Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар доорх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Асгатын эргэлтэд оруулахаар болов
Төслийн нэгжийг Уул уурхайн яамны дэргэд байгуулахаар тогтлоо. Асгатын мөнгөний ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ боловсруулах ажлыг зохион байгуулж, төслийн нэгжийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, гэрээ байгуулан биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт даалгалаа. Тус ордод хийсэн геологи, хайгуулын ажлын үр дүн, техник-эдийн засгийн урьдчилсан үнэлгээ, тооцоолол болон холбогдох бусад судалгааны мэдээ материалаар хангаж ажиллахыг Төрийн өмчийн хороо, “Монголросцветмет” компанийн удирдлагуудад үүрэг болгов.
Асгатын мөнгөний ордыг ашиглах ажлыг эхлүүлэх нь манай улсад тулгамдаад байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулах, экспортын шинэ нэр төрлийг бий болгох, валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж салбарын яам үзжээ.
“Монголросцветмет” ХХК-иас Асгатын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эхлүүлэх санхүүгийн боломж өнөөгийн нөхцөлд байхгүй байна гэсэн албан бичгийг Уул уурхайн яаманд ирүүлжээ. Учир нь 2013 оны 2 дугаар улирлаас жоншны үйлдвэрлэл зогссон, гол худалдан авагч ОХУ худалдан авалтаа зогсоосноос борлуулалт эрс багассан, БНХАУ-д тээврийн тариф өссөн болон татварын хэмжээ өндөр, ашиглаж байсан алтны ордуудын нөөц дууссан, зарим орд нь хуулиар хориглосон талбайн хүрээнд багтсан байна. Иймд Асгатын мөнгөний ордын дээжид технологийн шинжилгээ хийлгэх, орд ашиглах төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, төслийн нэгжийг санхүүжүүлэх боломж “Монголросцветмет” ХХК-д байхгүй учир Засгийн газраас төслийн нэгж байгуулан ажиллах нь зүйтэй гэж үзлээ.
УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор Асгатын мөнгөний ордыг Стратегийн ач холбогдолтой ордод хамруулсан. Тус орд нь улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн геологи, хайгуулын ажлаар нөөц нь тогтоогдсон учир “Ашигт малтмалын тухай” хуулийн дагуу ордын 50 хүртэл хувийг Монголын төр эзэмших эрхтэй юм.
Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны
дүнг танилцууллаа
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны дүнг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Судалгааны үр дүнд бүрдсэн мэдээллийн санг салбарын бодлого боловсруулахад хамтран ашиглахыг С.Эрдэнэ болон холбогдох сайд нарт даалгалаа.
Судалгааг 2013 оны 11-12 дугаар сард авсан бөгөөд манай улсын нийт өрхийн 86 хувийг хамруулж, 714 мянган өрхийн мэдээллийг амьжиргааны түвшингээр эрэмбэлэн, өрхийн мэдээллийн нэгдсэн санд оруулжээ.
Мэдээллийн энэ санг олон салбарын зориулалтаар ашиглах нөхцөлийг хангах үүднээс өрхөөс авсан асуулгын худасны нийт 3 бүлгийн 53 асуулт, дагалдах 100 гаруй дэд үзүүлэлтээр мэдээллийг авч болох боломжийг бүрдүүлсэн тул бусад төрийн бус байгууллагууд өөрсдийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйлчилгээ тусламжид ашиглах боломжтой юм байна.
Одоогийн байдлаар мэдэээллийн нэгдсэн санд багтсан, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай, хүнсний эрхийн бичиг авах нийт 15131 өрхийн 87 мянган иргэнд үйлчилгээ хүргэхээр ажиллаж байна.
Төр засгаас нийт хүн амд чиглэсэн аливаа төрлийн үйл ажиллагаа, үйлчилгээ тусламжид хамрагдах зорилтод өрх, иргэнийг тодорхойлох, оновчтой сонгох, түүнчлэн нийт өрх иргэнд үзүүлэх төрийн бусад үйлчилгээг төлөвлөх, шинэ төрлийн үйлчилгээ бий болгох, хэрэгжүүлэхэд энэ мэдээллийн санг ашиглах бүрэн боломжтой бөгөөд төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүртээмжтэй, оновчтой хүргэх төрийн байгууллагуудын уялдааг сайжруулах, хамтран ажиллах нөхцөл бүрдэж байна.
Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх
талаар дараах арга хэмжээг авна
2010 онд хийгдсэн “Хүн ам, орон сууцны тооллого”-оор орон гэргүй, 1018 тэнэмэл иргэд байна гэжээ. Харин Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн төв”, “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөр” төслийнхөн 2011 онд 2800 иргэнийг бүртгэж байжээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх талаар зарим арга хэмжээ авахаар боллоо.
Ийм иргэдийг бүртгэлжүүлэн мэдээллийн сан бий болгох, нийгмийн халамж болон сэтгэл засал, боловсрол эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байранд зуучлах зэрэгт шаардагдах хөрөнгийг орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгож, Засаг дарга нарыг бодлогын болон мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгалаа.
Мөн Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Амьдрах ухаан-сургалт үйлдвэрлэлийн тусгай төвийн үйл ажиллагааг өргөтгөн шинэчилж зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд даалгалаа.
Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын
төслийг хэлэлцлээ
Монгол Улсын цэргийн дээд офицерийн генерал цол бий болсноос хойшхи 70 жилд энэхүү цолыг 160 хүн хүртсэний 82 нь амьд сэрүүн байгаагийн 52 нь тэтгэвэрт байна. Ахмад настай генералуудын амьжиргаанд судалгаа хийхэд тэдний тэтгэвэр дунджаар 300 мянган төгрөг бөгөөд өнөөгийн цэргийн албан хаагчдын нийгмийн хамгаалал, тэтгэврийн хэмжээнээс доогуур нөхцөлд амьдарч байна.
Монгол улс үндэснийхээ бахархал нь болж, улс орны аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн генерал цолтой цэргийн дээд офицерт үзүүлэх хангамжийг тэдний алба хааж байсан үеийнхээ бууруулахгүй байх нь Үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцнэ гэж үзэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигийн төсөлд цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх бүхий Монгол Улсын генерал цолтой цэргийн бэлтгэл албаны дээд офицерт цэргийн цолны цалинг цолны зэрэглэлээс хамааран 36-40 хүртлэх хувь хэмжээгээр тооцож сар бүр олгохоор холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, зардлыг жил бүр тусгаж байхаар тусгагджээ. Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд гишүүдийн гаргасан саналыг тусган Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжлахаар тогтлоо.
Олон улсын хөлбөмбөгийн тэмцээний хэсгийн
тоглолт манай улсад болно
Өнгөрсөн 2013 онд дэлхийн хөлбөмбөгийн холбооны төслөөр 5000 үзэгчдийн суудалтай болсон, мөн шинээр хиймэл зүлгэн талбай ашиглалтад авч, үзэгчдийн суудлыг тойруулан битүү хашаажуулж, хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнтэй болсон нь олон улсын тэмцээн зохион байгуулах нөхцөл бүрдсэн юм.
Энэ хүрээлэнд “AFC PRESIDENT’S CUP-2014” хөлбөмбөгийн олон улсын тэмцээний хэсгийн тоглолтыг энэ оны 6 дугаар сарын 1-10-нд зохион байгуулж, шаардагдах 250 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад даалгалаа.
Азийн хөлбөмбөгийн мэргэжлийн клубүүдийн хооронд болдог тус тэмцээнд, манай Үндэсний лигийн удаа дараагийн аварга, “Эрчим” клуб 3 дахь жилдээ оролцохоор шалгарчээ.
Энэ тэмцээний хэсгийн тоглолтууд Монгол, Филиппин, Шриланк гурван улсад болох бөгөөд энэ удаад Бангладеш, Бутан, Камбож, Тайвань, БНАСАУ, Непаль, Пакистан, Филиппин, Шриланк зэрэг 11 орны шилдэг клуб тоглох ажээ.
Олон улсын урлагийн наадам, тэмцээнд амжилт гаргасан
уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгоно
АНУ-д зохиогддог Барток Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд 2-р байр эзэлсэн Хөгжим бүжгийн коллежийн оюутан А.Анужин, Ж.Ариунзаяа нарт тус бүр 14 сая төгрөг, 3-р байр эзэлсэн тус коллежийн оюутан О.Сумади-Шарана, Б.Сувд, Б.Гоомаргад, М.Заяа, Н.Оргил, Г.Энхцаг нарт тус бүр 9 сая төгрөг, БНХАУ-ын Ухань хотноо зохиогддог олон улсын циркчдийн уралдаанд 3-р байр эзэлж “Хүрэл арслан” шагнал хүртсэн “Икс роузис” төвийн уран нугараач Н.Төгөлдөрсайхан, Г.Энхгэрэл, Г.Алтжин, Г.Сарангуа, Н.Мөнгөнцацраг нарт 34 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ.
Манай уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадвар жилээс жилд өсч байна. Тэдний олон улсад гаргасан онцгой амжилтыг Засгийн газраас үнэлж, сүүлийн 7 жилд нийт 1 тэрбум 173 сая төгрөгөөр урамшуулжээ.
Товч мэдээ
—Азийн төсвийн зарлагын удирдлагын холбооны жилийн уулзалт энэ оны 06 дугаар сарын 11-13-нд Улаанбаатарт болно. Тус хурлыг олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгалаа.
—Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөл: нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
—Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Инженер, технологийн дээд боловсрол төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэйг гэж үзлээ.