Д.Загджав: Удахгүй эх орондоо үйлдвэрлэсэн шатахууныг машиндаа хийнэ

Засгийн газрын өнгөрсөн лхагва гаригийн хуралдаанаар АИ 80, АИ 92 шатахууны албан татварыг тэглэх шийдвэрийг гаргасан. Ингэснээр дээрх шатахуунуудын үнэ нэмэгдэхээргүй болж байгаа юм. Шатахуун түгээх станцууд АИ 92, АИ 80 шатахууныг хэзээнээс хэвийн олгож эхлэх болон бусад асуудлаар Уул, уурхайн дэд сайд, Үнийн зөвлөлийн тэргүүн Д.Загджаваас доорх тодруулгыг авлаа.

КОМПАНИУД АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖ БАЙСАН НЬ ҮНЭН

 – Засгийн газрын шийдвэрээр АИ 92, АИ 80 шатахууны үнийг нэмэхгүй байх шийдвэрийг гаргасан. Шатахуун түгээх станцууд хэзээнээс дээрх шатахуунуудыг хэвийн олгож эхлэх вэ?

– Засгийн газар үүсч бий болсон нөхцөл байдалд дүгнэлт хийн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. АИ 80, АИ 92 шатахууны онцгой албан татварыг тэглэлээ. Шатахууны хангамж, үнийн тогтвортой байдалд хяналт тавих чиг үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцсон үндэсний зөвлөлөөр уг асуудлыг удаа дараа хэлэлцэж байсан. Уг уулзалтаас гарсан шийдвэрээ тухай бүрт нь Засгийн газарт танилцуулж байсан. Засгийн газрын зүгээс төрийн бүх албадыг оролцуулсан ажлын хэсгийг байгуулж үүсч бий болсон нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөхөөр ажиллажкомпаниудын бодит алдагдагдлыг тогтоосон. Үүний дараа буюу энэ сарын 23-ны өдөр бид Засгийн газарт санал хүргүүлсэн. Нефть импортлогчдоос шатахууны онцгой албан татвар гэж 68 тэрбум төгрөгийг авахаар төлөвлөөд байсан юм. Үүнийг нь Засгийн газар тэглэсэн. Тэгэхээр өнөөдөр Засгийн газрын тогтоол хэрэгжиж байна. Шатахууны үнийн нэмэгдэл нь иргэдийн амьдрал цаашилбал улс орны эдийн засаг, инфляцитай холбоотой асуудал. Ерөнхий сайд зөв шийдвэр гаргаснаар эрсдлээс улс орноо хамгаалж чадлаа. Энэ асуудлыг шуурхай шийдэж чадсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нарт баяртай байна.

Хоёр өдрийн дотор түгээлт хийснээр шатахууны асуудал хэвийн горимд шилжинэ. Өнөөдөр би өөрийн биеэр хоёр ШТС-аар орж үзлээ. АИ 92 шатахууныг 1630 төгрөгөөр худалдаалж байна. Машиндаа шатахуун авсан хэвийн олгож байна лээ. Ашигт малтмал, газрын тосны газрын даргад шатахууныг хэвийн олгуулах үүрэг өгсөн байгаа. Та бүхэн өөрсдөө очиж хараарай. Асуудалгүй өгч байна лээ. Би нефть импортлогч комданиудын захиралтай ярьсан. Тэд “Шатахуунаа хэвийн олгоно. Өнөөдрөөс эхлээд Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлнэ” гэж хэлсэн. Нефтиэ өөр газарт хадгалдаг. Тэндээсээ шатахуунаа салбарууддаа тарааж түгээх нь ажил нь явагдаж байгаа байх.

– АИ 92 шатахууны нөөцтэй байсан юм байна. Гэтэл яагаад зарахгүй байсан юм. Нефть импортлогчид шатахууны зохиомол хомсдол үүсгэсэн байна шүү дээ?

-Зохиомол хомсдол биш. Компаниуд алдагдалтай ажиллаж байсан юм. Түгээлт өгөх л юм бол алдагдал үргэлжлээд байх байсан учир Үнийн бодлогод удаа дараа хандаж байсан юм. Өнөөдөр иргэд, хэрэглэгчид, нефть импортлогчид мөн Засгийн газрын аль нь ч хохироогүй. Тал, талын эрх ашгийг хангасан шийдвэр гарлаа. Бизнес бол өөрөө хамтын ажиллагаа шүү дээ.

– Өнгөрсөн өдрүүдийн хувьд нефть импортлогчид иргэдийн бухимдлыг төрүүлж тодорхой хэмжээгээр хохироосон гэж үзэж байна. Тэд Засгийн газрыг болон иргэдийн тэсвэр тэвчээр алдалтыг бий болгосон. Цаашид ингэж гэдийх бүрт нь Засгийн газар бууж өгөх юм уу?

– Нефть импортлогчид Засгийн газрыг дарлаагүй. Харин тэд нийгмийн амьсгааг хүлээж ажилласан. Ямартай ч хэрэглээний шатахуун өгсөн, таслаагүй. Шатахуун түгээх үйлчилгээ өөрөө их төвөгтэй байдаг юм байна. Тэдэнд ч, бидэнд ч зовлон байна. Шатахууны хангамж, үнийг тогтворжуулах чиг үүрэг бүхий олон байгууллагууд тал бүрээсээ ярьж асуудлыг шийддэг. Тэгэхээр нефть импортлогчид үүргээ алданги, оног ч болов биелүүлж байсан гэж үзэж байгаа. Хохирол нь үнэхээр бодитой юм байна лээ. ОХУ нефьттэй орон. Тэндхийн үнэ энд зарж байгаа шатахууны үнэ  адилхан байгаа юм. Бид тэндээс авчирж ирээд борлуулж байгаа шүү дээ. Роснефть компанийн шатахууны импортын үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлттэй холбоотойгоор өмнөх сартай харьцуулахад 24-43 доллараар /тн оор нэмэгдэх төлөвтэй байна. Үүний энэ өсөлт нь шатахууны жижиглэн борлуулалтын үнэд бүтээгдэхүүний төрөл, бүсээс хамааран өнөөгийн аж ахуйн нэгжүүдийн 153-303 төгрөгийн алдагдалтай байгаа үнэ дээр литр тутамд 51-103 төгрөгийн сөрөг нөлөөг нэмж үзүүлэхээр байгаа юм. Цаашлаад шатахууны литр тутамд 204-389 төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гарч байсан.

– АИ 95 шатахууны үнэ 2040 төгрөгөөс дээш нэмэгдэх үү?

– Цаашлаад Евро-5 стандартын автобензин, дизель түлшний онцгой албан татварын хэмжээг үе шаттайгаар бууруулж зохицуулалт хийхийг санал болгож байгаа.

БИД УДАХГҮЙ ЭХ ОРНЫХОО ШАТАХУУНААР МАШИНАА ЦЭНЭГЛЭНЭ

– Нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Зарим иргэд үүнийг боломжгүй гэж байна?. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

– Ажлын хэсэг гараад ажиллаж байна. 2018 ондоо багтаагаад хөрөнгө оруулалтаа оруулж ажлыг нь идэвхжүүлнэ. Монгол улс нефьттэй орон. Анх Сохо компани 1992 онд газрын тосны өрөмдлөгийн ажлыг хийгээд нефть олсон. Тэгэхэд Ерөнхийлөгч асан П.Очирбат “Манай улс нефьттэй боллоо” хэмээн зарлаж дээлний энгэртээ тосоо арчиж байсан шүү дээ. Оросууд өмнө нь тэр газарт хайгуулыг нь хийгээд тогтоочихсон байсан юм байна лээ. Өнөөдөр 7.5 сая баррель нефтийг гадагш импортлож байна. Манай улсын шатах тос, нефтийн бүтээгдэхүүний нийт хэрэгцээ 1.5 сая тонн. Ийм их нөөцтэй байж шатахуунаа гаднаас авах нь өрөвдөлтэй юм. Бид удахгүй эх орныхоо шатахуунаар машинаа цэнэглэнэ.

– Хятадуудаас шатахуунаа авна гэж ярьж байгаа шүү дээ. Учир нь Хятадууд бидний шатахууны баялагт эзэн суусан байна?

– Бид бүтээгдэхүүн хуваах хуультай болно. Хуулиа гаргачихаад хууль мөрдөхийг тэр компаниудаас шаардана. ОХУ, БНХАУ 1990 оны дундуур ийм хуулийг тусгайлан гаргасан байдаг.  Гэтэл манайх чадаагүй. Хууль эрх зүйн орчин тодорхой бус учраас ингэж яваад байна. Гэрээнээс хууль нь илүү хүчтэй. Тэгэхээр хууль мөрдөхийг шаардана.

– Дээрхээс өөр сэдвээр нэгэн зүйлийг тодруулъя. Та сүүлийн үед Оюутолгой компанийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна хэмээн шүүмжлэх болсон. Таныг тус компанийн тендерт ялж чадаагүй дээ ингэж ярьж байна хэмээн ярих хүмүүс байна. Ер нь та болон таньтай хамааралтай хүмүүс Оюутолгой компанийн тендерт оролцсон юм уу?

– Зарим хүмүүс сөрсөн базаа гэгчийг хийж буй нь тэр байх. Надад тийм зүйл байхгүй. Би дүү нараасаа асуусан. Тийм зүйл байхгүй гэдэг хариултыг өгсөн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинтогийн төлөөлөлтэй уулзахдаа тэднийг зэс хайлуулах үйлдвэр болон цахилгаан станцаа байгуул гэж хэлсэн байна лээ. Мөн “Та нар хотоо байгуул, замаа тавь. Эх орны эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүл” гэж хэлсэн гэсэн. Энэ дагуу Рио Тинтогоос ажлын хэсэг гаргахаар болсон гэсэн. Би бодохдоо миний ярьсан яриа Ерөнхий сайдын болон Төрийн бодлогын хүрээнд байгаа юм байна гэж ойлгосон.Би улс төрч хүн. Агуулгаас хэзээ ч гажихгүй.

– Уул, уурхайн сайд Д.Сумъяабазар таныг огцруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулна гэж мэдэгдсэн. Та хоёр ойлголцсон уу?

– Тийм зүйл байхгүй ээ. Ийм мэдээллийг битгий хөөрөгд. Бид хоёрын хувьд нэг нь сайд нөгөө нь дэд сайд. Хамтарч ажиллаад явж байгаа.

Т.Хулан

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »