Өмнөговь аймаг, Даланзадгад сум – Өмнөговь аймгийн ЗДТГ, “Оюу толгой” компани, Бизнесийн инноваци хөгжлийн төв хамтран жижиг, дунд бизнес эрхлэгчдийн экспог “Өмнөговьд үйлдвэрлэе” уриан дор тавдугаар сарын 23-24-ний өдрүүдэд Даланзадгад сумд амжилттай зохион байгуулж байна. Экспод оролцож буй Өмнөговь аймгийн 100 гаруй бизнес эрхлэгчдээс нэмэлтээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломжтой талаар тус аймагт үйл ажиллагаа эрхэлдэг уул уурхай, барилгын 15 гаруй томоохон компанийн төлөөлөл хүрэлцэн ирж судалж, цаашид хамтран ажиллах, түншлэл үүсэх боломжуудтай танилцлаа.
Өдөрлөгийн үеэр “Оюу толгой” компани жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжин оролцохын зэрэгцээ “Монголд үйлдвэрлэв” бодлогынхоо хүрээнд Өмнөговийн есөн жижиг, дунд бизнес эрхлэгчтэй нийт 10.5 сая ам.доллар буюу 27.8 тэрбум төгрөгийн худалдан авалтын гэрээ байгууллаа. Гэрээ байгуулсан компаниуд дунд анх удаа Манлай сумын компани багтсан. Энэхүү есөн гэрээний дүнд орон нутагт 128 ажлын байр шинээр бий болж буй нь онцлог юм. Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр уг үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ “Оролцогчдын талаас илүү хувь нь “Оюу толгой” компанийн гэрээт, туслан гүйцэтгэгч компаниуд байгаа нь тус компани орон нутагт олон ажлын байр бий болгоод зогсохгүй орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг харуулж байна. Бид энэ амжилтаа ахиулах, бусадтай туршлага хуваалцах, чанаржуулах зэрэг олон ажлыг хамтран хийхээр төлөвлөж байгаа” хэмээн онцлов. Өмнөговь аймгийн ЗДТГ-аас жижиг, дунд бизнес эрхлэгчдийн чадавхийг сайжруулах зорилго бүхий сургалтууд, ЖДҮ-ийг дэмжих тухай зөвлөгөөнийг холбогдох албаны хүмүүс, бизнес эрхлэгчдийн дунд зохион байгуулав.