Манай улсад орж ирэх гадаад валютын урсгал татарч эдийн засаг хүндрээд буй. Уг хүндрэлээс гарах арга замаа тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, УИХ-аас саяхан “Эдийн засгийн идвэхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол хэрэгжүүлэхээр баталсан. Энэ тогтоолын нэг гол заалт нь Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах, ашигт малтмалын хайгуулын ажлыг сэргээх, уул уурхайн салбарын эрх зүйн орчныг тогтвортой болгох. Мөн Эрдэс баялгийн бодлогын зөвлөл байгуулах болсон билээ.
УИХ-аар батлуулахаар өргөн бариад байгаа Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөлд хайгуулын лицензийг эхний гурван жилд шилжүүлэхгүй байх заалт тусгажээ. Энэ лицензийн наймаа цэцэглэхээс сэргийлж буй нэг хэлбэр аж. Мөн хайгуулын лицензийн хугацаа дуусах үед авах төлбөрийн хэмжээг чамгүй өндөр байхаар тусгасан байна.
Манай орон эрс тэс уур амьсгалтай тул бүх бизнес улирлын чанартай. Тухайлбал, жилд долоон сарын хугацаанд геологи хайгуулын ажил хийдэг. Иймд хайгуулын лицензийн хугацаа есөн жил байсныг 12 жил болгон сунгах нь.
Уул уурхайн салбар манай улсын эдийн засгийн гол тулгуур. Өнгөрсөн оны байдлаар ДНБ-ий 19, аж үйлдвэрлэлийн салбарын 67.3 хувийг бүрдүүлсэн. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар уул уурхайн салбар өнгөрсөн жил ДНБ-ий 17.5 тэрбум төгрөг нь тус салбарт ногдож буй юм.
“Урт нэр”-тэй хуулиар ашигт малтмалын 300 гаруй лиценз цуцлагдаж, хүчингүй болсон. Ашигт малтмалын тухай хууль өөрчлөгдсөнөөр уг асуудлыг шийдвэрлэж үйл ажиллагаа нь сүүлийн жилүүдэд зогсоод байсан 100 гаруй компани сэргэнэ хэмээн Уул уурхайн яамны мэргэжилтнүүд хэлж байгаа. Эдгээр компанийн ажил эхэлснээр татварын орлого нэмэгдэх, бага ч атугай хөрөнгө оруулалт орж ирэх нь тодорхой.
Үүнээс гадна сүүлийн дөрвөн жилд ашигт малтмалын хайгуулын нэг ч лиценз олгоогүй, мөн бусдад шилжүүлэхийг хориглосон. Ингэснээр нэг үе цэцэглэж байсан лицензийн наймаа гэдэг зүйл алга болов. Бас эмх замбараагүй олгосон лицензээ цэгцэлж, хяналтдаа авах боломж бүрдсэн юм. Иймд хайгуулын лицензийн тоо, нийт нутаг дэвсгэрт эзлэх талбайн хэмжээ жилээс жилд буурсаар ирэв. Тухайлбал, 2006 онд манай улсад нийт 5357 лиценз байж. Уг лицензийн 4315 нь хайгуулынх үлдсэн нь ашиглалтынх. Ингээд хайгуулын лиценз нийт нутаг дэвсгэрийн 42.1, ашиглалтынх 0.2 хувийг эзэлж байв. Харин өнгөрсөн оны байдлаар нийт 3018 лиценз байна. Эдгээр лицензийн 1717 нь хайгуулынх, 1301 нь ашиглалтынх ажээ. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар хайгуулын лиценз буурч 1577, ашиглалтынх өсч 1309 боллоо. Дээрх статистикаас харахад дөрвөн жилийн өмнөөс ашиглалтын лицензийн тоо өсч иржээ. Хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл хайгуулын лиценз манай орны нутаг дэвсгэрийн 7.7, ашиглалтынх нь 0.6 хувийг тус тус эзэлж байгаа юм. Геологичид хайгуул судалгааны ажил уурхай, үйлдвэр нээхээс дор хаяж арав орчим жилээр түрүүлж явах учиртай гэдэг. Тэгэхээр хайгуулын лицензийг олгож эхлэх ёстой. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хайгуулын лицензүүдийн хугацаа ирэх жил гэхэд бараг бүгдээрээ дусна хэмээж буй юм. Ашигт малтмалын хайгуулын ажил сэргэснээр манай улсад жилд 1-1.5 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирнэ хэмээн тооцож байгаа. Харин урьд нь хайгуулын ажил ид өрнөж байсан тэр жилүүдэд жилд 300-500 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирдэг байсан тооцоо бий.
Зарим судалгаанаас үзвэл өнөөдөр дэлхийн хэмжээнд ашигт малтмал хайхад жилд 6.5 орчим тэрбум ам.доллар зарцуулдаг байна. Энэ мөнгөний 15-20 хүртэлх орчим хувийг манай улс татах боломж бий гэдэг. Үүний тулд нийт газар нутгийнхаа 20 хувьд хайгуулын лиценз олгох бололцоотой ажээ. Тэгэхдээ “урт нэр”-тэй хуулиар хориглосон газар, талбай орохгүй хэмээн Уул уурхайн яамны мэргэжилтнүүд хэлж байгаа. Нөгөө талаар хайгуулын ажлыг сэргээснээр уурхай, ашигт малтмал боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж тооцсон. Өнгөрсөн сарын байдлаар 18 уурхай нээх, баяжуулах үйлдвэр ашиглалтад оруулах компани зөвшөөрөл хүссэн байна. Өөрөөр хэлбэл, ил уурхай 15, далд уурхай хоёр, баяжуулах үйлдвэр нэг байгаа юм. Эдгээр төслийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь 500 орчим тэрбум төгрөг болох ажээ. Ашигт малтмалын төрлөөр нь аваад үзвэл алтны шороон орд, төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр, нүүрс, жонш байна.