“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2019 оны “Тайлангийн хурал” шинэ оны босгон дээр Улаанбаатар хотноо болж, компанийн хамт олон өнгөрч буй 9 жилд хийж бүтээснээ үнэлж цэгнэн, ирэх жилүүдэд хийх зорилтот ажлуудынхаа талаар ярилцаж, ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлан ажилласан хамт олны төлөөллүүдийг шагнаж урамшууллаа. Тайлангийн хурлыг компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Баярсайхан, Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар нээж үг хэлсний дараа газар нэгжүүдийн удирдлагууд танилцуулга хийв.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нийт ажилтан, уурхайчдадаа баярын мэнд хүргэж, “иргэн болгоны итгэлийг гар, зүрхэндээ тээсэн уурхайчид” болсонд нь онцлон талархаж, өнгөрсөн 9 жилийн хугацаанд хийж бүтээсэн амжилт ололт, алдаа дутагдлаа үнэлж дүгнэсэн товч мэдээллийг өгсний дээр 2019 оны 9 онцлох ажлыг танилцууллаа.
Тэрбээр, “өнгөрсөн 9 жилийн хугацаанд компани чамгүй олон саад бэрхшээлтэй тулгарч байсан. 2016 онд анх удаа ашигтай ажилласан ч өр бүрэн дарагдаагүй байлаа. Гэхдээ бид 2016 онд өндийж чадна гэдгээ харуулсан. Компани 2017, 2018 онуудад 3.1 их наяд төгрөг, үүнээс 2018 онд 1.99 их наяд төгрөгийн орлоготойгоор 2010 оноос хойш үүссэн гадаад, дотоод өр төлбөрийг бүрэн төлж, дуусгасан. Зөвхөн 2018 онд улсын төсөвт 510 тэрбум төгрөг төвлөрүүлж, компанийн цэвэр ашгийг 335 тэрбум төгрөг байхаар төлөвлөснийг 720 тэрбум төгрөгт хүргэж, төлөвлөгөөг 2.1 дахин давуулан биелүүлснийг та бүхэн мэдэж байгаа. Бид дараах 9 ажлыг компанийн 2019 оны онцлох ажлаар тодотгож байна.Үүнд: 1. Бид олон жил ярьсан төслүүдээ хөдөлгөж чадлаа. Манай компани Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажилд эхний ээлжинд 110 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Тавантолгой-Зүүнбаян чиглэлд төмөр замтай болсноор 4 чиглэлд шинээр гарц нээгдэж, зам дагасан хөгжил, их бүтээн байгуулалтууд өрнөж, ажлын байр оноор нэмэгдэж, улсын эдийн засагт т дэмжлэг болсон том ажлын эхлэл тавигдлаа. 2. Эрдэнэс-Тавантолгой” ХК нь 2019 онд Цанхийн Зүүн болон Баруун уурхайд олборлолтын үйл ажиллагааг явуулж, 18 сая тонн нүүрс олборлон, 14.95 сая тонн нүүрс борлуулж, 2.1 их наяд тэрбум төгрөгийн орлого олж, улсын төсөвт 522.3 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлэн 728.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөж, төсвийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан. Бид 2019 онд нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллан, үүргээ биелүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Өнөөдрийн байдлаар компани 14.3 сая тонн нүүрс экспортлон, улсад 660 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлэн, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна. 2019 онд 16.1 сая тонн нүүрс олборлоод байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5 сая тонноор давуулсан үзүүлэлт юм. 3. ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоог нэвтрүүлж, Монголдоо анхдагч боллоо. 4. 2019 онд “Эрдэнэс-Тавантолгой Майнинг”, Тавантолгой түлш, Тавантолгой төмөр зам гэсэн охин компаниудыг байгуулснаар “Эрдэнэсчүүд” бид бүл нэмж, 7000-уулаа болов. 5. Компани ажилтнуудынхаа нийгмийн асуудалд үргэлж дэмжлэг үзүүлэн ажилласаар ирсэн бөгөөд 2018-2019 онуудад нийт ажилтны цалинг 45 хувиар нэмэгдүүллээ. 6. 2019 оны 10 дугаар сард 60 сая дахь тонн нүүрс олборлож, 75 сая метр куб уулын цулын ажил хийж гүйцэтгэлээ.
7. “Хуримтлалтай Хувьцаатай иргэн” аяныг 21 аймаг, 330 суманд амжилттай зохион байгуулж, 1000 удаагийн сургалтаар 50 мянган хүнд мэдээлэл зөвлөгөө өгөв. 8. Нийгмийн хариуцлагын хүрээнд энэ онд нийт 800 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Үүний дотор Улаанбаатар хотын утааг бууруулахад дэмжлэг үзүүлэн ажилласан олны талархлыг хүлээж байна. 9. Мөн Нийгмийн хариуцлагын хүрээнд тээврийн компаниуд болон жолооч нарын нарыг дэмжин ажиллаж буй бөгөөд “Саятан жолооч” уралдаанд шалгаруулалтыг амжилттай зохион байгууллаа” гээд нийт ажилтандаа хандан “Нэг нь нийтийн төлөө, нийт нь компанийн төлөө” гэсэн уриаг дэвшүүлэн, ирэх жилүүдэд ихийг хийж бүтээхийг хүслээ.