Эрдэнэт үйлдвэр “Токио-2020” олимпын Ерөнхий ивээн тэтгэгч боллоо

“Токио-2020” зуны XXXII олимпын наадам, паралимпын XVI наадмын хүрээнд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ё.Баатарбилэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар өнөөдөр “Олимп, паралимпод оролцох баг тамирчдаа дэмжих” харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурснаар баг, тамирчдын бэлтгэл сургуулилтын орчин нөхцөл сайжрах, олимпын эрх олгох, оноо цуглуулах тэмцээнүүдэд өргөн хүрээнд оролцох, гадны улсад хамтарсан бэлтгэл хийх зэрэг олон боломж бүрдэж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчид Их спортыг ямагт дэмжсээр ирсэн. Токиогийн зуны олимпын Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллах болсонд, баг тамирчид, тэдэндээ итгэл хүлээлгэж буй ард түмнийхээ өмнөөс уурхайчид, удирдлагуудад талархаж буйгаа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ үеэр онцоллоо. “Токиогийн олимпод орно гэдэг Монгол түмний хувьд том үйл явдал билээ. Өмнө гаргасан амжилтаа бататгаж, ахиулна гэдэгт эргэлзэхгүй байна. Тамирчдынхаа бэлтгэлийг хангахад өргөн утгаараа төр засагтайгаа баг болж, хамтран ажиллах болсондоо Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид бид сэтгэл өндөр байна. Бидэнд итгэл хүлээлгэж буй Монгол Улсын Засгийн газарт баярлалаа. Манай хамт олон тамирчдынхаа бэлтгэлийг бүхий л талаар хангахад, олимпод оролцох эрх авахад нь чармайн зүтгэж ажиллах болно” гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэллээ.

Монгол Улсын баг, тамирчид “Токио-2020” зуны XXXII олимпын наадамд “Бээжин-2008” олимпын наадмын амжилтаа бататгах болон ахиулах зорилго тавьсан. Өнөөдрийн байдлаар буудлагын хоёр тамирчин, паратаеквондогийн мөн хоёр тамирчин олимпын эрх аваад байна. “Рио-2016” олимпод Монгол улс 37 эрхийг авч, баг тамирчдаа илгээсэн бол энэ удаа 40 эрх авахын төлөө бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм.

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »