Газар сонголт
Дархан-Уул аймгийн Захирагчийн албаны Эрчим хүч хариуцсан мэргэжилтэн Д.Өлзийтогтохоор газарчлуулан Дархан-газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавьсан газрыг зорилоо. Хонгор сумын нэгдүгээр багийн нутагт 227 га газар авсан гэх мэдээлэл сонсоод тэндээс хөдлөв. Д.Өлзийтогтох гуай “Газрын тосны үйлдвэрийн үйл ажиллагааг эрхлэх “Дархангазрын тос боловсруулах үйлдвэр” компанийн ерөнхий захирал Т.Намжим Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг бариулж байсан юм. Дарханчуудад хоёр том үйлдвэр барьж өгөх учиртай хүн юм байлгүй” гэж зам зуур ярилаа. Дархан-Уулаас найман км давхиад л газрын тос боловсруулах үйлдвэр барихаар сонгосон газарт хүрэв.
Газрын тосны бүтээгдэхүүний том үйлдвэр сүндэрлэн босох шаргал энгэр эл хуль. Сонгосон газрынхаа хилийг эмжин ховил гарган ухсан байлаа. “Удахгүй хашаа барих юм гэсэн” хэмээн Д.Өлзийтогтох хэлэв. Энэ газар нь Шарын голын нүүрсний уурхай руу явдаг төмөр замын хойд талыг эмжиж, төв авто замаас зүүн тийш хоёр км орчим зайд орших аж. Сонгосон газрын яг дэргэд Гурван шарын хэмээн нэрлэдэг эрчим хүчний дэд станц байх. Дархан газрын тос боловсруулах үйлдвэр тэндээс эрчим хүчээ авах гэнэ. Дархан-газрын тос боловсруулах үйлдвэр барих байршлыг сонгосон байдлыг нягтлан үзвэл, Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий тос олборлодог газарт нь бус, харин бэлэн бүтээгдэхүүний хэрэглээ ихтэй бүс нутагт байгуулдаг олон улсын жишиг бий. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээний 90 орчим хувь нь Эдийн засгийн төв бүс буюу Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон зэрэг аймгуудад ногддог онцлогтой. Тиймээс газрын тосны бүтээгдэхүүний гол хэрэглээтэй төвийн бүсийн нэг тулгуур хот болох Дархан-Уул аймагт байгуулах нь зүйтэй гэж үзжээ.
Энд Дархан-газрын тос боловсруулах үйлдвэрийг барина
Мөн газрын тос боловсруулах үйлдвэрийн байршлыг сонгох нэг гол хүчин зүйл нь дэд бүтцийн хүрэлцээ, хангамж аж. Газрын тос боловсруулах үйлдвэр цахилгаан, ус их хэмжээгээр зарцуулдаг онцлогтой байна. Энд жилд хоёр сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн. Ийм хүчин чадалтай үйлдвэр жилд 21 мВт цахилгаан, цагт 200 тонн ус хэрэглэх аж. Дархан-Уул аймаг нь Дарханы дулааны цахилгаан станц, Төвийн эрчим хүчний систем, ОХУ-ын Галуут нуурын өндөр хүчний шугамтай холбогдсон гурван талын эх үүсвэртэй учир эрчим хүчний хувьд хангалттай байх нь. Мөн “Дархан-Ус суваг” компани хүчин чадлынхаа 15 хувийг ашигладаг буюу 85 хувийн илүүдэл хүчин чадалтай тул усны хэрэгцээг бүрэн хангана гэж үзжээ. Түүнчлэн төмөр зам, авто замын дэргэд байрлаж буй нь бүтээгдэхүүний тээврийн зардлыг хямдруулах нөхцөл болох юм байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг Улаанбаатарын ойролцоо, эвсэл Сайншанд, Тамсагбулагт байгуулах тухай яриа байдаг ч дэд бүтэц, эдийн засгийн үр ашигтай ажиллах боломжийн хувьд Дархан-Уултай дүйх байршил биш гэнэ. Боловсруулах үйлдвэр рүү төмөр зам, авто зам тавих, цахилгааны 110 кв-ын шугам, цэвэр, хаягдал усны хоолой, шилэн кабель татах мөнгө нь үйлдвэр барих хөрөнгийн 1.3 хувьтай тэнцүү байх тооцоо гарсан нь оновчтой байршил сонгосны нотолгоо гэж төслийн Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулсан Японы “Тоёо инженеринг” компанийнхан үзжээ.
Цаасан дээрээс гарсан гараа
Японоос “Марубени”, “Тоёо инженеринг” компани болон Японы Олон улсын Хамтын ажиллагааны банкны төлөөлөл саяхан ирж, газрын тос боловсруулах үйлдвэр барих газарт ажиллаад буцжээ. Тэд ус, цахилгаан зэрэг бүх талын техникийн нөхцөлийг нь судалсан байна. Мэдээж эрчим хүчээ хаанаас авах вэ, цэвэр усны сангаа хаана байрлуулах вэ гэдгээ тооцоолж байж үйлдвэр барих техникийн зургийг гаргах учиртай. “Марубени” нь газрын тос боловсруулах үйлдвэр барихад хөрөнгө оруулагч банк, үйлдвэр барих компани, Монголын талын хооронд зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байгаа бол “Тоёо инженеринг” нь тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга-угсралтын ажлыг гүйцэтгэх гэнэ. “Тоёо инженеринг” корпораци уг үйлдвэрийн техникийн зураг төслийн ажлыг (50 мянган зургийг) ирэх сарын 20-нд дуусгахаар ажиллаж байгаа аж. Тэднийх техник-эдийн засгийн үндэслэлийг 2008 онд боловсруулсан бол энэ удаа үйлдвэрийн зураг төслийг энэ онд багтаан дуусгаад ирэх хаврын дөрөвдүгээр сард барилгын ажлыг нь эхлүүлэхээр товлосон байна. Хоёр жил хагасын хугацаанд үйлдвэрийн барилгын ажлыг гүйцэтгэж, 2016 онд ашиглалтад оруулах тун шахуу зорилт тавьж байгаа бололтой юм.
Ийнхүү Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны урт хугацаатай 685-700 сая ам.долларын зээлээр, түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр барих газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил гараанаас гарах нь. Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зөвшөөрлийг нэлээн хэдэн компани авсан ч, хамгийн амжилттай яваа нь энэ төсөл билээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэрээ “Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-т гарын үсэг зурсан. Энэ хөтөлбөрт газрын тосны үйлдвэр хамтран барихаа баталгаажуулсан заалт бий. Дарханы газрын тосны үйлдвэр нь 100 хувь үндэсний компани байх гэнэ. Газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг эрхлэх “Дархан- газрын тос боловсруулах үйлдвэр” компанид төрийн өмч эзэмшлийн хувь хэмжээ 51 хувь байхаар тогтоосон байна.
Хэрэгцээг бүрэн хангах үйлдвэрлэл
Дархан-газрын тос боловсруулах үйлдвэр нь хоногт 44 мянган баррель буюу жилд хоёр сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай байх аж. Дээд зэрэглэлийн стандартын бүтээгдэх үүн үйлдвэрлэх, тэргүүний техник технологи, эдийн засгийн өндөр үр ашигтай байхаар хүчин чадлынх нь хэмжээг тооцоолсон гэнэ.
Тус үйлдвэр эхний үедээ жилд 520 мянган тн Аи-95, 98 бензин, 910 мянган тн дизелийн түлш, 60 мянган тн нисэх онгоцны керосин, 110 мянган тн мазут, 200 мянган тн битум, 45 мянган тн нефтийн шингэн хий, нийтдээ 1.9 сая тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж.
Манай улс 2011 онд 992.6 мянган тн, 2012 онд 1.13 сая тн бензин, дизелийн түлш, керосин импортлон хэрэглэсэн судалгаа бий. Тэгэхээр энэ үйлдвэрийг барьснаар газрын тосны бүтээгдэхүүний ойрын ирээдүйн хэрэгцээг бүрэн хангана гэж эдийн засагчид үзэж байгаа.
Газрын тосны үйлдвэр нь Японы стандартын дагуу зөвхөн 95 болон 98 октантай бензин мөн дизель түлш үйлдвэрлэх гэнэ. Японы стандарт нь “Евро-5”, АНУ-ын стандартаас ч өндөр гэдэг. Баруун Европын стандартаар шатахуунд хар тугалганы хольц тодорхой хэмжээтэй байхыг зөвшөөрд өг бол Дарханы үйлдвэр Японы стандартын дагуу хар тугалгыг бүрэн шүүх, мөн хүхрийг нь арилгах аж. Хэдийгээр өндөр чанарын бензин үйлдвэрлэх ч өнөөгийн үнээс хямд борлуулах тооцоотой байгаа юм байна. Тухайлбал, Аи-95 бензиний үнийг нэг литр тутамд өнөөгийн Аи- 92-ынхоос 50, 98-ынхыг 120, дизель түлшийг 100 төгрөгөөр хямдруулах гэнэ.
Манай улс Тамсагийн сав газраас газрын тос олборлон Хятад улс руу экспортолж байгаа. Дарханы үйлдвэр дотоодын газрын тосыг боловсруулах зорилго тавьж болох хэдий ч, ойрын ирээдүйд олборлох тосны хэмжээ үйлдвэрийн хэрэгцээнд хүрэлцэхг үй, зам тээврийн нөхц өл бүрдэхгүй төлөвтэй байгаа тул ОХУ-аас түүхий тос импортлох юм байна. Иркутскийн нефтийн компанитай “Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК, “Марубени” корпораци Дарханы үйлдвэрт жилд хоёр сая тонн түүхий тос нийлүүлэх харилцан тохиролцооны баримт бичигт гарын үсэг зуржээ. Улмаар тус компанитай газрын тос нийлүүлэх гэрээг 2015 онд байгуулахаар тохиролцсон байна. Иркутскийн нефтийн компани манай үйлдвэрт түүхий тос нийлүүлэхдээ төм өр замын тээврийн зардлыг нь Наушки өртөө хүртэл хариуцах аж. “Дархан-газрын тос боловсруулах үйлдвэр” компани Наушкиас Дархан хүртэл 120 км-ийн тээврийн зардлыг даах нь. Тэндээс нэг тонн түүхий тос тээвэрлэхэд гурван ам.долларын зардалтай байх тооцоо гарчээ. Тамсагбулаг руу төмөр зам баригдсан нөхцөлд Дархан хүртэл нэг тонн түүхий тосыг 40-45 ам.долларын зардлаар тээвэрлэх учраас яаж ч бодсон ОХУ-аас нефть импортолсон нь ашигтай аж. ОХУ түүхий тос өгөхгүй бол яах вэ гэсэн гачлантай асуулттай байнга тулгардаг. Тэгвэл ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад гишүүн болсон, сайн харилцаатай Монголд газрын тос нийлүүлэхээс цааргалах учиргүй гэнэ.
Дэлхийн улсуудын 85 орчим хувь нь буюу 170 шахам нь тээврийн дэд бүтэц сайн хөгжсөн хамгийн ойр зайнаас түүхий тосыг импортлон нутагтаа боловсруулж байна. Дарханы үйлдвэр ашиглалтад орсны дараа монголчууд тэдний эгнээнд шилжинэ. Тэр цагт манай улс шатахууны хараат байдлаас ангижрахаас гадна нефть, химийн үйлдвэрлэлийн сууриа тавих юм.
Хөрөнгө оруулалтаа дөрвөн жилд нөхөх төсөл
Дарханы үйлдвэр нь нэг баррель газрын тосны үнэ дэлхийн зах зээлд 100-110 ам.доллар байх үед мөн шатахууны борлуулалтын үнийг тодорхой хэмжээгээр хямдруулж тооцоход жилд нэг их наяд гаруй төгрөгийн нэмүү өртөг бүтээх аж. Түүнчлэн улсын төсөвт Нэмэгдсэн өртгийн албан татвар болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар жилд дунджаар 550 тэрбум төгрөг оруулах тооцоо гарчээ. Татварын дараах ашиг 340 сая ам.доллар байх таамаг бий гэнэ. Ийм хэмжээний ашигтай ажилласнаар банкны зээлийг найдвартай эргүүлэн төлөхөөс гадна хөрөнгө оруулалтаа дөрвөн жилийн хугацаанд нөхнө гэсэн тооцоо бий. Газрын тос боловсруулах үйлдвэр Японы банкны зээлийн эргэн төлөлтийг 2017 оноос төлж эхлэх бөгөөд жилд 70 сая ам.доллар эргүүлэн төллөө ч бэлэн мөнгөний дутагдалд орохгүй аж.
Дарханы үйлдвэрийн бүтээн байгуулалтын ид оргил үед барилгын ажилчдын тоо 6000-д хүрэх бол ашиглалтад орсных нь дараа 600 хүн ажиллахыг ТЭЗҮ-д нь дурджээ. Мөн ТЭЗҮ-д нь манайхан газрын тос боловсруулах үйлдвэрийн 50 инженер-техникийн ажилтныг Японд сургах, 220 гаруй инженертехникийн мэргэжилтэй ажилтныг дотооддоо Японы мэргэжилтний тусламжтай сургаж бэлтгэхээр тусгагдсан байна. Түүнчлэн үйлдвэр ашиглалтад орсны дараа гол гол дамжлага, албанд Японы 12 мэргэжилтнийг урьж ажиллуулах аж.
Т.Энхбат
“Өнөөдөр” сонин