Хилийн боомтын хууль хэрэгжиж эхэллээ

boomt

УИХ-ын намрын чуулганы хугацаанд баталсан Хилийн боомтын тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Олон улсын гэрээ болон Засгийн газрын тогтоолд тусгаснаар Монгол Улсад ОХУ-тай хиллэдэг 29, БНХАУ-тай хиллэдэг 13, агаарын замын дөрөв, нийт 46 боомт ажиллахаас 14 нь олон улсын, 11 нь хоёр талын байнгын ажиллагаатай, 14 нь хоёр талын түр буюу улирлын ажиллагаатай, долоо нь дамжин өнгөрөх боомт байдаг аж. Эдгээрээс 39 нь автозамын, гурав нь төмөр замын, дөрөв нь агаарын замын боомт юм.
                                         ГИХАЭГ-ын нэр, бүтцийг өөрчлөв

Шинэ хуулиар хилийн боомтын захиргаа нэгдсэн нэг удирдлагатай болж, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын бүтэц, нэр нь өөрчлөгдсөнөөр Хилийн боомтын хуулиар зохицуулагдаж явах юм байна. Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын чиг үүрэг өөрчлөгдөж, “Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллага” болон өөрчлөгдөж байгаа юм. Тиймээс өнөөдрөөс эхлэн ГИХАЭГ нь шинэ нэр, бүтцээр үйл ажиллагаагаа явуулж эхэлж байна.

Одоогийн ажиллаж байгаа байнгын ажиллагаатай есөн боомтод захиргааны тав, үйлчилгээний найм, түр хугацаагаар ажилладаг найман боомтод захиргааны дөрөв, үйлчилгээний таван ажилтантай. Харин төмөр зам, агаарын зургаан боомтод захиргааны дарга тус бүр нэг ажиллахаар тооцож, нийт 195 хүний бүрэлдэхүүнийг баталсан байна. Мөн Хилийн шалган нэвтрүүлэх албаны 221 офицер, ахлагч Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газарт шилжих ээр болж байгаа юм.

                                       Боомтын үндэсний зөвлөлтэй болов

Хууль батлагдсанаар хилийн боомтын хөгжлийн талаар баримтлах бодлого боловсруулах, боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах байгууллагуудын хамтын ажиллагааг хангах үндэсний зөвлөл байгуулагдав. Боомтын үндэсний зөвлөл нь хуулийн хэрэгжилтийг хангах, хилийн боомтын бодлогыг тодорхойлж, хяналт тавих, хамтын ажиллагааг тодорхойлох юм байна. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг ахалж ажиллах бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Сангийн сайд Ч.Улаан, Гадаад харилцааны сайд Л.Болд, Зам тээврийн сайд А.Гансүх болон холбогдох газрын дарга нар зөвлөлд багтжээ. Түүнчлэн хилийн боомтын захиргаа нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяанд ирж, боомтууд дээр Хил хамгаалах газар дангаараа ажилладаг байсан бол Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын үйл ажиллагаатай уялдаа холбоотой ажиллахаар болсон билээ.

                                                     Боомтууд захиргаатай болно

Хилийн боомтын тухай шинэ хуулиар хуучин болон одоогийн байгаа боомтуудын үйл ажиллагааг сэргээх, автозамын боомтуудын үйл ажиллагааг сэргээх үүрэг хүлээгээд буй. Засгийн газраас автозамын болон төмөр замын гэсэн үндсэн хоёр чиглэлд боомтыг үйл ажиллагааг идэвхжүүлэхээр ажиллаж байгаа. Тухайлбал, эхний ээлжинд Монгол, Хятадын хилийн дагуу Монгол Улсын талаас Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Цагаан дэл уулын чиглэлд, Хятадын талаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Альшаа зүүн хошууны нутаг Өлзий уулын чиглэлээр хоёр талын зорчигч, ачаа тээврийн “Цагаан дэл уул-Өлзий” байнгын ажиллагаатай автозамын боомт шинээр байгуулахаар болсон. Мөн Монгол, Хятадын хилийн хоёр талын зорчигч, ачаа тээврийн, түр ажиллагаатай Хавирга, Баянхошуу, Ханги, Бургастайн автозамын боомтуудыг байнгын ажиллагаанд шилжүүлэхээр Боомтын үндэсний зөвлөлд үүрэг болгоод буй. Үүнээс гадна Монгол-Оросын хилийн Алтанбулаг-Хиагт боомтоор зорчигч тээвэрлүүлэх ажиллагааг 24 цагийн горимд шилжүүлэх зохион байгуулахаар болж. Өөрөөр хэлбэл, хуучин боомтуудыг сэргээх, үйл ажиллагааг нь сэргээн засварлах шаардлага гарч байгаа юм.

Цаашид боомтуудын үйл ажиллагааг сэргээснээр боомтын тоо нэмэгдэх, хөрш орнуудтай харилцах харьцаа өргөжнө гэж хууль санаачлагчид үзэж буй. Жишээлбэл, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомтыг Замын-Үүд боомтын адил хөгжүүлэх ажлыг эрчимтэй эхлүүлээд байгаа. Тодруулбал, Боомтын тухай хуульд олон улсын боомт нь эдийн засгийн чөлөөт бүстэй байж болно гэж заасантай холбогдуулан Бичигт боомтод чөлөөт бүс тогтоох асуудал яригдаж байгаа аж. Хэрэв уг боомт нь чөлөөт бүстэй болвол аж үйлдвэртэй болохоос гадна улсад оруулах орлого нэмэгдэж зүүн бүс болон Эрдэнэцагаан суманд ч эдийн засгийн тал дээр сайнаар нөлөөлөхүйц боомт болох юм. Харин төмөр замын хувьд хэлэлцэх шатандаа явагдаж байна. Хэрвээ төмөр замын асуудал ойрын жилд шийдэгдвэл Бичигт боомт нь Замын-Үүдтэй өрсөлдөхүйц хэмжээний боомт болох боломжтой юм. Мөн Хилийн боомтын тухай хуульд “Олон улсын боомт нь боомтын захиргаатай байна” гэж тусгасны дагуу боомт бүр бие даасан захиргаатай болох юм. Анхны боомтын захиргааг Бичигтийн боомтод байгуулсан байсан нь бусад боомтуудад үлгэр болно гэж ажлын хэсгийнхэн дүгнээд байгаа.
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх, хилийн боомтын бүтэц, барилга байгууламж, техник хэрэгслийг олон улсын төвшинд хүргэх, хилийн боомтыг нэгдсэн удирдлагаар зангидах зайлшгүй шаардлага гарсан учраас ийнхүү хилийн боомтын тухай хуулийг Засгийн газраас өргөн мэдүүлж, батлуулсан Хилийн боомтын тухай хууль ийнхүү өнөөдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэллээ.

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »