“Оюу толгой” төслийг Дэлхийн банкнаас санхүүжүүлэхийг АНУ эсэргүүцсэн тухай “Inter Press Service” мэдээллийн агентлаг мэдээлсэн байна. АНУ-ын Сангийн яамны хэвлэл мэдээллийн ажилтны өгсөн тайлбараар бол байгальд үзүүлэх нөлөөний талаар нарийн судалж, уурхайн төлөвлөлтөд тусгаагүй нь дээрх эсэргүүцэлд хүргэсэн аж. Тэдний мэдэгдэлд “Байгаль орчны ба нийгмийн нөлөөлөх байдлын үнэлгээг судлан үзэхэд хангалттай шинжилгээ байгаагүй” гэжээ.
АНУ-ын Сангийн яам үүнээс өөр тодорхой зүйлийг одоогоор мэдэгдээгүй байгаа аж. Гэхдээ АНУ-ын энэхүү санал нь Дэлхийн банкнаас “Оюутолгой” төслийг санхүүжүүлэхийг зогсооно гэсэн эцсийн шийдвэр биш гэнэ. Дэлхийн банкны гишүүн байгууллага Олон улсын санхүүгийн корпорацын ТУЗ-өөс уг төсөлд зээл олгох асуудлыг нааштайгаар шийдвэрлээд буй юм байна. Тодруулбал, тус корпорацын “Rio Tinto”-той ярилцаж буй санхүүжилтийн хэмжээ нь 900 сая ам.доллар гэх мэдээлэл байна.
Дашрамд дурдахад, Европын сэргээн босголт, хөгжлийн банк “Оюу толгой”-д зориулан 1.4 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоо саяхан мэдэгджээ. Түүнчлэн АНУ-ын Экспорт импортын банк, “Standard Chartered” болон бусад банк ч зээл олгож магадгүй гэнэ. Монголын өмнийн говиос зэс, алт олборлохоор төлөвлөж буй, Лондонд төвтэй “Rio Tinto” групп нь “Оюу толгой” төслийн хоёр дахь шатны санхүүжилтэд шаардагдах дөрвөн тэрбум ам.долларын зээл авах саналаа олон улсын сангууд, хөрөнгө оруулагчдад хүргүүлээд байгаа билээ.
“Rio Tinto”-гийнхон бүтээгдэхүүнээ зургадугаар сард экспортлохоор төлөвлөж буй нь хэвээр гэдгээ мэдэгдээд байгаа. Гэвч уг төсөл нь орон нутгийн болон олон улсын иргэний нийгмийн байгууллагуудын багагүй шүүмжлэлтэй тулгарч буй аж. Тухайлбал, Оюу толгойд 750 мВт-ын хүчин чадалтай нүүрсний станц барихыг эсэргүүцэж байсан хэмээн IPS агентлаг мэдээлжээ.