан эзэмшүүлнэ хэмээн түрүүчийн Засгийн газрын үед шийдээд байсан Баруун Цанхийн уурхайд тус компани дотоодын туслан гүйцэтгэгч хөлслөн хөрс хуулалтын ажлыг хийж дуусаад, энэ жилдээ багтаан олборлолтоо эхлэх бэлтгэлтэй болоод байгаа юм байна. Я. Батсуурь захирлын хэлснээр, Баруун Цанхи нь Чалкотой хийсэн гэрээнд багтаагүй учир худалдан авагчаа чөлөөтэй сонгож, илүү өндөр үнээр бүтээгдэхүүнээ борлуулж болох тул компанийн хувьд ашигтай ажиллах гол нөхцлийг бүрдүүлж байгааг онцолж байлаа.
Үүний дараа Эрдэнэс Тавантолгой компанийн талбайтай залгаа үйл ажиллагаа явуулж буй Энержи Ресурс компанийн Ухаа худаг уурхай, тус компанийн барьж байгуулсан нүүрс баяжуулах үйлдвэр болон жилд 1- МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцтай танилцав. Компанийн ерөнхийлөгч Ж. Оджаргалын хэлсэнээр, нүүрсээ баяжуулж чадсанаар тонн тутамд 10 орчим долларын нэмүү өртөг үүсгэж байгаа нь бүтээгдэхүүнээ илүү өндөр үнээр борлуулах боломжтой болгож байгаа аж. Гэвч одоогийн байдлаар тээвэрлэлтийн зардал асар өндөр тул энэ асуудлыг төмөр зам барьж нэгмөсөн шийдэрлэх хэрэгтэй гэж байсан юм. Тухайлбал уурхайгаас Цагаан хад хүртэл 260 км тээвэрлэлтийн зардал тонн тутамд 8 ам.доллар болдог бол цаашаа БНХАУ-ын талын боомт болох Ганцмод хүртэл 20 км-ийн тээвэрлэлтийг Хятадын компаниуд 9 ам.доллараар хийдэг аж. Үүний шалтгаан нь олон удаагийн дахин ачилт, хилээр автомашинаар нэвтрэхтэй холбоотой цаг алдах байдаг бөгөөд төмөр зам барьсан тохиолдолд уг хүндрэлүүд арилж, тээврийн зардлыг бүхэлд нь хоёр дахин багасгах боломжтойг онцолж байлаа.
Н. Батбаяр сайд эдгээр гурван компани нь манай улсын экспортын орлогыг бүрдүүлэхэд маш чухал байр суурь эзэлж байгааг онцлоод нэгэнт зэргэлдээ орших “зовлон нэгтэй” байгууллагууд тул асуудлуудаа хамтарч шийдэх, үүнд төр болон хувийн хэвшил хамтран түншилж ажиллавал хамгийн сайн үр дүнд хүрч болохыг онцолж байлаа. Чингис бондын эх үүсвэрээр барьж байгуулахаар шийдвэрлэсэн 450 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын бүтээн байгуулалтад эдгээр компаниуд хэрхэн оролцох талаар тодорхой санал солилцов. Мөн Н. Батбаяр сайд Цогтцэций сумын хувьд нэгэнт хүн амын тоо 15 мянга хүрч, өргөжин тэлж байгаа тул сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон аж ахуйн нэгжүүд сумын иргэдийн нийгмийн асуудалд анхаарал тавих нь чухал гэдгийг дурьдаж байлаа.
Аялалын баг маршрутын дараагийн хэсэг болох Оюутолгой ордод үдээс хойш очмогц саяхан ашиглалтад орж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа зэсийн хүдрийн баяжуулах үйлдвэртэй танилцлаа. Уг төслийн хувьд нийт 5200 гаруй ажилтантай бөгөөд эдгээрийн 3500 орчим Монголчууд байгаа юм байна. Баяжуулах үйлдвэрт одоогоор 720 мянган тонн зэс, алтны баяжмал төвлөрүүлээд байгаа бөгөөд энэ оны 6-7 дугаар саруудад экспортлож эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Н. Батбаяр сайд баяжмалын лабораторийн шинжилгээний ажилтай нарийвчлан танилцсан бөгөөд үйлдвэрийн ажилтны тайлбарлаж буйгаар 576 мянган тонн тутамд зэс, алт, мөнгө, молибдены дундаж агуулгыг тооцоолон бодож үнээ тогтоох боломжтой аж. Одоогоор тус үйлдвэр нь дунджаар 27 хувийн зэс болон тонн тутамд дунджаар 10 граммын алтны агуулгатай баяжмал үйлдвэрлэн тусгай сав баглаанд хийж, экспортлоход бэлдээд байгаа юм байна.
Оюутолгойгоос 17 цагт хөдөлсөн аялалын багийнхан Гашуун Сухайтын боомтыг дайран Өмнөговь аймгийн бас нэгэн үндэсний бүтээн байгуулалт болох Цагаан Суваргын ордын зүг хөлгийн цолоо заллаа.
АВСТРАЛИ ТА 25-ЫГ НЬ АВ,БИД 75–ЫГ НЬ АВНА ГЭСЭН ТОВЧХОН ХУУЛЬТАЙ ГАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД Ч БАЯРТАЙ ХҮЛЭЭН АВЧ ХАРИЛЦАН АШИГТАЙ АЖИЛСАР ИРСЭН.МАНАЙХ БОЛ М.ЭНХБОЛДООС АВХУУЛААД МИНИЙ ХАЛААСАНД ТА ХЭДИЙГ ХИЙХ ВЭ ГЭНЭ.БАНДАН ПАД.