Уул уурхайгаас суманд очих орлого 4 дахин нэмэгдэнэ

Төсвийн тухай хууль, Хүний хөгжлийн сангийн тухай хуульд өөрчлөлт орсноор уул уурхайн салбараас орон нутагт орох орлогын хэмжээ нэмэгдэх нь байна. Яг ямар өөрчлөлт орж, орлого нь яаж нэмэгдэхээр байгаа вэ?
Урьд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн /АМНАТ/ 70%-ийг Хүний хөгжлийн санд, 5%-ийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 25%-ийг улсын төсөвт төвлөрүүлдэг байсан. Хүний хөгжлийн сангаас хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлгийн 70 мянга гэх мэт халамжийн мөнгийг гаргадаг. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас аймаг, сумын Орон нутгийн хөгжлийн сан руу итгэлцүүрээр мөнгө хуваарилдаг. Дунджаар 100-300 сая төгрөг нэг суманд очдог байсан. Зарим ашигт малтмалын үнэ буурч орлого багасаад ирэхээр энэ мөнгөний хэмжээ багасч байна.

Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйл, Хүний хөгжлийн сангийн тухай хуульд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт орсноор АМНАТ-өөс Хүний хөгжлийн сан руу ордог 70%-ийг 65% болгон бууруулж, улсын төсөвт ордог 25%-ийг 30% болгож нэмсэн. Ингээд Хүний хөгжлийн сан 65%, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан 5%, улсын төсөв 30%-ийг авдаг болсон. Эхний хоёрынх нь зарцуулалт өөрчлөгдөхгүй. Улсын төсвийн 30%-ийг дотор нь дахин хувааж байгаа. Мега буюу томоохон төслүүд, Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойн гэх мэт ордын АМНАТ-ийг улсын төсөвт 100% үлдээгээд бусад уурхайнуудаас орж ирсэн АМНАТ-ийг 70%, 20%, 10% гэж хувааж байгаа. 70% нь улсын төсөвт, 20% нь аймгийн Орон нутгийн хөгжлийн санд, 10% нь сумын Орон нутгийн хөгжлийн санд төвлөрнө. Аймаг, сумын Орон нутгийн хөгжлийн сан руу шилжүүлэхдээ тухайн орон нутагт хийж буй олборлолтын хэмжээг харгалзан үзэх болно.

Төсвийн тухай хуулийн 60.5 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн хөгжлийн сан нь энэ хуулийн 60.2.6-д заасан орлогын 33-аас доошгүй хувийг ашигт малтмалын олборлолт хийсэн сум, дүүргийн хөгжлийн санд олгоно” гэсэн нэмэлт оруулсан. Уг хуулийн өөрчлөлтийг 5 дугаар сарын 21-нд УИХ-аар баталж, “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 6 дугаар сарын 5-ны өдрийн 21 дугаарт хэвлэгдэн гарсан бөгөөд ирэх төсвийн жилээс хэрэгжиж эхлэх юм.

Яагаад мега төслийг улсын төсөвт үлдээсэн юм бол?
Мега буюу томоохон төслийг салгахгүй бол аймаг, сумдад ахадсан их мөнгө хуваарилагдах тооцоо байгаа юм. Гэвч тэр төслүүдээс тухайн орон нутагт хангалттай дэмжлэг тусламж очих боломжтой. Ямар төслүүд энд багтахыг Засгийн газар шийднэ. Одоогийн төсөөллөөр Оюутолгой, Эрдэнэт, Тавантолгойн орд орно гэж үзэж байгаа.

Ингэж хуваарилах нь урьд байсан Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлдөг байсан 5%-иас зарчмын ямар ялгаатай юм бэ?
Орон нутгийн нэгдсэн сан руу АМНАТ-ийн 5%-ийг шилжүүлдэг тогтолцоо хэвээр хадгалагдан үлдэж байгаа. Үүн дээр нэмээд АМНАТ-өөс Улсын төсөвт ордог байсан хэсгээс тодорхой хэсгийг нь буюу 30%-ийг нь аймаг, сум руу өгч байгаа юм. Зарчмын гол ялгаа нь нийт АМНАТ-ийн 5%-иас хуваарилагддаг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн зарцуулалт нь бүх аймаг, сум руу итгэлцүүрээр хуваагдаж шилждэг байсан. Өөрөөр хэлбэл, тухайн аймаг суманд хайгуул болон уул уурхайн ашиглалт явж байгаа эсэхээс үл хамааран хүн ам, газар нутгийн хэмжээ гэх мэт шалгуураар үнэлэгдэн Орон нутгийн хөгжлийн сангаас мөнгө хуваарилагддаг гэсэн үг.

Нэмж хуваарилагдаж байгаа мөнгийг уул уурхайн ашиглалттай аймаг, сумд л авах юм. Нэг ёсондоо тухайн аймаг, суманд уул уурхайн ашиглалт явуулдаг бол тэр уурхайгаас төлж байгаа АМНАТ-ийн тодорхой хэсгийг аймаг, сум авна гэсэн үг. Жишээ нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Орон нутгийн хөгжлийн сангаар хуваарилагдах мөнгө Ноён сумынхаас илүү байх болно. Танай сумын газар шороог хөндөж, олборлолт явуулж байгаа учир олборлолт явуулдаггүй сумаас илүү мөнгө танай суманд нэмж очно гэсэн үг юм.

Урьд нь АМНАТ-ийн 5%-ийг сумдад хуваарилдаг байхад нэг суманд дунджаар 100-300 сая төгрөг оногддог байсан гэсэн. Ингэж нэмж мөнгө хуваарилснаар хэд болж нэмэгдэх вэ?
Уул уурхайн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг сумдын авах мөнгө ойролцоогоор 4 дахин нэмэгдэнэ.

Өмнөговийн Гурвантэс, Цогтцэций, Сэлэнгийн Мандал сум бол бүр илүү мөнгө авах нь ээ?
Тэгнэ.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг мөн орон нутагт шилжүүлэхээр болсон гэсэн?
Тийм. Улсын төсөвт 100% төвлөрдөг байсан ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50%-ийг Сумын хөгжлийн санд шилжүүлэхээр болсон. Энэ бол чамгүй мөнгө аймаг, суманд очно гэсэн үг. Уул уурхайн олборлолтоос гадна геологи, хайгуулын талбайнаас хамааран аймаг, нийслэл, сум, дүүргийн орон нутгийн хөгжлийн санд нэмж мөнгө хуваарилагдана.

Орон нутагт ингэж мөнгө шилжүүлснээр улсын төсөвт ямар нэг хүндрэл гарах уу?
Тодорхой хүндрэл гарна. Урьдчилсан тооцоогоор улсын төсвийн орлого 40 орчим тэрбум төгрөгөөр буурах хандлагатай байгаа. Гэхдээ геологи хайгуул, уул уурхайн олборлолт явуулж буй аж ахуйн нэгжийн орон нутагтай ойлголцох ойлголт, дэмжлэг нэмэгдсэнээр үйл ажиллагаа нь өргөжиж, улмаар төсвийн орлогыг нөхөх боломжтой гэж харж байгаа.

Хуулийн уг өөрчлөлтийг хийх талаар нэлээд эртнээс яригдсан ч дэмжигдэхгүй явсан. Яагаад гэнэт дэмжигдэх болов? Орон нутаг хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй байсантай холбоотой юу?
Ер нь тийм. Олон улсын туршлагаас харахад Канад, Австрали зэрэг улс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг улс болон муж, орон нутгийн түвшинд татан төвлөрүүлж, тухайн орлогыг захиран зарцуулах эрхийг орон нутгийн захиргааны байгууллагад олгодог. Орон нутаг ашигт малтмал ашигласны үр өгөөжийг шууд хүртсэнээр тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах сонирхол нь нэмэгдэж, цаашлаад тухайн орон нутгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг.

Уг нь 2006 онд батлагдсан  Ашигт малтмалын тухай хуульд орон нутагт орлого хуваарилах заалт орсон. Гэвч энэ нь төсвөөр дамждаг байсан тул үр нөлөөгөө өгөөгүй юм.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон хууль цуцлагдаж, шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэхэд Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засгийн нөхцөл байдал тэр хэмжээгээр сайжирна гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл орон нутаг  хайгуулын лиценз олгохоос татгалзаж эхэлсэн.
Хамгийн сүүлийн мэдээллээр АМГ нийт 847 өргөдлийн санал орон нутаг руу явуулснаас 751 хариу ирж, 441 нь буюу 58.7 хувь нь татгалзсан. Ганц аймаг биш нийтдээ татгалзаад ирэхээр орон нутгийг дэмжих зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Төсвийн орлогыг сайжруулахын тулд орон нутгийн орлогын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг Засгийн газар дэмжсэн хэрэг.

Орон нутаг ямар шалтгаанаар дэмжихгүй байна вэ?
Янз бүрийн л шалтгаан хэлдэг. Гэхдээ гол нь орон нутагт ямар ч өгөөж байхгүй гэсэн шалтгаан байгаа байх. Татгалзсан хариуг нь харахаар дийлэнх нь аймаг, сумын ИТХ-аас дэмжээгүй гэдэг үндэслэлийг хэлдэг. Жишээ нь, зарим сумын ИТХ лиценз олгох талбайн нэг га-аас 5000 төгрөгийн хураамж төлбөл тусгай зөвшөөрөл олгохыг дэмжинэ гэсэн байсан. Эндээс харахаар орон нутгийг шууд буруутгах аргагүй. Би өөрөө орон нутагт ажиллаж байсан болохоор зовлонг нь ойлгоно. Яалт ч үгүй төсөв нь хүрэлцээгүй учир төсөвт нь нэмэргүй мөртлөө хайгуул хийх гээд байгааг дэмжихгүй байгаа юм. Үүнийг ойлгох хэрэгтэй.

Ашигт малтмалын салбараас ордог гол орлогыг улсын төсөв рүү татаж авчихаад юунд зарцуулахыг УИХ шийддэг. Бид Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллаж байхад удирдлагууд нь гомдол мэдүүлж байсан. Манайд нүүрсний таван том уурхай ажиллаж бэлчээрийн талбай багасч, байгаль орчныг доройтуулж байна. Тэд татвараа төлөхөөс гадна суманд маань хандив дэмжлэг гэж бага сага тусалдаг. Гэтэл Засгийн газар, УИХ-аас уул уурхайн олборлолт хийдэггүй Баянхонгор аймгийн хоёр суманд олон тэрбум төгрөгөөр “Шинэ сум” төслийг хэрэгжүүлж байгаа нь шударга биш байна гэсэн гомдол тавьж байсан.

Хуульд өөрчлөлт орсноор орон нутаг нааштай хандах тал байна уу?
Уул уурхайн яам, АМГ аймгийн удирдлагуудтай ярилцаж, ойлголцолд хүрч байгаа. Баруун аймгууд лиценз олголтыг зөвшөөрөх хандлага нэмэгдэж байна. Зүүн талын аймгууд руу удахгүй лиценз олгох хүсэлт очих болно. Аймаг, сумдын удирдлагад хуулийн өөрчлөлтийг ойлгуулах ажлыг хийж байна. Ойлгож дэмжихээ орон нутгийн удирдлагууд илэрхийлж эхлээд байгаа.

Уул уурхайн компаниудын орон нутагтай байгуулах гэрээний загварыг боловсруулах ажил ямар явцтай байна вэ? Нэлээд хүлээлт үүсгээд байх шиг байна?
Ямар ч байсан уул уурхайн компаниуд тухайн орон нутагт найр наадмын төсөв, ИТХ-ын дарга гишүүд, сумын удирдлагын аялал зугаалгын зардал болон хувь хүнд хандив өгөхгүй гэж байгаа. Харин орон нутагт ажлын байр бий болгох, нийгмийн болон дэд бүтцийн бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэх боломжтой чиглэлүүд тусгагдана. Одоо АМНАТ болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг орон нутагт өгдөг болсноор ерөнхий концепц  бага зэрэг өөрчлөгдөх байх.

Дэлхийн банкны төслөөр болон манай яамны боловсруулсан хоёр ч гэрээний загварын төсөл яригдаж байгаа. Ажлын хэсэг ажиллаж байна. Удахгүй эцэслэн шийдэгдэнэ.

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »