Ховд аймаг, Жаргалант сум – “Оюу толгой” компани Ховд аймгийн Жаргалант сумд болсон уул уурхайн салбарын баруун бүсийн нээлттэй өдөрлөгт оролцож баруун бүсийн иргэдэд компанийн үйл ажиллагаа, эдийн засгийн үр өгөөж, нийгэмд үзүүлж буй үр нөлөө зэрэг өргөн сэдвээр иргэдэд мэдээлэл хүргэлээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газар хамтран зохион байгуулсан уг өдөрлөгт “Оюу толгой” компаниас гадна “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс-Таван толгой” зэрэг уул уурхайн томоохон компаниуд оролцсон юм.
“Оюу толгой”-н асрыг зоригсод компаниас хэрэгжүүлдэг, залууст зориулсан тэтгэлэгт болон бусад хөтөлбөрүүд, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийж буй ажлууд, худалдан авах үйл ажиллагаа, баяжмал үйлдвэрлэлийн талаар сонирхон асууж байв. Мөн энэ үеэр “Монголд үйлдвэрлэв” бодлогын хүрээнд дотоодын ханган нийлүүлэгч компаниудын үйлдвэрлэн нийлүүлж буй гутал, бээлий, оймс, хувцас, нүдний шил, баяжмалын уут зэрэг бараа бүтээгдэхүүний дээжийг үзүүлэнгээр танилцуулж, иргэдийг гүний уурхайн виртуал орчинд аялууллаа.
Нээлттэй өдөрлөгийн үеэр орон нутгийн төрийн албан хаагчдын уул уурхай, байгаль орчны салбарын бодлого, хууль тогтоомжийн талаарх мэргэжил, арга зүйн чадавхыг нэмэгдүүлэх, бодлого хэрэгжүүлэх явцад тулгарч буй асуудлууд, тэдгээрийг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцох, зөвлөлдөх зорилго бүхий хоёр өдрийн сургалт, хэлэлцүүлэг болсон юм. Сургалтын төгсгөлд уул уурхайн компани, аж ахуй нэгжүүдийн сайн туршлагаасаа хуваалцсан бөгөөд “Оюу толгой” компаниас байгаль орчныг хамгаалах чиглэлээр болон хариуцлагатай уул уурхайн жишиг дагуу авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ олон нийтэд танилцууллаа.
Нэмэлт мэдээлэл
“Оюу толгой” компани дотоодын, гадаадын, орон нутгийн зэрэг тэтгэлэгт хөтөлбөртөө 2010 оноос хойш 1000 орчим оюутныг хамруулсан. Түүнчлэн Дадлагажигч оюутан, Залуусын хөгжлийн хөтөлбөрүүддээ 1500 гаруй залуусыг хамруулаад байна. Тэтгэлэгт хөтөлбөрүүд жил бүрийн 5-9 дүгээр сард www.ot.mn цахим хуудсаар зарлагддаг.