Монгол Улсын уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт гадны хөрөнгө оруулагчдыг татах зорилготой “Discover Mongolia-2019” чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ. 17 дахь жилдээ болж буй уг удаагийн чуулга уулзалтад Дэлхийн жишиг уурхай – “Эрдэнэс-Тавантолгой” ХК оролцож байна.
Чуулга уулзалтын үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Стратеги, Хөгжлийн газар хариуцсан Дэд захирал Т.Цогтбаяр компанийн үйл ажиллагааны тухай болон бүтээн байгуулалтын төслүүдийн талаар танилцуулж илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ “Эрдэнэс-Тавантолгой” ХК -ийн төлөвлөсөн ажлууд одоогийн байдлаар өндөр үзүүлэлттэй явж байгаа талаар дурьдав. Тухайлбал, 9 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар олборлолт 13,1 сая тоннд хүрснээр төлөвлөгөөг 102 хувь, борлуулалтын орлого 9.24-ний байдлаар 2.1 их наяд хүрсэн нь төлөвлөгөөг 135 хувь, татвар хураамж 8 дугаар сарын 31-ний байдлаар 467 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь 159 хувь, цэвэр ашиг хагас жилийн байдлаар 677 тэрбум төгрөгт хүрсэн нь 202 хувиар биелсэн үзүүлэлтүүд юм. “Discover Mongolia-2019” чуулга уулзалтад БНХАУ, ОХУ, Канад, Австрали зэрэг 10 гаруй улсын 500 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК –ийн бүтээн байгуулалтын төслүүдийг ихээхэн сонирхож байлаа.
Засгийн газрын 135 тоот тогтоолын дагуу Тавантолгой-Зүүн баян чиглэлийн төмөр замыг барих ажлыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК санхүүжүүлж байгаа юм. Энэ дагуу “МТЗ” ХК-ийн үнэт цаасыг худалдан авах замаар нийт 750 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр төлөвлөж байна. Цаашид Тавантолгой-Гашуунсухайт болон Тавантолгой-Хангимандал чиглэлд шинээр авто зам барина. Дээрх ажлыг концессын гэрээгээр хийх бөгөөд хөрөнгө оруулалт шийдэгдсэн, зураг төслийн ажил дуусах шатандаа явж байна. Мөн жилд 10 сая хүртэл тонн нүүрс угаах хүчин чадал бүхий үйлдвэр, конвейр, усан хангамжийн систем байгуулах бөгөөд ТЭЗҮ боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил хийгдэж байгаа юм.