Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр / 2014.05.23 / өргөн барилаа. Газрын тосны тухай хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулж, газрын тос, байгалий хий, уламжлалт бус газрын тосны талаарх ойлголт, төрийн байгууллагууд болон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг тодорхой болгон, роялти, татварын хувь хэмжээ, түүнийг оногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаатай холбоотой харилцааг боловсронгуй болгон хуульчлах зайлшгүй шаардлагатай байгаа тул уг хуулийн төслийг боловсруулсан байна.
Газрын тосны тухай хуульд газрын тосны олборлолт явуулж буй аж ахуйн нэгжүүдийн харилцааг нарийн тусгаагүй, ойлгомжгүй, бусад хуультай зөрчилдсөн заалтууд нилээдгүй байгаа бөгөөд хуулиар зохицуулах шаардлагатай харилцааг Засгийн газрын тогтоолоор баталсан газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журмаар зохицуулж байгаагаас хамаарч сүүлийн үед хуулийг хэрэгжүүлэхэд багагүй хүндрэл учирч байгааг өөрчилж, журмаар зохицуулж байсан харилцааг хуульчиллаа. Хуулийн нэр томъёог жигдлэх, бусад хууль тогтоомжид нийцүүлэх үүднээс зарим ойлголтыг өөрчилж, нэмлээ. Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан тухай төсөл санаачлагч дуулгасан юм