Т.Аюурсайхан: Дубайн гэрээг цуцлах эрх зүйн үндэслэлтэй. Манай улс Оюутолгойд 1.6 тэрбум долларын өртэй

-НЭГ МОНГОЛ ИРГЭН 24 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛТЭЙ-

Саяхан Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гэдэг нөхөр увайгүй худалч шүү дээ. Дандаа худлаа ярина. Барин тавин худлаа ярина. Өр дараад байна л гээд яриад байна. Гэтэл яагаад Монголын гадаад өр буухгүй өсөөд байгаа юм. Ардчилсан намыг Засгийн ажлыг хүлээлцэх үед Монгол Улсын нийт гадаад өр 22.4 тэрбум ам.доллар байсан, одоо бараг 4.5 тэрбум ам.доллараар өсчихлөө. Хариуцлагыг нь хэн хүлээх юм. Өрийг өрөөр дарахгүй гээд цагаан дээр хараар бичсэн байгаа шүү дээ” гэж хэлсэн.

Дээрх 27 тэрбум ам.долларын зээлийг нэг хүнд шилжүүлэн тооцвол нэг хүн 24 сая төгрөгийн зээлтэй гэж эдийн засагч Б.Осоргарав хэвлэлд ярьжээ.

Нөгөөтэйгүүр гадаад өр нэмэгдэх бүрт иргэдийн амьдралд нэмэр болохуйц бодит хөрөнгө оруулалт буурч байна гэсэн үг. Гадаад өрөнд төлөх мөнгөөрөө орон сууцны 8 хувийн зээлээ санхүүжүүлсэн бол хэдэн гэр бүл орон сууцтай болох байсан бэ гэдгийг үүнтэй хамааруулан бодох ёстой.

Өрийн хэмжээ 27 гаруй их наяд төгрөг болсон нь өнөөдрийн Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдалд сэтгэл зовоох түвшин гэж эдийн засагчид хэлжээ. Тэгэхээр өрийн удирдлагын бодлого, стратеги, хэрэгжилт бол зайлшгүй анхаарах асуудал мөн гэсэн үг.

Гэтэл С.Эрдэнийн хэлсэн энэ үгний араас Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг дүгнэсэн ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Сангийн яамныхан “Бид Оюутолгойд 1.7 сая долларын өртэй” гэх мэдээллийг өгсөн нь олон нийтийг үнэхээр цочирдуулав. Үүний хүү нь 541 сая ам.доллар болж өсжээ. Уг асуудлаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Т.Аюурсайханаас тодрууллаа.

-С.БАЯР ГЭРЭЭГ БАЙГУУЛАХДАА УИХ-ЫН ТОГТООЛ ЗӨРЧСӨН-

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол улсад ашиггүй, монголчуудад үр өгөөжгүй гэдгийг УИХ-ын гишүүд болон салбарын мэргэжилтнүүд өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр ярилаа. Цаашид Оюутолгойн гэрээг сайжруулах ёстой юу, ямар арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй гэж ажлын хэсэг үзэж байгаа вэ?

-Засгийн газраас хийгдсэн шинжилгээний материал, Үндэсний аудитаас хийгдсэн шинжилгээний материал нууцын журмаар УИХын гишүүдэд ирсэн. Нэлээн чухал материалууд ирсэн. Өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн үйл явцтай холбоотой мэдээллийг УИХ-ын гишүүдэд өгсөн. Үүний зэрэгцээ, Засгийн газар, Аудитын байгууллага болон АТГаас ирүүлсэн материалыг холбогдох журмын хүрээнд сонсож, танилцаж, хэлэлцсэний дараа уг гэрээг цаашид хэрхэх талаар санал бодлоо нэгтгэх шаардлагатай гэж үзэж байна. Богино хугацаанд УИХ-аас яаралтай шийдвэр гаргах ёстой.

УИХ-ын тогтоол гэсэн үг юм. Тогтоолын хэлбэрээр шийдвэр гаргаж Засгийн газарт чиглэл өгөх ёстой. Засгийн газрыг яаралтай хэлэлцээрийн ширээний ард суулгах шаардлагатай. Монгол улс Оюутолгойн төслөөс 34 хувийг эзэмшиж байгаа хэдий ч ногдол ашгаа авах боломжгүй байна. Энэ нь санхүүгийн тайлан, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын төлөвлөгөөний судалгаанаас тодорхой харагдаж байна. Нэгэнтээ, Оюутолгойн төсөл Монгол улсад огт ашиггүй төсөл болж байна. Гадаадын хөрөнгө оруулагчид нь захиргаа удирдлага болон санхүүгийн зардлаар дамжуулж үр ашгаа авч буй схемийг хийсэн байна. Оюутолгойн төсөл үр ашиггүй учраас бланс нь хасахтай гарч байна. Монгол улс 34 хувийн ногдол ашгаа авч чадахгүй.

Гэхдээ Монгол улс 34 хувийн санхүүгийн зардал, үндсэн зээл, зээлийн хүү, хөрөнгө оруулалтын зардлыг төлөөд явж байна. Яг төсвөөс мөнгө гараагүй учир Монгол улсын нэр дээр өр болгоод бичээд явж байна. Өр нь тэрбум долларыг давсан. Бид өнөөдөр нөөц ашигласны төлбөр авч байна. Гэхдээ мөн л хасахтай байгаа, өрийн хэмжээ илүү гарсан гэсэн үг. Манай улс нэг тэрбум 600 сая долларын өрөнд орсон. Нэг тэрбум 500 долларын нөөц ашигласны төлбөр авсан. Цаашид хасахтай явах уу бидний өр нэмэгдэх санхүүгийн схемтэй байна. Тийм учраас баялгийн эзэн нь монголчууд юм бол нэн яаралтай энэ асуудлыг засч залруулах ёстой. Эцэст нь баялаг ч үгүй, өртэй үлдэх вий гэсэн болгоомжлол байна.

-Тэгэхээр УИХ-аас Засгийн газарт үүрэг өгч УИХ, Засгийн газрын өмнөх тогтоолыг хүчингүй болгох ёстой гэсэн үг үү?

-Хөрөнгө оруулагчийн гэрээ болон хувь нийлүүлэгчийн гэрээ байгуулах удирдамжийг УИХын 2008 оны 40 дүгээр тогтоолоор баталсан. 2009 оны 57 дугаар тогтоолоор гэрээ байгуулах нөхцлийг тодотгож өгсөн. Өөрөөр хэлбэл, тогтоолын хүрээнд гэрээ байгуулахыг С.Баярт даалгасан боловч зөрчиж гэрээ байгуулсан. Тийм учраас энэ гэрээг эргэн харах үүргийг УИХ-аас Засгийн газарт өгөх ёстой гэж үзэж байна. Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө Монгол улсын эрх ашигт нийцээгүй мөн хүчин төгөлдөр хууль тогтоомжийг зарим зүйл дээр зөрчсөн учраас цуцлах үүргийг өгөх ёстой. Мөн гаалиар гарч буй бүтээгдэхүүнд нь манай улс зохих ёсоор хяналт тавьж чадахгүй байгаа. Үүнд хяналт тавих үүргийг Засгийн газарт өгөх ёстой. Усны нөөц ашиглалт секундэд 870 литр байсан бол одоо 915 болгож нэмэгдүүлсэн байна. Энэ зөвшөөрлийг олгосон 2011 оны 175 дугаар тогтоолыг цуцалж байгаад улсын эрх ашиг, усны тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлж төлбөрийг тогтоох ажлыг Засгийн газарт үүрэг болгох ёстой. Үүний дараа Оюутолгойгоос гарч буй алт, зэс болон ховор нарийн элемэнтүүдийг тооцох лаборатори нэн яаралтай байгуулж баялгаа зөв тооцох үүргийг Засгийн газарт өгөөх ёстой. Оюутолгойн төсөлд гадны хөрөнгө оруулагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж боловсруулах үйлдвэрлэл болон цахилгаан станцыг бариагүй.Тиймээс гэрээгээр хүлээсэн хариуцлагаа хүлээх ёстой. Үүний дараа Оюутолгойн орлогыг Монголын банкаар дамжуулах зохицуулалтыг хийх үүргийг нь УИХ болон Засгийн газар хамтарч хэрэгжүүлэх ёстой. Эдгээр үндсэн зүйлүүдийг хийж, хэрэгжүүлэх шаардлагатай. Тэгэхийн тулд УИХын гишүүдийн бүгдийнх нь санал нийлж, тодорхой тогтоолуудыг УИХ-аар гаргуулах ёстой гэсэн байр, суурьтай байгаа.

-Далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд өөрчлөлт оруулбал маргаан нь олон улсын шүүхээр шийдэгдэнэ нь гэх мэдээлэл бий. Хэрвээ дээрх ажлуудыг хийвэл манай улс ямар эрсдэл хүлээх вэ?

-Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын төлөвлөгөө Монгол улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжуудыг зөрчсөн. Үүнийг ажлын хэсгээс нэлээн тодорхой гаргаж ирсэн. Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлтэд санхүүгийн дутуу зүйлүүд бий. Гэхдээ бас нэлээн сайн ажилласан. Бид үүнийг сайн, муу гэж маргалдах цаг нь биш. Цаг хугацаа бага байна. Дараагийн сонгуулийн үр дүн, дараагийн Засгийн газар ямар байхыг бид мэдэхгүй. Нэг жил гаруйн хугацааүлдсэн энэ үед Засгийн газрыг яаралтай ажилд нь оруулах ёстой.

Нэгдүгээрт, Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын төлөвлөгөө Монгол улсын хуулийг зөрчсөн. Хоёрдугаарт, энэ олон улсын гэрээ биш. Ажлын төлөвлөгөө байдлаар байгуулагдсан баримт бичиг. Тиймээс цуцлах эрх зүйн үндэслэл бий. Тэгэхээр Арбитрын шүүх гэх янз бүрийн зүйлээс айх зүйлгүй.

2048 оноос эхлэн Оюутолгойгоос үр ашиг хүртэнэ гээд байгаа. Гэтэл 2048 онд уурхай өөрөө ажиллаж байх уу гэдэг эргэлзээтэй асуудлыг өчигдөр ажлын хэсгийн гишүүд ярьж байна лээ. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

Манай ажлын дэд хэсгийнхэн буюу холбогдох яамдууд, агентлагууд, төрийн өмчийн компаниудын аль нь ч үүнд тоймтой хариулт өгч чадаагүй. Уул, уурхай техник технологи олборлолтын хөгжил дэвшил маш хурдтай байна. Тиймээс 2030 жилийн дотор энэ баялгийн хэдэн хувийг нь ухаж дуусгах юм, хэдэн хувь нь үлдэх юм гэдэг нь тодорхойгүй. Яг тэр оноос нь бид баталгаатай ногдол ашгаа авч чадах уу магадгүй тэр үед ийм ч хөрөнгө оруулалтын шаардлага гарлаа, тийм ч санхүүжилтын асуудал гарлаа гэж дахин өндөр зардалтай санхүүжилт гарган манай 34 хувьд үүрүүлбэл хэцүү. Тэгвэл ногдол ашиг авах хугацаа цааш сунах нөхцөл байдал үүсэх эсэх нь баталгаагүй байна.

Т.ХУЛАН

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »