Эрдсийн түүхий эдээ эргэлтэд оруулж чадвал Монгол мөдхөн Төв Азийн Кувейт болно гэсэн хүлээлт нийгэмд үүсээд буй. Нөгөө талаас “бурхнаас заяасан” баялгаа гаднынханд эзэмдүүлэхгүй гэсэн үндсэрхэл газар авсаар байна.
Харамсалтай нь эсрэг тэсрэг энэ хоёр үзлийг хооронд нь авцалдуулан зохицуулж баймааж л бид цааш урагшлахаас өөр аргагүй юм. Сүүлийн 10 гаруй жил бид маргалдлаа, талцлаа, тэмцэлдлээ, үндэсний ойлголцолд хүрсэнгүй, уул уурхайн чиглэлд хүлээсэн хэмжээний ахиц гарсангүй. Энэ салбарын бодлого тодорхойлох хүрээн дэх тэмцэл хоёр түвшинд илэрч байна. Юуны өмнө улс төрийн намаар болон бизнесийн сонирхлоор хуваагдсан бүлэглэлүүдийн хоорондох сөргөлдөөний хэлбэрээр. Нэг нь гаргаж буй санаачилгыг нөгөө тал нь жадлан эсэргүүцэж хүчээр зогсоох байдлаар илэрхийлэгдэж байна. Ийм талцсан тэмцэлдээний тод жишээ нь Тавантолгойгоос урагш барихаар яригдаж байгаа нарийн царигтай төмөр замын төсөл юм. Зураг төсөл, хөрөнгө мөнгө нь бэлэн болоод байсан энэ төсөл 2008 онд бүрэлдсэн төр засгийн шийдвэрээр цуцлагдаад одоо дахин амилж байх шиг байна. Хэрвээ энэ зам тухайн үед хэрэгжсэн бол эдүгээ автозам барьж илүү хөрөнгө гаргах шаардлагагүй байв. Арай ч ахиу хэмжээний экспорт хийчихсэн байх байв. Эдүгээ бүлэглэл үүсгэхэд улс төрийн талцлын нөлөө буурч зоос мөнгөнд дулдуйдсан хамсал бэхжих хандлага түрж байна. Энэ нь цаашдаа мафийн шинж төлөвт шилжихийг үгүйсгэх аргагүй юм.
Энэ түвшингийн сөргөлдөөний өөр нэг хэлбэр нь төрийн дээгүүр албан тушаалтнуудын оролцоо. Харамсалтай нь тийм оролцоонд нь гадаадын томоохон орнуудын хүсэлт, шаардлага бас нөлөөлөөд байх шиг ажиглагддаг. Монголын геополитикийн байршил нь хоёрхон хөрштэй энгийн мэт боловч аль нэг гадаадын талаас тавьж буй хүсэлтэд хэлэлцээрийн ширээний араас шууд хариу өгөхийн аргагүй адармаатай байдаг. Ийм “түргэдсэн” амлалт, шийдлээс болж Асгат, Мардайн ордуудад түвэгтэй байдлууд үүссэн. Баруун Цанхид хөрөнгө оруулагч шалгаруулах тендерийн явцад ч иймэрхүү “улс төр” нөлөөлсөөр ирсэн.
Яригдаж буй түвшингийн сөргөлдөөний өөр нэг хэлбэр бол улс төрчдийн ганцаарчилсан тоглолт. “Шударга бус уул уурхай”-г илчилсэн, “баялгийг тэгш хуваарилах”-ыг уриалсан, “байгаль орчиндоо санаа зовнисон” туйлын эх оронч улстөрчид ялангуяа сонгуулийн өмнө олширдгийг бид хангалттай харав. Жишээ нь, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ Засгийн газраар хэлэлцэгдэж УИХ-аар зөвшөөрөгдсөн. Чингэснээр Монголын талын албан ёсны бодлого нэгэнт тодорхой болж хэрэгжүүлэх үүргээ хүлээн авчихсан гэсэн үг. Тухайн үед гар өргөн батлалцсан хэрнээ эргээд түүнийгээ эсэргүүцсээр байгааг харахад тэдгээр парламентчдын ёс зүйд ихэд эргэлзээ төрнө. “Тогтвортой байдлын гэрээ”-ний практик олон улсын хэмжээнд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд хэм хэмжээг нь мэддэггүй эрхэм гишүүн байхгүй нь мэдээж. Тэгэхээр тэд асуудлын цаад учрыг мэдэхийн хэрээр мэдэж байгаа хэрнээ хувийн явцуу эрх ашгийн төлөө ядмагхан “улс төр” хийж байгаа нь ойлгомжтой. Өөрийн нэр хүндийг өсгөхийн тулд үндэсний эрх ашгийг зольдог энэ байдлаа манай улстөрчид зогсоох цаг болсон. Ер нь Оюутолгойн гэрээ төгс болоогүй гэдэг нь ойлгомжтой, бидэнд туршлага ч дутсан, цаад талын шахаанд орсон тал ч бий байх. Тэнд сайжруулах ёстой олон заалт бий, гэхдээ үйлдвэр ашиглалтад ороод оролцогч талууд зардлаа нөхөөд ашгаа хүртээд эхлэхээр тэр тухай ярих нь зохимжтой биз ээ. Гадаадын талууд ямар эрсдэл хүлээж, яаж хөрөнгө босгож байгааг бид төсөөлөөд нэг бодох нь зүйтэй.Тэр дундаа Европ бараг бүхэлдээ хямралд автаж, АНУ-ын эдийн засаг зогсонги байдалд ороод буй өнөөгийн нөхцөлд. Оюутолгой бол гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт, дэлхийд тэргүүлэх компаниуд Монголд орж ирсэн анхны тохиолдол, гуравдагч хөршүүдийн ашиг сонирхлыг агуулсан урт хугацааны төсөл. Нэг үгээр хэлбэл, уул уурхай дахь Монголын нэрийн хуудас. Монголчууд бид энэ төсөлд хэрхэн хандаж яаж хэрэгжүүлэхээс Монголын уул уурхайн цаашдын төлөв, эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн хувь заяа хамаарна.
Бодлогын хүрээний хоёрдохь түвшингийн зөрчлийг нь ТББ-ууд төлөөлдөг гэвэл буруудахгүй байх. Ардчилсан нийгэмд орон нутгийн, хэсэг бүлгийн, хувь хүмүүсийн сонирхлыг иргэний нийгэм гүйцэтгэдгийг ойлгож байна. Гэхдээ эдгээр субъект нь төрийн дор оршин тогтнох ёстой, нийт үндэсний эрх ашигт захирагдах ёстой гэдгээ бас ухамсарлах ёстой. Манай Төрийн бус байгууллагуудын заримынх нь ааш аяг арай дэндүү хариуцлагагүй байгаа. Байгаль хамгаалах чиглэлээр 60 гаруй ТББ байгаа нь сайн хэрэг мөн үү? Ижил зорилгын төлөө тэд тэмцэж байгаа бол хоорондоо яагаад нэгддэггүй юм бол? Энд тэндээс санхүүжилт горьдсон, бусдын гар хөл болсон нь эдгээрийн дотор хэд байгаа бол?
Сүүлийн хэдэн жилд мэдэгдэхүйц эрчимжсэн эрдсийн салбар дахь үндсэрхэх үзлийн нөлөөгөөр Монголыг сонирхогч гадаадын хөрөнгө оруулагчид хүлээзнэх байр суурьт шилжчихээд буй нь нууц биш. Энэ үндсэрхэл нь албан бус нийгэмлэг холбоодын хүрээнээс хальж улстөрчдийг хамрах болсон нь бүр ч болгоомжлол төрүүлэх болсон. Хэрвээ үндэсний компаниудад хөрөнгө зоос, мэдлэг технологи нь байгаа бол үндсэрхлээс болгоомжлох юу байх вэ. Харамсалтай нь өнөөдөр тэд энэ хэмжээнд хүрээгүй байна. Бүтээгдэхүүнээ дэлхийн хөгжингүй зах зээлд хүргэх чадваргүй хэвээр байгаа. Үүний жишээ нь Монголын тэргүүлэх аж ахуйн нэгжүүд хамтарч байгуулсан “Монгол 999” концерн ч өнөөдөр үйл ажиллагаагаа эхэлж чадаагүй, хүч мөхөстсөөр байгаа явдал биз ээ.
Экспортын орлогын 90 шахам хувийг хангаж байгаа уул уурхайн салбарт аль болохоор олон орны оролцоог хангаж эс чадвал, үндсэрхэг үзлээрээ тэднийг айлган хөндийрүүлвэл бид эцсийн дүндээ хоёр хөрштэйгөө л үлдэх болно. Сонголттой байх, өрсөлдөөнийг ашиглах боломж улам л хумигдана гэсэн үг. Ямар ч нөхцөлд бид нүүрс, жонш, зэсээ ухаж л таарна, урд хойд хөрш рүү гаргаж л таарна, харин ямар үнээр бол? Учир нь бид нөхөн үйлдвэрлэлийн өнөөгийн бүтэц, амьдралын хэв загвараа өөрчилж нэгэнт эс чадах билээ. Монголын нийгэм хүрээд буй өнөөгийн түвшинг хадгалах, улмаар ахиж урагшлахын тулд эрдсийн салбарт үндэсний ойлголцол, эв нэгдэл дутагдаж байна.
Уул уурхайн салбар дахь эрх зүйн орчин тогтворгүй, хуулийг хэрэгжүүлэх тогтолцоо төлөвшиж амжаагүй байгаа нь бидний хамгийн том бэрхшээл гэдэг нь ойлгомжтой. Энэ нь хөгжиж буй орнуудад байдаг нийтлэг согог, ардчиллын уламжлал багатай бидний зүй ёсны сул тал. Нөгөөтэйгүүр төр засгийн байгууллагуудын ажлын уялдаа хангалтгүй, нийтийн үйлчилгээний албан тушаалтнуудын хариуцлага сул, сахилга, ёс зүй дорой байгаа нь эрдэс баялгийн салбар дахь үндэсний нэгдмэл байдалд ч сөргөөр нөлөөлдөг нь нууц биш. Эдгээр нь бидний объектив бэрхшээл, түүнийг даван туулахад тодорхой хугацаа шаардагдана. Эрдсийн салбараас олж буй орлогыг зөв шударга хуваах, үр ашигтай зарцуулах нь ч бид өвөр зуураа ярилцаж учраа олж болох асуудал.
Харин дээр дурдсан хоёр түвшингийн зөрчил бол субъектив агуулгатай бөгөөд, улстөрчид, иргэд маань хувийн ашиг сонирхол, амбицаасаа татгалзаж чадвал даруйхан арилгаж болохуйц согог юм. Хууль тогтоомжийг чандлан мөрдүүлэх замаар ч энэ чиглэлд багагүй ахиц гаргах боломжтой.
Монголчууд бид эв эеэ хичээж, хувь хүн ч бай, иргэний нийгэм ч бай төр засгийнхаа бодлого шийдлийг хүндэтгэж уул урхайн салбарт үндэсний ойлголцолд яг энэ цаг мөчид л хүрэхгүй бол бид бүгдээрээ “галт тэрэгнээс хожимдох” болно.
Доктор Ж.ГӨЛГӨӨ Mining & Money сэтгүүл