МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааг Засгийн газар шууд хяналтад авч онцгой дэглэм тогтоосон. Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн статусыг өөрчлөн 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болгосон билээ.

   Улсын Их Хурлын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунгасан бөгөөд үүнтэй холбогдуулан үйлдвэрийн удирдлагын зүгээс шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг ханган эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг түүхэн өндөр хэмжээнд хүргээд байгааг энд онцлон тэмдэглэж байна.

   Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн жигд явагдаж, 2019 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөө оны эхнээс 100-аас дээш хувиар биелэгдэж, хүлээгдэж буй гүйцэтгэлээр төлөвлөгөөт үзүүлэлтүүд 100.0-107.4 хувиар биелэхээр байна. Энэ онд 37 сая тн хүдэр олборлож, 32 сая тн хүдэр боловсруулна.Түүнчлэн улс, орон нутгийн төсөвт оны эцэс гэхэд 930 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэхээр байгаа зэрэг нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болж төсвийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байна. Энэхүү үзүүлэлтийг 2016 оны дүнтэй харьцуулахад 5 дахин өсчээ.

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг энэ оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар батлуулсан нь  үйлдвэрийн газрын төсөв төлөвлөгөө сүүлийн  жилүүдэд хуулийн хугацаанд батлуулсан тохиолдол болсон нь байгууллагын хувьд засаглалын хямрал арилсны илэрхийлэл болж байна.

   Уул уурхайн салбарт олборлох, боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж, технологийн тасралтгүй ажиллагаатай горимоор ажиллаж, жилдээ 2 их наяд орчим төгрөгийн бүтээгдэхүүний борлуулалт хийдэг, дэлхийн хэмжээний үйлдвэрийн хувьд орчин үеийн дэвшилтэт найдвартай техник, тоног төхөөрөмж болон сэлбэг, материалын худалдан авалтыг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж байна.

  Сүүлийн үед нийгмийн цахим сүлжээ, мэдээллийн зарим нэгэн цахим хуудсаар  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, түүний удирдлагуудтай холбосон гүтгэлгийн шинжтэй, баримт нотолгоогүй, ор үндэслэлгүй мэдээлэл нийтлэгдэж, Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олны амжилтыг харлуулж, урам зоригийг мохоох, олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэх оролдлого хийж байгаад харамсаж байна.

  Монгол Улсын Засгийн Газраас Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон энэ цаг үед олон нийтийн цахим сүлжээг ашиглан баялаг бүтээгч Уурхайчин хамт олны нэр хүндэд санаатайгаар халдсан, худал мэдээлэл түгээж байгаа нь улс орны нийгэм, эдийн засгийн гол түших баганы нэг Эрдэнэт үйлдвэрийн тогтвортой үйл ажиллагааг доголдуулах, удирдлагын түвшинд зорьж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, үр дүнг харлуулах зорилгоор зохион байгуулалттай хийж байгаа үйлдэл гэж үзэж байна.

  Мэдээллийн үнэн зөв, бодитой байдлыг хангаагүй, эх сурвалж нь тодорхойгүй мэдээллийг гүтгэлэг, таамаг хэлбэрээр олон нийтэд түгээж буй нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 14.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 6.21-р зүйлийн 1 дэх хэсэг, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг тус тус зөрсөн гэж үзэж байна. Тиймээс ор үндэслэлгүй гүтгэлэг, худал мэдээлэл нийтэлж, түгээхгүй байхыг анхааруулъя.

  Баримт нотолгоогүй, худал мэдээ, мэдээллийг захиалгаар түгээн, нийтэлж буй зарим цахим хуудас, энэхүү бусармаг үйл ажиллагаагаа зогсоож, залруулга хийгээгүй тохиолдолд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зүгээс  хууль, хяналтын байгууллагад хандах болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

  Эрдэнэт үйлдвэрийн талаарх үнэн бодит мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч түгээхийг нийт ЁС ЗҮЙТЭЙ Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд уриалж байна.   

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН МАРКЕТИНГИЙН ХЭЛТЭС, ХУУЛИЙН ХЭЛТЭС

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »