О.Эрдэнэбулган: Монгол Улсын иргэдийн хүртэх хувьцааны үнэ цэнэ тодорхой болж, ногдох ашиг хүртэх боломж нь биелэлээ олно

2013-03-07erdenebulganМонгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн босгон дээр уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулгантай ярилцлаа. Тэрбээр Италид мэргэжил эзэмшиж, Европт нэр хүндтэй хэд хэдэн томоохон уурхайд ажиллаж байсан туршлагатай нэгэн юм билээ.

-Уул уурхайн салбарт шинэчлэлт хийхийн тулд Шинэчлэлийн Засгийн газрын чухал тулгуур нь танай яам болох байх. Ажлын эхлэл хэр явж байна гэдгээс ярилцлагаа эхлэе гэж бодлоо?
-Уул уурхайн яам нь Монгол Улсын эрдэс баялгийн сан хөмрөгийг баяжуулж, уул уурхайн салбарыг хөгжүүлэн, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл болон нийгэм, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дэмжиж, байгаль орчинд халгүй, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх замаар хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, улмаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх гээд олон чухал зорилтуудыг өмнөө тавьсан Засгийн газрын нэг эд эс нь юм. Уул уурхайн салбарыг хөгжүүлэх урт хугацааны бодлогыг тодорхойлох, хууль эрхзүйн таатай орчинг бүрдүүлэх гээд бидний ажилд ирээдүйд чиглэсэн олон зорилтууд бий. Зөвхөн Эрдэнэт гэдэг ганцхан үйлдвэртэй уул уурхайн салбартаа Орос гэсэн ганцхан хамтрагчтай байсан тэр цаг үе хэдийнэ улирч дэлхий нийт Монголыг, Монголын асар их баялаг бүхий орд газруудыг сонирхож анхааралтай ажиглаж, хамтран ажиллах санал тавьж эхэлсэн тийм цаг үед та бид амьдарч байна. Ийм л учраас шинэчлэлийн Засгийн газар энэ нөхцөл байдлыг чухалчлан авч үзэж, салбарын чиглэлийн яамыг тусад нь байгуулан ажиллаж эхлээд байна.
-Хууль, эрхзүйн орчин тогтвортой бус улстөрийн байдлаасаа ихээхэн шалтгаалдаг гэж гаднынхан манайхыг шүүмжлээд байдаг . Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Мэдээж алдаа оноотой зүйл байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ бид олон зүйлийг бодож судалж гэмээнэ Монголын төр ард түмэнд ашигтайгаар мөн хөрөнгө оруулагч гадаадын компаниудын эрх ашгийг зөрчихгүй байх тийм л бодлогыг хуульчлах ёстой. Бид ашигт малтмалын салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилтын хүрээнд дараахь ажлыг хийж хэрэгжүүлж байна. Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангалаа. Мөн Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна. Түүнчлэн Газрын тосны бүтээгдэхүүний тухай, Газрын тосны болон бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх тухай, Уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Ашигт малтмалын салбарт төрөөс баримтлах бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл дээр ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт багтсан геологи, уул уурхайн салбарын зорилтыг хэрэгжүүлэх, зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр Уул уурхайн сайдын тушаалаар 40 гаруй ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
-Шинэчлэлийн Засгийн газрын олон чухал зоригтой алхмууд иргэдийн талархлыг хүлээж байгаа. Танай яамны хувьд миний санаж байгаагаар шатахууны үнийг тогтвортой байлгах тал дээр санаачлага гаргасныг мэдэж байна?
-Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр нэлээд ажлуудыг хийсэн.Тухайлбал Улсын нөөцийг алдагдалгүйгээр эдийн засгийн эргэлтэнд орууллаа. Өмнөх Засгийн газрын үед импортын шатахууныг Онцгой албан татвараас 100 хувь чөлөөлж байсныг өөрчилж шатахууны жижиглэнгийн худалдаанд татварын хөнгөлөлт үзүүлж, уул уурхайн салбарын болон бөөний хэрэглэгчдийн импортын шатахууныг татвартай болголоо. Ингэснээр аж ахуйн нэгжүүд жижиглэнгийн үнийг тогтвортой байлгахад Засгийн газартай хамтарч ажиллах, нөгөө талаас бөөний худалдаанд зах зээлийн зарчмаар ажиллах боломжтой болсон юм. Улсын хэмжээнд төр болон шатахуун импортлогч аж ахуйн нэгжийн бүрдүүлэх нөөцийн хугацааг 40 хоног байсныг олон улсын жишигт ойртуулж 60 болгон мөн өөрчиллөө. Монголбанктай “Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж, санамж бичиг байгуулсан. Шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах зорилтын хүрээнд Монголбанк шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгож мөн үүнтэй зэрэгцээд шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг валютын эрсдлээс хамгаалах арга хэмжээг хамтдаа хэрэгжүүлэхээр болсон. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр эцсийн үр дүндээ иргэдийн амьжиргааны өртгийг тогтвортой байлгахад дэм болно. Дээр нь газрын тосноос олох орлогыг нэмэгдүүлсэн гээд тоочвол цаг их орох нь ээ.
-Газрын тос гэснээс газрын тосны үйлдвэр барих ажил юу болж байна вэ?
-Газрын тосны үйлдвэр байгуулахтай холбогдсон асуудлыг Уул уурхайн яам Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас Газрын тосны үйлдвэрийн Техник, эдийн засгийн үндэслэлийг яаралтай боловсруулж, үйлдвэр барих ажлыг түргэтгэх үүргийг өглөө. Ингэснээр жилд нэг сая тонноос доошгүй хүчин чадалтай газрын тос боловсруулах үйлдвэр баригдах юм.
-Саяхан Багануурын нүүрсний уурхайн эргэн тойронд олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг төр мэдэлдээ авсан.Энэ нь улсад ямар ашигтай вэ?
-“Уул уурхайн яамаас өгсөн үүрэг даалгаврын дагуу АМГ-ын даргын тушаалаар хууль зөрчиж олгогдсон “Багануур” ХК-ийн нүүрсний эргэн тойронд олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Багануурын нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг төр өөрийн мэдэлд авснаар нийт нөөцийн 65 хувь болох 450 сая тонн нүүрс буюу зах зээлийн ханшаар 9,9 их наяд төгрөгийн нөөц нэмэгдэж, уурхайн насжилт 40-45 жилээр уртасч буй хэрэг. Зөвхөн энэ ч биш “Эрдэнэт үйлдвэр” ХК өнөөдрийн хүчин чадлаар үйл ажиллагаагаа явуулахад 25 жил ашиглах хүдрийн түүхий эдийн нөөцтэй. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаа“Эрдэнэтийн Овоо” ордын орчимд гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай хувийн компаниуд эзэмшиж байсан 1960–1980 онд улсын хөрөнгөөр геологи хайгуулын ажлыг хийж, хэтийн төлвийг нь тогтоосон таван хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг Засгийн газар мэдэлдээ авч 100 хувь төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-аар дамжуулан хайгуулын ажлыг гүйцэтгүүлж, ашиглах болсон. Үүний үр дүнд “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн насжилт 20-25 жилээр нэмэгдэж, 3 сая тонн зэс, 55 мянган тонн молибден буюу 24 тэрбум орчим ам.долларын нөөц нэмэгдэх боломж бүрдэх юм.Мөн Шивээ-Овоогийн нүүрсний орд, Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг хуулийн хүрээнд шийдвэрлэх бэлтгэл ажлыг хангуулж байна.
-Оюутолгойн гэрээнд яам ямар бодлого баримталж байна вэ?
-УИХ-аас Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Энэхүү үйл ажиллагааны хөтөлбөрт геологи уул, уурхайн салбарт өмнө нь байгуулсан Тогтвортой байдлын, Хөрөнгө оруулалтын, Бүтээгдэхүүн хуваах гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг судалж, холбогдох өөрчлөлтүүдийг хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцож хийх гэсэн заалт орсон. Дээрх заалтын хүрээнд Ерөнхий сайд захирамж гаргаж, Оюутолгойн ордыг ашиглах төслийн хэрэгжилтэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, гэрээний биелэлтэд хяналт тавих, Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахтай холбогдон УИХ-аас гарсан шийдвэрүүд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, Оюу толгойг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах талаар хөрөнгө оруулагч талтай өмнө нь хийсэн яриа хэлцлийг үргэлжлүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Уул уурхайн сайдаар ахлуулан байгуулсан. Уул уурхайн сайд тус шийдвэрийн дагуу хэлэлцээрийг үргэлжлүүлэх тухай албан бичгийг хоёр ч удаа Рио Тинто компанийн удирдлагад хүргүүлсэн боловч татгалзсан хариу авсан хэдий ч хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулагчийн санхүүжүүлэгчид, хувьцаа эзэмшигчид, нөгөө талаас Монголын ард түмний нийтлэг эрх ашиг түүний төлөөлөл болсон төрийн ашиг сонирхлыг нэгтгэн хэд хэдэн удаа нүүр тулан уулзсаны үр дүнд Оюу толгойн гэрээний зарим заалтыг тодорхой болгох талаархи хэлцлийг үргэлжлүүлэх асуудал дээр хоёр тал нэгдсэн саналд хүрсэн. Сэтгүүлчид зөвхөн Оюутолгойг асуух юм. Оюутолгой том төсөл хэдий ч манай яамны хувьд Монголын ард түмний цаашдын ирээдүй болох олон том төсөл, том баялгуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хууль, эрхзүйн орчинг бүрдүүлэх тал дээр чамгүй ажил хийж байна. Тавантолгой дээр ч бид тодорхой ажлуудыг үе шаттайгаар хийж л байгаа.
-Тухайлбал?
-Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Тавантолгойн орд газрын ашиглалт, түүний дэд бүтцийн асуудлаар санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Уул уурхайн сайд ахлан ажилласан. Дэлхий зах зээл дээр нүүрсний үнэ унасан, ялангуяа манай нүүрсний өнөөгийн цорын ганц зах зээл болох Хятадын худалдан авалт буурсан, улмаар Тавантолгойн ордыг хэрхэн ашиглах талаар эцсийн шийдвэрийг хараахан гаргаагүй байгаа зэрэг хүчин зүйлийг үндэслэн ордын болон түүний ойр хавийн дэд бүтцийг хөгжүүлэх талаар ажлын хэсэг шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн хүрээнд Засгийн газрын хуралдаанаас Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийг ч байгууллаа. Тавантолгойн ордыг ашиглан төмөр замын дэд бүтцийг барьснаар бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд хүргэх, олон худалдан авагчтай болох, түүнчлэн тогтвортой урт хугацааны гэрээ байгуулах боломж бүрдэнэ. Үүний үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зах зээлийн үнэлгээ нэмэгдэж, Монгол Улсын иргэдийн хүртэх хувьцааны үнэ цэнэ тодорхой болж, ногдох ашиг хүртэх боломж нь биелэлээ олох учиртай.
-Шинэчлэлийн Засгийн газар иргэдийн оролцоотойгоор асуудлыг шийдвэрлэх тал дээр хэр нээлттэй ажиллаж байна вэ?
-Үүнийг иргэд маань л дүгнэх байх. Би хувьдаа хангалттай нээлттэй иргэдээ сонсч тэдний саналыг үйл ажиллагаандаа тусгадаг гэж хэлнэ. Тодруулбал арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар Засгийн газрын 11:11 төвд Уул уурхайн яаманд гаргасан санал хүсэлтийн нийт тоо 151 байна. Үүнээс 75 санал хүсэлтэд хариулт өгч 63 санал хүсэлтийг бүртгэж авсан байгаа. Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлэх тухай Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар урьдчилсан хэлэлцээрүүдийг хийж гүйцэтгэлээ. Ялангуяа манай салбарт хамгийн тулгамдсан асуудал болох боловсон хүчин бэлтгэх тал дээр Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, салбарын эрдэмтэд, их дээд сургуулийн төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж хамтран ажиллах гээд бэлтгэл ажлаа хангаж байна.
-Уул уурхайн яам багаа хэрхэн бүрдүүлэв?
-Маш сайн баг гэж би хувьдаа хамт олноо үнэлдэг.Манай яамны нийт ажилтнуудын 90 хувь нь уул уурхайн салбарын мэргэжилтнүүд, үүнээс 45 хувь нь гадаадад мэргэжил эзэмшсэн залуус. Д.Ганхуяг сайд маань гэхэд л Японд боловсрол эзэмшсэн болохоороо ч тэр юмуу дорныхны нягт нямбай, юманд тууштай ханддаг, нэг ажлыг бариад авахаараа нойр хоолоо мартан зүтгэдэг тийм л зантай хүн. Миний хувьд Италид сурч тэндэхийн уул уурхайн салбарт ажиллаж байсны хувьд Европын ажлын арга барил, боловсон хүчнээ бэлтгэдэг бодлого, цаг ашиглалт, үр дүнтэй өсөлт дэвшилттэй ажлын орчинг нь өөрийн яамандаа нутагшуулах хүсэлтэй байдаг. Туршлагатай төрийн түшээ сайд маань хамт олноо өөрөө үлгэрлэн удирддаг. Нэг зүйлийг хэлэхэд, манай яаманд ажлын цаг гэж байдаггүй. Шөнийн 22-23 цагт гэртээ харих нь энгийн үзэгдэл. Ажилдаа дуртай сэтгэлтэй хамт олноороо би хувьдаа их бахархдаг. Сэтгэл байвал юуг ч хийж болно гэдгийг цааш цаашдын манай хамт олны ажил харуулах биз ээ.

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »