Уул уурхайн сайд Д.Ганхуягтай ярилцлаа.
-Та өнгөрсөн долоо хоногт Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Уг хуулийн төслийн талаар танилцуулахгүй юу?
-Төслийн агуулга зорилго маш ойлгомжтой. Эрх зүйн үндэслэлийн тухайд 2012- 2016 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, өнгөрсөн УИХ-ын чуулганаар батлагдсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого одоогийн хүчинтэй мөрдөгдөж буй хуулийн үндсэн зарчмыг хөндөхгүй , байх зэрэг болно.
Хуулийн төсөл батлагдсанаар төрөөс тогтоосон газар нутагт хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхлэх. ингэснээр шинэ хөрөнгө оруулалтыг татах болон Монгол Улсын баялаг нөөцийг нэмэгдүүлж эдийн засгийн баталгаа чадавхийг улам сайжруулах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, бүтээгдэхүүний зах зээлийн үнэ нь хэлбэлзэл ихтэй хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг энэ салбарын эрх зүйн орчинг урт хугацаанд тогтвортой байх гол зорилтууд хэрэгжинэ.
Нэг зүйлийг тэмдэглэхэд энэ хуулийн төсөл “Урт нэртэй” хуульд ямар ч хамааралгүй бөгөөд, талбай нь ч давхцахгүй гэдгийг хэлмээр байна. Мөн хууль санаачлагчийн хуулийн төсөлд судалгаанд үндэслэн зөвлөмж гаргах үүрэг бүхий олон талт оролцоог хангасан орон тооны бус Бодлогын зөвлөлтэй болно. Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх бодит алхмыг төсөлд суулгасан. Дээр нь ашигт малтмалын нөөц, ордын нөөцийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар гүйцэтгэдэг болно. Ингэснээр энэ чиглэлд дэлхийн жишигтэй хөл нийцэн алхана.
-Энэ хууль батлагдсанаар эдийн засагт яаж үр өгөөжөө өгөх вэ?
-Хайгуулд хөрөнгө оруулалт шинээр орохоос гадна, үүнийг дагаад олборлох, боловсруулах үйлдвэрийн салбарт ч хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үзэж байна. Хариуцлага уул уурхайг дэмжин зорилтын хүрээнд инноваци, тэргүүний техник технологийг нэвтрүүлэхийг дэмжих юм. Ингэснээр салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Бүтээмж дээшилснээр өртөг зардал хэмнэж, ашиг орлого өсдөг жамтай. Дээр нь зөвхөн түүхийгээр нь гаргаад байх биш, боловсруулалтын түвшинг дээшлүүлж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох зайлшгүй шаардлагатай байгаа. Нэмүү орлого нь эх орондоо дэд бүтэц ашигласны төлбөр, цалин хөлс, болон бусад хэлбэрийн орлого болж үлддэг. Энгийн жишээ татахад түүхий нүүрсийг 50 ам.доллараар борлуулж байхад, угааж баяжуулсан нүүрс нь ойролцоогоор 100 ам.долларын үнэтэй байна.
Мөн лиценз эзэмшигч нь өөрийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа, ажил, үйлчилгээ авах, туслан гүйцэтгэгч сонгоход тэргүүн ээлжинд Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид давуу эрх олгодог байх зохицуулалт нэмэгдсэн. Ингэснээр дотоодын аж ахуйн нэгжүүдийн орлого, ашиг нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Базаад хэлэхэд өмнөх байдлаар энэ хуулийн төсөл батлагдсанаар манай эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад шууд болон шууд бус утгаар олон эерэг үр дүн авчирна гэж хэлэх байна.
2010 онд хууль батлагдаж, Ашигт малтмалын хайгуулын тусгай лицензийг шинээр олгохыг хориглосон. Харин таны өргөн барьсан энэ төсөлд уг хуулийг хүчингүй болгох талаар тусгасан гэлээ. Өнөөх эмх замбараагүй лицензийн наймаа дахин цэцэглэх юм биш биз дээ? .
2010 онд нийтдээ 4.137 лиценз байсан бол, одоо 2.868 болж буурсан.
-Дөрвөн жил орчим хугацаанд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгогдоогүй. Тус хууль хэрэгжсэнээр эмх замбараагүй олгогдсон тусгай зөвшөөрөл эмхлэгдсэн. Хэдэн баримт дурдъя. Хууль хэрэгжиж эхлэхээс өмнө 2005-2010 онуудад нийт газар нутгийн 46 хүртэл хувийг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай эзэлж байсан. Тэгвэл өнөөгийн байдлаар 7.6 хувь болж буурсан. 2010 онд нийтдээ 4.137 лиценз байсан бол, одоо 2.868 болж буурсан байна. Энэ хугацаанд бүртгэл, хяналтын тогтолцоог сайжруулах ажил нэлээд хийгдсэн. Мөн монголчууд төр, хувийн хэвшил гэлтгүй уул уурхайн талаар хангалттай туршлага хуримтлуулсан. Бид юун дээрээ алдаад байгаагаа мэддэг болсон. Юунд хүрэх гээд байгааг тодорхойлсон урт хугацааны бодлоготой болсон.
Дээр нь урт нэртэй хууль, улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газар гэхчилэн нийт нутаг дэвсгэрийн 70-80 хувьд хайгуул, олборлолтын ажил хийгдэхээргүй байгаа. Өөрөөр хэлбэл газар нутгийнхаа дийлэнх хэсгийг хойч үедээ үүцлэн хадгалах хуулиуд байна. Нэмэлт өөрчлөлтийн нэг гол шинэчлэлийн чанартай зохицуулалт нь зөвхөн төрөөс зөвшөөрөгдсөн газар нутагт лиценз олгож эхэлнэ. Өөрөөр хэлбэл нутаг дэвсгэрийн 20 орчим хувьд л анхнаасаа замбараатай лиценз олгож эхлэх юм.
Дээр нь хайгуулын тусгай зөвшөөрлийг эхний гурван жил шилжүүлэхгүй гэсэн шинэ заалт нэмэгдэж байгаа. Мөн гурав дахь жилийн төгсгөлд хайгуулын талбайн тодорхой хэсгийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтэд үндэслэн буцаан авдаг болно. Ингэснээр үнэхээр хайгуул хийе гэсэн компаниудыг урамшуулж байгаа юм. Лиценз авчихаад үндсэн ажлаа хийхийн оронд цүнхэндээ хийгээд наймаа үсэргээд явдаг зохисгүй байдлыг халахын тулд хугацааны сүүл хэсэгт нь лицензийн төлбөрийн хэмжээг нилээн нэмж өгсөн.
-Хуулийн төсөлд ашигт малтмалын хэтийн төлөвлөгөөг яаж тодорхойлсон бэ?
-Манай улсын ашигт малтмалын нөөц цаашид өсөх нь мэдээж юм. Улс, орнууд баялгийн хэтийн төлвөө геологийн нарийвчилсан зураглалын ажлаар ерөнхийд нь тодорхойлж байна. Монголд өнөөгийн байдлаар энэ ажил нийт газар нутгийн 30 орчим хувьтай байгаа. Тиймээс эрчимжүүлэх шаардлагатай. Уул уурхайн яам 2032 он хүртэл ямар ямар ашигт малтмалыг аль боомтуудаар экспортлох боломж байгаа талаарх төсөөллийг гаргаад байгаа.
-Эдийн засгийн хүнд байдлаас гарахын тулд Оюу толгой, Таван толгой гээд томоохон төслүүдийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай. Нүүрсний хэрэгцээ цаашид яах бол. Энэ хууль батлагдсанаар үүнд ямар түлхэц болох вэ. Одоогийн байдлаар их хэмжээгээр буурсан хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлага харагдаж байна уу?
-Хуульд зааснаас бусад тодорхой бус шалтгаанаар уурхайн бүтээн байгуулалт, уулын үйлдвэр, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг холбогдох төрийн байгууллагад урьдчилан мэдэгдэлгүйгээр зогсоож олон хүмүүсийг гэнэт ажилгүй, цалингүй болгох нийгмийн хариуцлагагүй үйлдэл гаргасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэдэг болох заалт уг хуулийн төсөлд орсон байгаа. Энэ хариуцлагатай уул уурхайн үндсэн зарчмын нэг юм билээ. Засгийн газар Тавантолгойн хувьд нэгэнт нүүрсний үнэ буурсан үед эхлээд дэд бүтцийг бүрдүүлэх шийдвэрийг гаргасан.
Нөгөө алаагүй баавгайн арьсыг хувааж болдоггүй гэдэгтэй адил. Ер нь эхлээд чанартай дэд бүтцийг бүрдүүлэх нь аль ч оронд хийж ирсэн нийтлэг зарчим юм. Дэд бүтэц шийдэгдсэнээр түүнийг ашиглах ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үнэлгээ, хувьцааны үнэ нэмэгддэг учиртай. Аль ч оронд төмөр зам бол нэгдсэн бодлоготой байдаг. Ашигтай хэсгийг нь бусдад тээврийн тариф энэ тэрээ тохирохгүйгээр тасдаад өгчихөөр хүнд нөхцөлд орж байсан түүх байдаг.
Төмөр замын цариг, төмөр зам барихтай холбогдсон УИХ- ын тогтоолын төсөл засгийн газраас өргөн баригдсанаас хойшхи хэдхэн хоногийн хугацаанд ЭТТ болон төмөр замд хөрөнгө оруулах гэсэн сонирхол эрс нэмэгдэж байна. Энэ УИХ-ын тогтоол батлагдсаны дараа, хөрөнгө оруулагчдын асуудлыг яаралтай шийдэх боломж бүрдэнэ.
-Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчид үгүйлэгдэж байна. Эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлж хөрөнгө оруулалтыг татах, улсын баялгийн нөөцийг нэмэгдүүлэх тал дээр ямар бодитой заалтууд орж байгаа вэ?
-Төрөөс геологийн салбарт баримтлах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд геологийн судалгаа, шинжилгээ, мэдээллийн нэгдсэн сантай болно. Мэдээлэл бол хөрөнгө оруулалтыг татах нэг чухал хүчин зүйл юм. Мөн уур амьсгалын онцлогоос шалтгаалан геологийн судалгаа, хайгуулын ажил хийх хугацаа манай орны хувьд жилд долоохон сар байдаг. Иймд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нийт есөн жил байсныг 12 жиг болгож байгаа. Энэ нь ордын ашиглахын өмнөх гурван жилийг тодорхой болгосон гэсэн үг л дээ.
Тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүйгээс цуцлагдсан болон буцааж өгсөн тусгай зөвшөөрөл бүхий талбайг сонгон шалгаруулалтгүйгээр ердийн өргөдлийн журмаар олгодог болно. Ингэснээр элдэв хар дагуулдаг сонгон шалгаруулалтыг багасгаж, олон улсын зарчмаар буюу эхэлж ирсэн нь эхэлж зөвшөөрлөө авдаг шударга тогтолцоог бэхжүүлнэ. Ялих ялихгүй шалтгаанаар лиценз цуцалдгийг болиулж, ердийн торгуулийн хариуцлага руу шилжүүлэх зохицуулалт туссан. Өөрөөр хэлбэл, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ эрхийг хамгаалах шинэ зохицуулалтыг тусгаж өгсөн.
Төсөлд бүртгэлтэй хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр ажиллахыг дэмжих замаар тэднийг албажуулах зохицуулалтыг тусгасан.
Бодлогын зөвлөл нь ч гэсэн хайгуулчид, уурхайчдын эрх ашгийг хөндөхгүй байхад анхаарч ажиллах болно. Олон улсын стандартад шилжих замаар нөөц баялгийн ангиллаа шинэчилснээр хөрөнгө оруулагч нарт ойлгомжтой. ил тод орчин бүрдэх юм Монгол Улсад хийгдсэн геологи судалгааны ажлын тайлан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнөөр дотоодын болон бусад орны хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох боломж эрс нэмэгдэхийн зэрэгцээ үндэстний мэргэжилтнүүдээ олон улсад хүлээн зөвшөөрүүлэх үүд хаалга нээгдэх юм. Ер нь бол хүнийг, аж ахуйн нэгжийг дагаж хөрөнгийн урсгал орж
-Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон томоохон ордуудыг эдийн эргэлтэд оруулах талаар тусгасан уу?
-Шууд болон шууд бус утгаар тусгасан. Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тавь хүртэл байлгаж болох бөгөөд тус хэмжээг ордыг ашиглах Техник эдийн засгийн үндэслэл, ашгийн түвшин, эдийн засгийн үр өгөөжөөс нь хамааруулж тогтоохоор заасан.
-Уурхайн хаалт болон нөхөн сэргээлтийг компанийн хариуцлагад үндэслэн сайжруулах, уг салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн орон нутагтай хамтран ажиллах хамтын ажиллагааны ил тод байдлыг яаж нэмэгдүүлэх вэ?
-Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчин, нөхөн сэргээлт, уурхайн хаалттай холбоотой үйл ажиллагаандаа үүрэг, хариуцлагаа гүйцэтгэхэд эдгээр асуудлаар холбогдох төрийн захиргааны байгууллагад тогтмол мэдээлэл хүргэх ажилтантай байна гэж хуульчилсан байгаа. Орон нутагт уул уурхайн олборлолт эхлүүлэхийн өмнө хөрөнгө оруулагч, орон нутгийн иргэдийн хоорондын харилцан ойлголцох нөхцөлийг бүрдүүлэх, уул уурхайн төслийн нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг тайлбарлан таниулах ажилд орон нутгийн удирдлагын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх ёстой юм.
Мөн хөрөнгө оруулагч компани, нутгийн өөрөө удирдах байгууллагын хооронд орон нутгийг хөгжүүлэх гэрээг ил тод, иргэдийн оролцооны зарчимд тулгуурлан байгуулдаг байх зохицуулалтыг тусгаж өгсөн. Байгаль орчин, орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх болон хамтарч ажиллах зорилготой гэрээг компани ба сумын Засаг дарга нарын хооронд хийгдэнэ гэсэн үг. Энэ гэрээний загварыг Засгийн газар баталж байх юм,
-Энэ хуулийн төсөл батлагдсанаар улсын төсвийн зарлага нэмэгдэхгүй гэж байна. Ер нь геологи, уул уурхайн салбарт хэрхэн үр дүнгээ өгөх вэ?
-Энэ хуульд стратегийн ордод хувь эзэмшихдээ төсөвт нэмэлт дарамт учруулахгүй байх, төр хувийн хэвшлийн замаар эрэл, үнэлгээний хайгуулын ажлыг дэмжих заалтууд их орсон. Мөн геологийн албаны чиг үүргийг тусгасан. Гэхдээ шинэ орон тоо нэмж, нэмэлт зардал гаргахгүй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр геологи, геофизик гэх зэрэг судалгаа, шинжилгээ хийдэг, эрдэс баялгийн хэтийн төлвийн үнэлгээ өгдөг, эрдэс баялгийн мэдээллийн сан бүрдүүлдэг тийм үндэсний Геологийн албаны чиг үүргийг тодорхойлсон байгаа. Ингэхгүй бол манай улсад геологийн буюу газрын хэвлийн нэгдсэн бодлого алдагдаад байна.
-Нинжа нар буюу гар аргаар алт олборлогчдын асуудлыг яаж зохицуулж байгаа вэ?
-Ер нь бол олон улсын туршлагыг сайтар судалж байна.Одоогийн байдлаар иргэний хуульд заасан бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэрээр ажиллахыг зөвшөөрч байгаа. Төсөлд бүртгэлтэй хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр ажиллахыг дэмжих замаар тэднийг албажуулах зохицуулалтыг тусгасан. Бусад оронд ийм байдлаар энэ үйл ажиллагааг зөв гольдролд нь оруулж ирсэн юм билээ. Ингэж нөхөрлөл хоршоо байгуулж хариуцлагатай, нөхөн сэргээлтээ хийх албан ёсны бүтцээр ажиллахыг зөвшөөрөх юм. Харин хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцохоос өөр арга байхгүй нь мэдээж.