Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулуутай төслийн далд уурхайн санхүүжилт, хөрөнгө оруулагчидтай хэрхэн тохиролцсон талаар ярилцлаа.
-“Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилтийг хөрөнгө оруулагч тал цуцалсан.” Мөн “уурхайн ажилчид болон ханган нийлүүлэгчдийн тоог саяхнаас их хэмжээгээр цомхотгож байгаа” гэх мэдээлэл яригдаж байгаа. Энэ нь “Оюутолгой” төсөлд хөрөнгө оруулагчид хэт давуу байр суурьтай байгаа гэж дүгнэх ч хүн олон байна. Тэгвэл анх хөрөнгө оруулагч талтай гэрээ байгуулахдаа дээрх асуудлууд дээр тодорхой тусгаж өгсөн заалт байгаа юу?
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь ил тод нээлттэй байгаа. Танилцахыг хүссэн хэн ч холбогдох сайтуудаас гэрээг татаж авч үзэж болно. 2010 оны ТЭЗҮ-д зааснаар хөрөнгө оруулагч Рио Тинто нь төслийн менежер учир санхүүжилтийг бүрэн хариуцахаар байгаа. Нөгөө талаас ил уурхай, баяжуулах үйлдвэр ашиглалтад оруулсаны дараа үүнээс олсон орлогоороо далд уурхайгаа санхүүжүүлэх тооцоо бий. Амьдрал дээр харин төслийн бүтээн байгуулалтыг богино хугацаанд хийж чадсан ч зардал хэтэрсэн. Энэ дагуу ТЭЗҮ-гээ шинэчилж батлах шаардлагатай байсан. Харин нэмэлт санхүүжилтын хувьд Рио Тинтогийн зүгээс хөөцөлдөөд явсан юм билээ. Энэ дагуу дэлхийн томоохон 15 банк зээл өгөх боломжтой илэрхийлээд байсан юм билээ, одоо ч санхүүжүүлэх сонирхол нь хэвээр байгаа. Ер Оюутолгойн ирээдүйд гадны хөрөнгө оруулагчид итгэлтэй байгаа гэж үздэг. Оны эхээр Оюутолгой төслийн 66 хувийг эзэмшдэг “Туркойз хилл” компаниас нэмэлт хувьцаа гаргахад худалдан авалт маш амжилттай болсон. Талуудын хэн нь ч нэмэлт санхүүжилтыг гацаасан, татгалзсан зүйл бол огт байхгүй. Харин ажилчид болон ханган нийлүүлэгчдийн тоо буурч байгаа нь барилгын бүтээн байгуулалтын шат дууссантай холбоотой. Одоо нэгэнт технологийн хувьд жигдэрсэн үйлдвэрийн хувьд их хэмжээний ажилчид шаардлагагүй болчихоод байгаа юм. Одоогоор Оюутолгой үйлдвэрт ханган нийлүүлэгчидтэйгээ нийлээд 9000 орчим хүн ажиллаж байгаа. Үүний 92 хувь нь монгол ажилчид байгаа.
–Одоогоор “Оюутолгой” төслөөс хичнээн хүн, ханган нийлүүлэгчдийг ажлаас нь цомхотгоод байгаа вэ?
-Сая хэллээ. Оюутолгой үйлдвэрийн үндсэн ажилчдаас олон тоогоор цөөлөөгүй. Харин бүтээн байгуулалт, зам, дэд станц гэх зэрэг барих ажил дуусч байгаа болон далд уурхайн санхүүжилт түр хойшилж байгаагаас үүдэж ханган нийлүүлэгч компаниуд ажилчдаа цөөлсөн байгаа. Тэгэхээр энэ нь Оюутолгой үйлдвэрийн үндсэн буюу шууд үйл ажиллагаатай хамаагүй.
-Дэлхийн арилжааны 15 банкнаас зээл авахаар хөрөнгө оруулагч тал тохиролцоод байсан зээл авах хугацаа нь өнгөрсөн сарын 31-нээр дуусгавар болсон. Тэгэхээр зээл авах асуудал цаашид улам л хойшлоно гэсэн үг үү?
– Банкууд санхүүжилтээ сунгаж зээл өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Тэгэхээр зээл авах сүүлийн хугацаа өнгөрсөн сарын 31-нээр төгсгөл боллоо, санхүүжилт олдохгүй нь гэх зэргээр хэвлэлүүд бичиж байгаа бол буруу ойлголт гэмээр байна. Ийм том хэмжээний хэлцлүүд түр хойшилж байдаг нь олон улсын зах зээлд гарч л байдаг үзэгдэл.
– Тэгэхээр гол хүлээлт үүсгээд байгаа далд уурхайн дахин санхүүжилтийн асуудал яг хэзээ шийдэгдэхээр байна вэ?
-Бидний зүгээс шийдэхэд бэлэн байна. Гэвч ТЭЗҮ бэлэн болоогүй учир хүлээлт үүсгээд байна. Бид хөрөнгө оруулагч талыг ТЭЗҮ-гээ шинэчлээд аваад ирэхийг хүлээж байсан юм. Хоёрдугаарт биднээс хүсч байгаа нэг зүйл бол цаашид далд уурхайн зардал дахин хэтрэхгүй гэсэн баталгаа хэрэгтэй байгаа. Үйлдвэр маань аль болох бага зардлаар, урт хугацаанд тогтвортой байгаасай л гэсэн санаа. Одоогоор ТЭЗҮ бэлэн болж байх ёстой. Зэсийн үнэ өөрчлөгдөж байгаа учир урт хугацааны тооцоолол, нэмэлт хайгуулын ажил хийхтэй холбоотойгоор ТЭЗҮ-гээ шинэчлэх тооцоололд удаашрал байна гэж ойлгож байгаа. Гэхдээ бидэнд бэлэн болсон хэсгүүдээ эхнээс нь өгч эхэлж байна. Одоогоор ордын нөөцийн тодотгол дээр хоёр талаас ажиллаж байна.
-Далд уурхайн ажил яг хэзээнээс эхэлнэ гэж тооцоолсон байсан билээ. Энэ нөхцөл одоо ахиад хэдий хугацаагаар хойшлох бол?
– Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил төсөл эхлэхэд л цуг хийгдэж эхэлсэн. Одоогоор түр зогссон байдалтай байна. Гэхдээ энэ ажил сэргэх болно.
– Зэсийн баяжмал экспортод гаргахад хүндрэл үүсч, Хятадын хил дээр овоолгоостой байгаа гэх мэдээллийг зарим хэвлэлээр гарч байгаа. Тэгвэл одоогоор төслөөс яг хэдий хэмжээний зэсийн баяжмал экспортлоод байгаа талаараа мэдээлэл өгөхгүй юу?
-Оюутолгой үйлдвэр маань өнгөрсөн жилээс баяжмалаа экспортолж эхэлсэн. Гэтэл зам нь гүйцэд ашиглалтад ороогүй, боомтын хүчин чадал дутмаг дээр нь Хятадад зэсийн нийлүүлэлт ихэсч, илүүдэл үүссэнээс үүдэж асуудал гарсан байсан. Харин одоо бол экспорт жигдэрсэн. Худалдан авалт сайжирсан. Урт хугацаанд төмөр зам барих, боомтын хүчин чадлаа сайжруулах шаардлагатай. Дээр нь Хятадын эдийн засгийн өсөлт саарах эрсдэлээс гадна өрсөлдөөн эрс ширүүссээр байна.
-“Оюутолгой” төслөөс орж ирэх санхүүжилт удаашралтай байгаа нь томоохон хүлээлт үүсгэж байна гэж үзэж байгаа. Энэ тал дээр ТУЗ-ийн гишүүдийн зүгээс ямар байр суурьтай байна вэ?
– Оюутолгой үйлдвэр тоон утгаараа буюу статистикийн хувьд манай улсад зонхилох том тоглогчийн нэг болсон. Их хэмжээний хүлээлт үүсгэж байгаа нь үнэн. Нөгөө талаас чанарын хувьд авч үзвэл Оюутолгой төсөл дөнгөж төрсөн ботго шиг байна. Тэнтэр тунтар гишгэж буй нялх ботгонд нас биед хүрсэн атанд үүрүүлдэг ачааг өгч болохгүй шүү дээ. Одоо л бид дөнгөж борлуулалтаа хийж эхлээд байна. Тэгэхээр зардлаа нөхөх, ашиг олох хугацаа болоогүй байгааг бид зөв ойлгох ёстой.
– “Оюутолгой” төслийн ашиг, орлогоо нөхөх хугацаа нь санхүүжилт удааширч байгаагаас үүдэж хойшлох нь тодорхой болоод байгаа. Энэ тал дээр яаж анхаарч байна вэ?
– Одоогийн ТЭЗҮ-гээр бол Оюутолгой үйлдвэр маань анхны хөрөнгө оруулалтын зардлаа 2020 оноос зардлаа нөхөж эхлэхээр байгаа. Гэхдээ одоогийн байдлаас харахад энэ хугацаа хойшлох эрсдэлтэй болчихоод байгаа. Иймд нэмэлт санхүүжилтээ ч ТЭЗҮ-тэй уялдуулж харах, зардлын хэтрэлтийг ахиж гаргахгүй баймаар байна гэдгээ бид хөрөнгө оруулагч талд хэлж байна. Цаашид бид дотоодоо зардлыг хэмнэх ёстой, гадаад зах зээлд амжилттай өрсөлдөх ёстой. Ингэж байж талуудад ирэх өгөөжийг өсгөж чадна.
-Тэгэхээр “Оюутолгой” шинэчилсэн ТЭЗҮ бэлэн болсны дараагаар санхүүжилт асуудал шийдэгдэнэ гэсэн үг үү?
-Энэ нь урьдач нөхцлүүдийн нэг мөн үү гэвэл мөн. Гэхдээ заавал ТЭЗҮ-гээ тодотгосны дараагаар зээлийн асуудлаа шийднэ гэсэн үг биш, үүнийг зэрэгцүүлээд шийдээд явж болно. Тооцоололоо урьдчилсан байдлаар зөвшилцөөд, санхүүжилтийн асуудал давхар яригдаад л явж байна. Цаад учир нь, бид хэзээ ч унтдаггүй дэлхийн зах зээл дээр өрсөлдөж байна. Цаг бол алт.
-Хөрөнгө оруулагч талтай анх 30 асуудал хэлэлцээд, үүнийгээ 15-ыг шийдсэн гэж хамгийн сүүлд мэдээллэж байсан. Тэгэхээр одоо яг энэ дээр шийдэгдээгүй үлдсэн асуудал юу байна вэ?
-Одоогоор цөөн асуудал үлдсэн. Зардлын хэтрэлтийг нягтлан тулгах, ТЭЗҮ-гийнхээ шинэчлэлийг 2010 оны ТЭЗҮ-тэй харьцуулан судлах ажил чухал байгаа. Мөн байнга хийгдэж байх ёстой ажил буюу монгол ажилчдын цалин, хөдөлмөрийн үнэлэмжийг өсгөх, орон нутгийн хөгжлийг дэмжих, удирдах түвшинд монголчуудын тоог өсгөх нь чухал байгаа. Эдгээр асуудлууд нь бидний анхаарлын төвд байнга байх болно.
-Хөрөнгө оруулагч тал давуу эрхтэй байгаа нь харагдаж байгаа. Тэгэхээр монголын талыг хариуцаж байгаа ТУЗ-ийн гурван гишүүнд тулгамдаж байгаа асуудал нь юу байна вэ?
-Оюутолгой компаний ТУЗ-д хөрөнгө оруулагч талаас долоо, монголоос гурван хүн байгааг бид мэдэж байгаа. Мэдээж олонхоороо шийдвэр гаргах давуу эрх хөрөнгө оруулагч талд байгаа л гэсэн үг. Жишээ нь, далд уурхайн ажлыг зогсоох шийдвэр гэх зэрэг олонхийн давуу талаа ашиглан шийдсэн асуудал байдаг л юм билээ.
– Монголын талын ТУЗ-ийн гурван гишүүнд шийдвэр гаргахад бэрхшээлтэй байдаг гол асуудал нь юу байна вэ?
– Хөрөнгө оруулагч тал маш өндөр түвшинд мэргэшсэн, олон мэргэжилтнийг өндөр хөлсөөр ажиллуулах чадавхитай. Манай зүгээс “Эрдэнэс Оюутолгой” гээд жижигхэн компани төлөөлийг хангахад дэмжлэг үзүүлдэг. Тус компанийг чадавхжуулах нь чухал байна. Манайд хөрөнгө оруулалтын эрхзүй, хууль, пи ар буюу гадаад харилцааны тал дээр зөвлөх үйлчилгээний дотоодын чадавхи сайнгүй байна. Гэхдээ бид төслийн зардлыг бууруулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр бүхий л бололцоогоо дайчлан ажиллана.
-Манай улсад дэлхийн хэмжээний стандарт, дэг жаягаар том төсөлд ажиллаж байсан туршлага бага. Нөгөө талаас хөрөнгө оруулагч тал давуу эрхтэй, хүчтэй байгаа гэж хэлэхэд буруудахгүй. Тэгэхээр цаашид иймэрхүү том хэмжээний төсөл дээр ажиллахад ямар сургамж авч байна гэж та харж байна вэ?
– Хөрөнгө оруулагч талтай гэрээ байгуулахдаа л анхнаасаа геологи, уул уурхай, эдийн засаг, санхүү, нийгэмд үзүүлэх нөлөө талаас нь маш сайн судлах хэрэгтэй юм билээ. Мэдээлэл бол гэрэл. Гэрэлгүй харанхуйд гэрээ хийнэ гэдэг нь маш том эрсдэл. Мөн нөгөө талаас бид хөрөнгө санхүү, технологи, мэдлэгээрээ өөр түвшинд байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Монголчууд суралцах чадвар сайтай тул би хувьдаа энэ асуудлыг өөдрөгөөр харж байна.