“Оюу толгой” компани Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Манлай сумын Засаг Даргын Тамгын Газартай хамтран тус сумдад энэ сарын 10-12-ны өдрүүдэд “Бид нэг гэр бүл” нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. “Оюу толгой” компани орон нутгийн удирдлага, ард иргэдтэй бүх түвшинд тогтмол харилцаж, компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны талаар сүүлийн үеийн мэдээллийг “Нээлттэй өдөрлөг”-ийн үеэр танилцуулдаг онцлогтой.
2015 онд эдгээр сумтай байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-ий хүрээнд “Оюу толгой” компани өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”-гаар дамжуулан Өмнөговь аймгийн хэмжээнд нийт 45.8 тэрбум төгрөгөөр 163 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэн, амжилттай хэрэгжүүлээд байна. Эдгээр төсөл хөтөлбөрийн үр дүнд Өмнөговь аймагт 391 ажлын байр шинээр бий болж, төсөл хөтөлбөрийн үр шимийг давхардсан тоогоор 390 мянга гаруй орон нутгийн иргэд хүртсэн байна.
Нээлттэй өдөрлөгт Ханбогд, Баян-Овоо, Манлай сумдын удирдлага, төр хувийн хэвшлийн төлөөлөл, ард иргэд хүрэлцэн ирж орон нутгийн газар тариалан эрхлэгчид болон гар урчуудын бүтээлийн “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа, Ханбогд сумын бизнес эрхлэгчдийн зөвлөгөөнд идэвхтэй оролцлоо. Энэ үеэр ард иргэдэд “Оюу толгой” компанийн нөхөн сэргээлтэд ашиглах зорилгоор Ханбогд сумын Мод үржүүлгийн газар ургуулсан үрсэлгээг үнэ төлбөргүй тарааж, тус компанийн Байгаль орчны хэлтсийн мэргэжилтнүүд иргэдэд хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл өгсөн юм. Мөн түүнчлэн “Оюу толгой” компанийн Худалдан авалтын газраас мэдээлэл өгөх нээлттэй уулзалтууд хийсэн бөгөөд компанийн худалдан авалтын бодлого журам, “Оюу” ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангийн танилцуулга болон ирэх улиралд зарлагдах худалдан авалтын мэдээлэл танилцууллаа.
Ханбогд сумд болсон нээлттэй өдөрлөгийн үеэр “Ханбогд Тээвэр Ложистик” ХХК, “Вандан толгой” ХХК, “Уудам Говийн Гэрэл” ХХК, “Ханбогд Соурс” ХХК зэрэг компанитай экспортын тээвэрлэлт болон бусад хангамжийн материалыг худалдан авах чиглэлээр хамтран ажиллах түншлэлийн гэрээ байгууллаа. Мөн “Оюу толгой” компанийн санхүүжилтээр барьж, иж бүрэн тохижуулсан Ханбогд сумын 2 дугаар сургуультай “Оюу толгой” компани Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар мэдлэг олгох хөтөлбөр хэрэгжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Өдөрлөгт оролцсон ард иргэдийн санал сэтгэгдлийг хүргэж байна:
Манлай сумын иргэн Ө.Баярмаа: Гурван жилийн өмнөөс “Оюу толгой” компани Манлай сумд ногоо тарих хүлэмж талбайг усалгааны системтэй нь хамт шийдэж өгсөн. Одоогоор долоон хүний бүрэлдэхүүнтэй ногоочид 7 хоногт 150 гаруй килограмм өргөст хэмх, улаан лооль, бусад нарийн ногоо, тарвас зэргийг “Оюу толгой” компанид нийлүүлж байна. Өнөөдөр “Оюу толгой” компани бид бүхний хөдөлмөрийг дэмжиж, хөргүүртэй ачааны машин бэлэглэж байна.
Бид бүхэнд ногоогоо тариалаад хүргэлтийн хугацаанд чанартай хадгалах машин техник дутагдалтай байсан. Энэ асуудлыг шийдэж өгсөн “Оюу толгой” компанийн хамт олонд баярлалаа.
Хүн ам цөөтэй манай сумд ногооны борлуулалт бага байдаг. “Оюу толгой” компанид нийлүүлдэг болсноор бидний эдийн засаг ар гэрт давуу талтай болсон. Бусад иргэдээ ч гэсэн бидэнтэй нэгдэж ногоо тариарай гэж уриалмаар байна.
Баян-Овоо сумын ахмад настан Ж.Сүхбаатар: “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” –ийн төсөл бол Өмнөговь аймгийн бүх сумд хүрч байгаа, түүний дотроос уурхай орчмын бүсийн сумдад арай илүү хүртээмжтэй байдаг. “Оюу толгой” компани Өмнөговь аймагт мал эрүүлжүүлэх, газар тариалан хөгжүүлэх, соёлын өвийг хамгаалах талаар олон ажил хийж байна.
Нэмэлт мэдээлэл:
- 2010-2019 оны хоёрдугаар улирлын байдлаар Өмнөговь аймгийн хэмжээнд хийсэн худалдан авалтад 488 сая ам.доллар зарцуулсан.
- Хамтын ажиллагааны гэрээний тухай: 2015 онд байгуулсан “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд тусгасны дагуу “Оюу толгой” ХХК нь Өмнөговь аймаг, болон тус аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумтай “Хамтын ажиллагааны гэрээ”-г 2015 оны дөрөвдүгээр сард байгуулж, жил бүр таван сая ам.долларыг Өмнөговийн бүс нутгийн хөгжилд зориулан олгохоор тогтсон.
- “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” –ийн тухай: Уг гэрээг хэрэгжүүлэх гол байгууллага болох “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” төрийн бус байгууллага (ТББ)-ыг мөн оныхоо 9 сард байгуулж байв.
- Орон нутагт хийсэн бүтээн байгуулалтын онцлох хэсгийг дурдвал:
- 640 хүүхдийн сургууль – 1ш /Ханбогд сум/,
- Спорт зал – 3ш /Даланзадгад сумын 2-р сургуульд, Манлай сум, Баян-Овоо сум/
- Усан хангамжийн цэвэршүүлэх байгууламж -2ш /Гашуун сухайт боомт, Ханбогд сум/,
- 77 малчны 33 худаг шинээр, 44 худаг сэргээн засварлах,
- Уурын зуух -3ш /Ханбогд, Манлай, Баян-Овоо/,
- Эмнэлэг -2ш /Баян-Овоо, Мандал-Овоо/,
- Цэцэрлэг -5 /Даланзадгад-3, Манлай-1, Ханбогд-1/,
- Сум дундын малын эрүүл мэндийн төвийн барилга -1 /Ханбогд/ -г тус тус барьж ашиглалтад орууллаа.
Одоогоор Өмнөговь аймгийн Музей, Махны үйлдвэр, Ханбогд сумын үерийн хамгаалалтын далан, сувгийн байгууламж баригдаж байна.